Н.Баянмөнх: Ханьдаа шүлэг тэрлэхгүй бол найрагч байгаад яах юм

Н.Баянмөнх: Ханьдаа шүлэг тэрлэхгүй бол найрагч байгаад яах юм

“Өөр мэдээ” сонины дугаарын зочноор яруу найрагч Н.Баянмөнхийг урилаа. Түүнтэй уран бүтээл, үзэл бодол, хувийн амьдралынх нь тухай ярилцсанаа хүргэе.

- Намрыг уран бүтээлийн улирал гэдэг шүү дээ. Энэ намар та шинэ бүтээл төрүүлэв үү?

-Намар болохоор онгод хөглөгддөг гэж ойлгож болохгүй. Уран бүтээлчдийн хувьд өөр, өөр байдаг байх. Би зуны дэлгэр цагт агаарт гарч, байгалийн сайханд аялахдаа шүлэг бичих санаагаа олдог. Байгалиас сэрж, мэдэрч, мэдэрсэн зүйлээ бүтээл, яруу найраг болгох сайхан.

- Тэгвэл энэ зун байгалиас юу мэдэрсэн бэ?
-Энэ жил миний уран бүтээлд, хувийн амьдралд бэлгэ дэмбэрэлтэй олон хувь тохиол тохиолоо. Саяхан “Говь шанхийн нутаг” шинэ номоо гаргалаа. Номын маань тайлбар орос, англи, хятадаар бичигдсэн. Калиграф, монгол бичиг, крилл бичгээр дууныхаа үгийг бичлээ. Цомог дагалдаж байгаа. Гэхдээ зөвхөн миний бүтээл биш шүү.

Дууны урлагт хайртай, ард түмэндээ зориулсан юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын аялгуу “Ээвэн гуа” гээд сайхан дуу хийсэн. Манай нутгийн дүү н.Цолмонбаяр дуулсан. Дуучид маань уран бүтээлдээ ихэвчлэн бүсгүй  хүний гоо сайхан, хатан ухаан, нутгийн нуураа магтаж, алдаршуулсан байдаг. Тэгвэл “Ээвэн гуа” бүтээлд “Ээвэн” нуурын нутагт зусдаг үзэсгэлэнт бүсгүйн тухай өгүүлдэг юм. Энэ мэтчилэн уран бүтээлийн олз омог арвин жил байлаа.

-Эр хүний чимэг эрмэг хурдан хүлэг гэдэг. Таныг би морины хорхойтой болов уу гэж бодлоо. Учир нь монгол хүлгээ магтан дуулсан сайхан дуу хийснийг чинь сонссон?

-Моринд дургүй монгол эр хүн байдаггүй байх. Миний хувьд хөдөө мал дээр өссөн, хөдөөний амьдралын сайхныг мэддэг маань морины тухай уран бүтээл хийхэд дөхөм болсон. Манай Дундговьт “Тэргүүн хонгор” гэж алдартай ажнай бий. Олон даншигт түрүүлж, төрийн наадамд тоосоо өргөж явсан аргамаг хүлэг. Энэ хүлгийг магтан дуулсан дуу хийсэн. Удахгүй дүрсжүүлж цацна.

-Та өөрөө дуу хуурын өлгий Дундговийн хүн юм чинь найранд гурван дуутай биз дээ?
-“Бичиг мэддэг хүний хажууд ичмээр дамшиг даа” гэдэг шиг мэргэжлийн дуучдын хажууд миний дуулах гэж юу байхав /инээв/. Гэхдээ найрын дугараа хүрээд ирвэл дуугүй суухгүй шүү. Ганц, нэг ээлжийг өнгөрөөгөөд явуулчих байх. Ер нь айрагтай газрын залуус багаасаа дуулж, хуурддаг нэг ёсны зөв соёлыг эзэмшсэн байдаг. Айраг ууж согтохдоо биш, эмийн үүднээс нь зөв хэрэглэж сурдаг. Айраг исгэх, сөн түших, унага тамгалах зэрэг Монголын бүхэл бүтэн түүхийг агуулж байдаг юм.

- Яруу найргийн ертөнцийг анх яаж мэдэрсэн бэ. Анхны бүтээлээ санадаг уу?
-Би мэдээ орсон цагаасаа шүлэг, яруу найргийн ертөнцийг мэдэрсэн гэж боддог. Хамгийн анх уран зохиол, номтой нөхөрлүүлсэн хүн бол ээж минь. Насаараа хэл, уран зохиолын багш хийсэн. Манайх дэлхийн болон дотоодын алдартай зохиолоос бүрдсэн номын сантай байлаа. Багадаа тэр номуудыг урдаг байлаа. Ухаан суугаад уншдаг боллоо, том болоод ухаардаг болсон. Миний бага нас ээжийн минь номын санд өнгөрсөн дөө. Мөн өвөө минь нутагтаа алдартай морь цоллооч байсан. Өвөөгөө дагаж, морь цоллохыг нь сонсох дуртай байсан.

Энэ бүхэн миний бичих үндэс, суурь болж байсан юм билээ. Сургуулийнхаа “Мөнгөн үзэг” наадамд хамгийн олон удаа түрүүлж, шилдэг сурагч болж байсан удаатай. Анх: “Тулга ахын авчирсан Тун гоё хар гутлыг Талх авахаар дэлгүүр орохдоо Тосолж өмсөөд гүйчихлээ Дэлгүүр орохдоо муухай болгохгүй гэж Газар харан өнгийж явтал Гайтай чулууг өшиглөөд хачин муухай болгочихлоо” гэж бичсэн байдаг. Би байнга юм өшиглөж  гүйгээд гутлынхаа хоншоорыг халцалчихдаг хүүхэд байсан. Тэгээд ээжид байнга загнуулна. Тэр тухайгаа л бичсэн юм шиг байна лээ.

-Багадаа уншсан, сэтгэлээс гардаггүй ном байдаг уу?
-Би ширээний ном гэдгийг насан туршдаа дахин, дахин уншдаг ном гэж ойлгодоггүй. Тухайн цаг үед миний сонирхлыг татсан номыг л хэлнэ. Би гурван номыг зэрэг уншдаг дадалтай. Ажлынхаа ширээн дээр, орныхоо толгойд, цүнхэндээ заавал номтой явдаг. Тэгэхээр сард гурваас дөрвөн ном уншдаг гэсэн үг. Энэ хугацаанд арай олон уншсан ном нь Д.Урианхай гуайн “Насны хишиг” гээд ном бий. Яруу найргийн философи, гүн ухааныг тэндээс олж харсан. Бага байхдаа Д.Урианхай найрагчийг хадаг барьж ёслоогүй ч багш минь гэж хүндэлдэг байлаа. Одоо шүлэг, яруу найргийн тухай ярилцдаг хамгийн сайн зөвлөгч минь.

-Та ихэвчлэн зохиолын дууны шүлэг бичдэг. Хааяа өөрийгөө эвдэж, өөр төрөлд хүч үзье гэсэн бодол байдаг уу?
-Миний бичлэгийн хэлбэр зохиолын дуунд илүү тохирдог юм шиг байна лээ. Гэхдээ шүлгээр минь бүтсэн поп дуунууд бий. Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Монгол хатад” дуу бий. Харин зохиолын дуунууд маань сонсогчдод илүү хүрдэг байх. Уран бүтээлчийнхээ хувьд олон төрлөөр бичихсэн гэсэн хүсэл, зорилго байлгүй яахав.

-Зохиолын дууг хөдөөний урлаг гэх нь бий. Та ямар бодолтой байна?
-Урлаг урлагаа доош нь татна гэдгийг би ойлгодоггүй. Урлаг нэг хүнд биш, нийтэд зориулагдсан байдаг. Хүлээж авах цар хүрээ, боломж бололцоо нь байвал зохиолын дуу хөгжих нь тодорхой. Урлагийн шүүгч нь цаг хугацаа шүү дээ. Түүнээс хэн нэгэн шүүгч шүүж, үнэлэмж өгдөг зүйл биш.

-Таныг хамгийн үнэтэй яруу найрагч гээд тодотгочихсон байна лээ. Нууц биш бол нэг шүлгээ хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
-Боломжтой бол үнэлэхийг хүсэлгүй яахав. Гэхдээ тэрийг заавал мөнгөөр үнэлэхдээ гол биш. “Сайхан дуу болжээ” гээд урам өгөх нь дараагийн уран бүтээл хийх зорилго, урмыг өгдөг нь сайхан. Бидний амьдарч байгаа энэ нийгэм харьцангуй уран бүтээлийг, уран бүтээлчийг дэмждэг, үнэлдэг болсон үе. Би өөрийгөө хэтэрхий үнэтэй биш, тийм ч доогуур биш, алтан дунджийг баримталдаг гэж боддог.

-Манайхан ханьдаа, ээждээ, дотны хүмүүстээ дуу захиалж хийлгэх нь элбэг болсон. Таньд тийм санал хэр ирдэг вэ?
-Дууны санал ирдэг. Цаг хугацаа, боломж бололцооноосоо хамаараад тохирсон хариуг нь өгдөг. Анх “Зүүдэнд ирсэн Урангоо” дууг зохиочихоод би чинь “Урангоо” нэртэй болсон шүү дээ.

-Яагаад?
-Энэ дууг бүтэх үед дуучин С.Жавхлан оюутан байсан юм. Хайрын дууны уралдаанд сойж байсан удаатай. Нэг мэдэхэд хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн, сонсох дуртай дуу болчихсон. Энэ үеэс Н.Баянмөнх Урангоо гэдэг бүсгүйд хайртай байсан, сууж чадаагүй алдсан. “Гурван-Эрдэнэ” сургуульд нь Урангоо гэдэг бүсгүй байсан. Н.Баянмөнх эргүүлдэг байсан гээд цуурч өгсөн дөө.

-Урангоо, Тамирын голын бүсгүй, Ээвэн гуа гээд таны шүлэг үргэлж бүсгүй хүнийг магтан дуулсан байх юм. Магадгүй бүсгүй хүний эелдэг зөөлөн зан төрх, үзэсгэлэн гоогоос бүтээлийн санаа, шүлэг төрөх онгод бий болдог юм уу?
-Сайхан бүсгүйг хараад эргэж харалгүй өнгөрдөг хүнийг “тэнэг” гэдэг байх аа. Бүсгүй хүн өөрөө тайлагдашгүй, нууцлаг ертөнц шүү дээ. Үзэсгэлэнтэй бүсгүйг хараад би зоригтой эргэж харж чадна. Өөрт нь “Та үнэхээр сайхан бүсгүй юм” гэж хэлээд баярлуулж яагаад болохгүй гэж. Бүсгүй хүн өөрөө тэр чигээрээ сэдэв шүү дээ.

-Олон бүсгүйг магтан дуулсан найрагчид маань ханьдаа зориулсан шүлэг хэр олон байдаг вэ?
-Ханьдаа, ээждээ, гэр бүлийнхэндээ зориулж шүлэг тэрлэхгүй бол найрагч байгаад яах юм бэ. Ханьдаа зориулж “Зөөлөн мишээх харцанд чинь гунигийн будан зохихгүй Инээвхийлэн суугаарай Галбир бүтээм бурханлаг ертөнцийн дундуур Ганцхан чиний зүг би бодол задгай алхана” гэж бичиж байлаа.

-Сайн дуучин, сайхан бүсгүйгээр цайгаа чануулсан таныг “азтай” гэлцдэг юм билээ. Ханийхаа тухай яриач?

-Хүний амьдрал санаснаар болдоггүй шүү дээ. Миний өвөг дээдэс сайн явжээ. Тийм учраас би өдий зэрэгтэй явна. Сайн ханьтай учирсан. Одоо би сайн явбал миний үр хүүхэд сайн явна гэж боддог. Ханийнхаа олон зан чанараар бахархдаг. Зөөлөн сэтгэлтэй, уяхан хүн шүү дээ.

-Анх яаж танилцаж байв. Тэр үед юу мэдрэгдэж байсан бэ?
-Бид хоёрыг Янжаа эгч танилцуулсан шүү дээ /инээв/. Урлагийн бурхан Янжинлхам учруулсан гэж боддог. Анх сэтгэлд ойрхон, дотно санагдаж байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам бие бие рүүгээ тэмүүлдэг болсон.

-Шүлэг уншиж өгдөг байсан биз дээ?
-Надаас хүмүүс  ингэж асууж байгаагүй юм байна. Одоо бодоход би тэгтлээ шүлгээр уяраагаад байсан зүйл байхгүй. Сэтгэл зүрхээрээ л холбогдсон.

-Та хэр сайн аав, халамжит хань вэ?
-Охин маань хааяа аав ирж хоноогүй юм уу гэж асуудаг гэсэн. Учир нь би орой унтаж байхад нь ороод, өглөө унтаж байхад нь гардаг. Гэхдээ амрахаараа гэр бүлийнхнийгээ хайраар, ханийгаа халамжаар дутаахгүйг хичээдэг.

-Та өөрийнхөө босгосон амьдралын хэр сайн залуурдагч нь вэ?

-Миний амьдралыг хөлөг онгоцоор төсөөлвөл би хамгийн сайн хүлгийн ахмад нь. Учир нь би хаана, хэзээ газардахаа сайн мэддэг.

Ч.Гантулга


URL:

Сэтгэгдэл бичих