“Доншен” компанийнхан биднийг арбитрийн шүүхэд өгөхөөр сүрдүүлжээ
Улсын төсвийн орлого их наядаар тасарч Засгийн газар мөнгөний эрэлд гараад байна.
Бид бүсээ чангалж буй энэ үед манайд газрын тос олборлож байгаа Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд татвар төлөхөөс зайлсхийж биднийг Олон улсын арбитрийн шүүхэд өгнө гэж сүрдүүлж эхэллээ.
Дорноговь аймгийн Зүүнбаянд газрын тос олборлож буй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” компани 2003 оноос хойш ажиллахдаа манайд нэг ч төгрөгийн татвар төлөөгүй гэнэ.
Газрын тосны газрынхантай хамт өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчид “Доншен”-ий талбайд очиход тэд манайхныг “Илүү, дутуу татвар нэхдэг. Бид ашиггүй ажиллаж байна” хэмээгээд хөрөнгө оруулалтаа зогсооно гэж айлгаж байв. Гэвч роялти төлснөө татвар төлсөн хэмээн мэлзэж Монгол төрийг хуурдаг болохыг татварынхан батлаж байна. Роялти бол байгалийн нөөц ашигласан бүх компани төлөх ёстой татвар. Харин тэд газрын тос олборлож олсон орлогоосоо нэг ч төгрөгийн татвар төлөөгүй ажээ. Энэ компани үйл ажиллаггаа явуулж эхэлснээс хойш нийт 2.9 сая баррель түүхий тос өмнөд хөршид экспортолжээ. Нэг баррель газрын тосоо 110 ам.доллараар экспортолдог байна. Гэтэл үүнээсээ нэг ч төгрөг Монголын төрд төлөөгүй гээд бод доо.
“ДОНШЕН” КОМПАНИД 6.1 ТЭРБУМЫН АКТ ТОГТООЖЭЭ
Анх 1997 онд АНУ-ын “Нескор Энержи” компани Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тос олборлохоор Монголын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхсайхан байсан бөгөөд тэрээр энэ гэрээг баталжээ. Гэвч хэсэг хугацааны дараа энэ компани өөрийн эрх, үүргээ Австралийн “Рок Ойл” компанид шилжүүлсэн ч тэд 2001 онд БНХАУ-ын “Доншен газрын тос Монгол” компанид дахин шилжүүлжээ. Энэ компани улсын төсвийн орлого, хяналтын газартай харилцдаг 2766337 тоот регистрийн дугаартай, 9019003132 улсын бүртгэлийн гэрчилгээтэй, БНХАУ-д бүртгэлтэй “Доншен жингүн Петролеум Дивилопмент” группын хөрөнгө оруулалттай юм байна. Анх байгуулагдахдаа 834 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаа эхлүүлжээ. “Доншен газрын тос Монгол” болон түүнээс өмнө хайгуулын талбайд ажиллаж байсан компаниуд нийтдээ 1998-2011 361 мянган тонн газрын тос олборлосноос бүгдийг нь эх нутаг руугаа хил давуулсан гэнэ. Гэвч хуулиас давсан гэрээг үндэслэн нэг ч төгрөгийн татвар төлөхгүй яваа учраас өнгөрсөн дөрөвдүгээр сард Татварын Ерөнхий газрын хяналтын баг шалгалт хийсэн байна. Тэд зөвхөн 2009-2011 оны үйл ажиллагаанд шалгалт хийж. Энэ үед роялтиг ч төлөөгүй учраас шалгаж үзсэн юм байх. Шалгалтаар “Олсон орлогоо үнэн зөвөөр тодорхойлж татвар төлөөгүй. Бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөвөөр тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөөгүй” зэрэг Татварын тухай хуулийн гурван ч заалтыг ноцтой зөрчсөн нь илэрчээ. Нарийн тодруулбал, хоёр жилийн хугацаанд 108 сая төгрөгийн татвар төлөх ёстой байтал ашиг олоогүй, зардал гарсан хэмээн тайландаа тусгаж байсан гэнэ. Хүн амын орлогын албан татвар, нэмэгдсэн өртөгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэргийг огт төлөөгүй гэнэ. Ашиг орлого ихтэй атлаа алдагдал болгон тооцож байсан зөрчилд нь татварын байцаагчид 6.1 тэрбум төгрөгийн акт тогтоож. Гэтэл “Та бүхэн Бүтээгдэхүүн хуваах гэрээг зөрчиж акт тогтоолоо. Энэ актаа хүчингүй болгохгүй бол олон улсын арбитрийн шүүхэд хандлаа” гэсэн албан шаардлага Татварын ерөнхий газар болон Сангийн яаманд хүргүүлсэн байна. Уг нь “Доншен” компани 2008 оноос өнөөг хүртэл авах ёстой байсан татвар нь 200 орчим тэрбум төгрөг гэнэ.
ХУУЛИАС ДАВСАН ГЭРЭЭГ ХЭЗЭЭ ӨӨРЧЛӨХ БОЛ?
Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь Газрын тосны газар, гэрээлэгч компани хоёр харилцан тохиролцсоны үндсэнд байгуулдаг баримт бичиг юм байна. Үүнийг Засгийн газар баталгаажуулсан тохиолдолд хүчин төгөлдөр болдог. Өнөөдрийн байдлаар манай улсад газрын тосны хайгуул олборлолтын 18 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээтэй 16 компани үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн бариад буй. Удахгүй хэлэлцэн батлах энэ хуульд татвараас бултдаг компаниудын арга залийг таслах нарийн заалт оруулж өгөхгүй бол энэ мэт будлиан гарсаар байх бололтой. “Хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй байна, танайхан хууль бус татвар нэхэж байна” хэмээн гомдоллоод байсан Хятадын “Доншен газрын тос” компанийнхан өөрсдөө бөөн “но”-той байж шүү дээ.
Үргэлжлэл бий.
Д.БОЛОР /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: