Тарьсан модыг хүртэл намаар ялгаварлаж устгах ажил явагдах нь үү!

Хүн төрөлхтний оюуны том өв, мэдлэг ухааны их сан Ганжуур  Данжуур хэмээх их хөлгөн судрын цомгийг эх хэлээрээ орчуулан судлаж ирсэн цөөн улс үндэстний нэг нь Монголчууд бид билээ.
Гэвч түүхэн цаг хугацааны өөрчлөлтөд тэрхүү их өв соёл, мэдлэг ухаанаасаа холдон алсарсан өнөө үеийнхэндээ түүнийг бүрнээр нь сэргээн өвлүүлэхээр кирилл бичигт буулгах их ажлыг санаачлан Төр засгаас ямар ч мөнгөн тусламж авалгүйгээр гүйцэтгэж байгаа нэг газар бол “Цогт цагийн хүрдэн” соёлын төв гэх ашгийн бус байгууллага юм.
2010 оноос үйл ажиллагаагаа эхлэсэн “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн хамт олон өнөөдөр Ганжуурын 21 боть, Данжуурын 112 ботийг хөрвүүлж дуусган, Данжуурын 56 боть нь аль хэдийн хэвлэгдэж, Ганжуурын 8 ботийг, Данжуурын 50 ботийг хэвлэлтэнд шилжүүлжээ. Хэвлүүлэх зардлын санхүүжилт бэлэн биш байдлаас болж хэвлэлт нь хоцорч байгаа ажээ.
Энэ ажилд Монголын компаниудаас “Энержи ресурс” ХХК их анхаарал тавьж дэмжин хамтарч ажиллаж байгааг цохон дурьдаж байсан юм.  Ганжуур данжуурын кирилл бичгээр хөрвүүлсэн монгол орчуулгыг залахаар Монгол зурхайн дацан, Нархажид хийд, МУИС, ЭМШУИС, Төв номын сан, Монгол банк, ЧДүүргийн Засаг даргын тамгын газар,
Сонгдо эмнэлэг зэрэг газрууд захиалан авч байгаа бол гадаад улс орнуудаас АНУ-ын Санта Барбарагийн их сургууль, Вашингтон дахь Конгрессийн номын сан, Германы Боннын их сургууль, Их Британийн Оксфордын их сургууль зэрэг дэлхийн томоохон эрдэм ухааны төвүүд захиалга хүсэлтээ ирүүлэн залж эхлэжээ.
Тус төвийн энэхүү үйл ажиллагаа нь олон нийтийг соён гэгээрүүлэх их үйлс төдийгүй, энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа олон залуусыг Ганжуур Данжуурыг цаашид гүнзгийрүүлэн судлах мэдлэг чадвар бүхий судлаач эрдэмтдийн залуу халаа болгон бэлтгэх эх уурхай болж байгаагаараа ч их ач тустай юм.
Гэвч тус төвийн үйл ажиллагаа ном хөрвүүлэх их ажлаар ч зогссонгүй. Дэлхийн стандартад тэнцэхүйц Үндэсний том номын сан байгуулах, уламжлалт мэдлэг ухаанаар сурган хүмүүжүүлэх хүүхдийн цэцэрлэг байгуулах төслүүдийг боловсруулан бэлтгэл ажлуудаа аль хэзээний эхлэжээ.
Тэр ч байтугай нийслэлийнхээ агаарыг цэвэршүүлэх, иргэдийн эрүүл ахуйг хангахад хувь нэмэрээ оруулахаар 50 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг хэрэгжүүлж эхлэжээ. Одоогийн байдлаар ТЭЦ-4 цахилгаан станцын урд талд байрлах уг талбайн 28 га газарт нийт 137 мянган суулгацыг тариад байгаа ажээ.
“Мөрөөдлийн орчин” ТББ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “1 хуудас- 1 мод” уриатай энэ ажилд улсаас ганц ч төгрөгийн санхүүжилт авсангүй, бас нэг ч мод уулнаас зөөж авчирсангүй.
Мэргэжлийн багийг зохион байгуулан, үрслэгээ суулгацыг бэлтгэж, ямар нэг сурталчилгаа “шоу” болголгүй, сүр дуулиан тарилгүй, нийгэм хүмүүст эрүүл сайхан орчинг бүрдүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ зорьж бүтээж яваа энэ ажлын хэмжээг сонсоод гайхан дуу алдахгүй байхын аргагүй. Зуун гучин долоон мянган мод тарина гэдэг санаанд багтамгүй.
Гэтэл харин төсөл хэрэгжүүлнэ хэмээн улсаас өчнөөн тэрбум төгрөг нэхдэг, газрын том наймаа явагддаг арга барилаас ангид хийгдсэн энэ ажлыг сонсоод уур нь хүрдэг, хараад нүд нь хорсдог эрхэмүүд байдаг ажээ.
БГД-ийн Засаг Даргын шийдвэрээр газрыг зориулалт бусаар ашигласан гэж буруутган газар эзэмших зөвшөөрлийг цуцлажээ. Энэхүү шийдвэрийг сонсоод Дүүргийн засаг даргатай уулзахаар 3 удаа албан бичгээр хандсан ч хариу өгсөнгүй.
Харин Засаг Даргын орлогч Г.Энхболд гэгч залуу дуудаж уулзахад нь уг газарт ямар нэг барилга бариагүй, анх цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж зөвшөөрөл авсан тэр л зориулалтаараа мод тарьж байгаагаа тайлбарлахад “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр ламтанг МАН-ын гар хөл хэмээн буруутгаж, МАН-ын мод ургаж болохгүй АН-ын мод ургах ёстой гэсэн санаагаа нуулгүй хэлжээ.
Хариуд нь ламтан “Түмэн олны тусын төлөө хэний ч гар хөл болж би чадна аа. Тэр цэцэрлэгт хүрээлэнгийн модны цэвэршүүлсэн агаараар чи ч гэсэн амьсгална шүү дээ” гэж хэлээд гарсан гэв.
Ламтныг тэгэж адлах болсон шалтгаан нь зорьсон ажлаа бүтээхийн тулд МАН Засгийн эрх барьж байх үеийн БГД-ийн Засаг дарга зэрэг зарим нэг хүнийг цэцэрлэгт хүрээлэн байгуулах уг төслийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нэрийг нь оруулсан байсан явдал гэнэ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн газрын зөвшөөрөл цуцласан БГД-ийн Засаг даргын шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд гаргасан гомдлын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас шалгаж үзээд манай ажлыг дэмжсэн хариугаа албан бичгээр өгсөн тул арай ч цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг авчихгүй байгаа гэж найдаж байна гэж Г.Буяндэлгэр ламтан өгүүлж суув.
Эрх баригч намуудын томилсон өнгө мөнгөнөөс цаашихыг бодох чадваргүй хийрхэлтнүүд тарьсан модыг хүртэл намаар ялгаварлан устгадаг болох нь уу?!
О.Лхагвадорж

URL:

Сэтгэгдэл бичих