Төгсөх ангийн шалгалтыг хоёр удаа авна
Энэ хичээлийн жилд боловсролын чанарын үнэлгээний журамд өөрчлөлт орсон билээ. Уг өөрчлөлтөөр ямар давуу талууд бий болсон талаар Нийслэлийн боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.
-Боловсролын чанарын үнэлгээний журамд өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрийн А/309 гэсэн тоот тушаал гарсан. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын болон боловсролын чанарын үнэлгээний журмыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхэлж төрийн болон төрийн бус өмчийн бүх сургуулиуд дагаж мөрдөх журам гарсан байгаа.
-Шинэчлэгдсэн журамд өмнөх журмаас давуу зүйлүүд байгаа юу?
-Өмнөх журмаас ялгаатай нэг гол зүйл нь 1-3 дугаар ангийн хүүхдүүдийн эзэмшсэн мэдлэг чадвар амжилтыг үгэн үнэлгээгээр үнэлнэ.
Тодруулбал, дээд байвал маш сайн, дунджаас дээгүүр байвал хангалттай, дундаж байвал сайжирч байгаа, дунджаас доогуур байвал анхаарах шаардлагатай байна гэсэн дөрвөн үгэн үнэлгээгээр үнэлэх болсон. Тиймээс одоо багш нар маш сайн, хангалттай, сайжирч байгаа, анхаарах шаардлагатай гэсэн үнэлгээгээр үнэлж байгаа гэсэн үг. Харин 4-5 дугаар ангид гүйцэтгэлийн хувиар бодож байгаа.
Өөрөөр хэлбэл, гурван жил сурчихсан хүүхдүүдийг цаашид үнэлгээнд оруулж байгаа юм. Тиймээс гүйцэтгэлийг хувиар тооцож үгэн үнэлгээгээр үнэлж, хувийг нь бүхэл оноогоор дүгнэх болно. Тодруулбал, 85-аас дээш байвал онц, 70-84 сайн, 55-69 хангалттай, 40-54 дунджаас доогуур, 25-39 дэмжлэг хэрэгтэй, 0-25 хувь байвал хангалтгүй гэж үнэлнэ. Тиймээс хүүхдүүдэд хувь тавихаас гадна үгэн үнэлгээг хамтад нь хэрэглэх болно.
-Дунд болон ахлах ангийн үнэлгээний журам нь бага ангийн үнэлгээнээс өөр байх уу?
-6-9 дүгээр ангийн хувьд гүйцэтгэлийн хувиар тооцож үсгэн үнэлгээгээр үнэлнэ. Уг үнэлгээ нь хуучин уламжлалт байсан үнэлгээ юм. Сурагчдын мэдлэг чадвар амжилтын төвшнөөр нь дээд буюу 90-100 А, дунджаас дээгүүр 80-89 В, дундаж 70-79 С, дунджаас доош нь 60-69 D, хангалтгүй 0-59 хувь нь F гэсэн үнэлгээтэй болсон.
Тиймээс өмнөх үнэлгээ дунд ангид хэвээр үлдсэн гэсэн үг. Дунд ангийн хувьд нэг эрх олгосон нь сургууль дотоод хэрэгцээндээ 59 үнэлгээг хоёр шатлалтай хэрэглэж болохоор байгаа. Тодруулбал, 40-59 дэмжлэг хэрэгтэй, 0-39 хувь байвал онцгой анхаарах хэрэгтэй гэсэн эрхтэй болсон. Харин 10-12 дугаар ангид гүйцэтгэлийн хувиар тооцож үздэг болсон.
Тодруулбал, 10-12 дугаар ангийг кридит 0-4 оноонд шилжүүлээд зуутын нарийвчлалаар гаргаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, их дээд сургуульд байдаг үнэлгээнүүдийг оруулж ирсэн. Тиймээс оноонуудыг архиметик дунджаар голчийг нь үнэлээд дээд үнэлгээ буюу 90-100 хувийг дотор нь 97-100 А нэмэх, 93-96 А, 90-92 хувь байвал А хасах гэх зэргээр бүх төвшинг дотор нь гурван төвшинд хуваасан. Нэг талаас хувь байгаа боловч нөгөө талаас голч дүнгээр үзэж байгаа. Тиймээс сурагчид хамгийн дээд талын оноо нь дөрөв, хамгийн доод тал нь 0.33 оноотой байвал дундаж дүн авна гэсэн үг.
-Сурагчдын улирлын дүнг эцэг, эхэд нь мэдэгддэг болсон гэсэн үү?
-Сурагчдын улирлын дүнгийн хуудастай болгосон. Энэ нь сурагчдын ахиц амжилтын үнэлгээг дүнгийн хуудсаар эцэг, эх, асран хамгаалагч нарт улирал бүрийн эцэст дүнгийн мэдээллийг хүргэх юм. Түүнчлэн улирлын үнэлгээг тооцохдоо хуучин зөвхөн мэдлэг чадвараар нь үнэлж байсан бол одоо арай өөр аргаар тооцож байгаа. Тодруулбал, ирц 10, явц 60, улиралын шалгалтын үнэлгээ 30 хувь байхаар тооцно. Тиймээс тухайн сурагч хичээлээ таслаагүй бол шууд 10 хувь авна.
Харин хүүхдүүдийн ахицийн төвшинд хичээлийн явцад нь багш нь өөрөө үнэлж 60 хувиар үнэлэх юм. Тиймээс сурагчид явцын болон ирцийн үнэлгээгээр улирлын эцэст 70 хувь авах боломж бүрдсэн. Энэ нь улирлын эцэст авдаг ганцхан шалгалтын савлагааг үүгээр арилгаж өгсөн. Явцын үнэлгээг хуучин зүгээр шалгалт авдаг байсан бол одоо нэлээд олон хэлбэртэй болгож өгсөн.
Тодруулбал, төсөлт ажил, даалгавар, аман болон бичгийн шалгалт гэсэн хэлбэртэй байж болно. Түүнчлэн улирлын шалгалтын үнэлгээг багш өөрөө тогтоодог болсон. Өмнө нь улирлын эцсийн шалгалтыг сургуулиас авдаг байсныг багш өөрөө шалгалтынхаа сэдвийг боловсруулан шалгалтаа авч, үнэлгээгээ өгнө гэсэн үг. Тиймээс багш тухайн сурагчийн мэдлэг чадварын ахицыг хэрхэн дээшлүүлэх эсэх асуудлыг өөрөө бүрэн хариуцах өргөн боломж нээгдсэн.
-Улсын шалгалтын журамд өөрчлөлт орсон уу. Ахлах ангийн сурагчид хэдэн шалгалт өгөх вэ?
-Бага ангид улсын шалгалтыг зөвхөн тавдугаар ангид авна. Монгол хэл, математик, байгаль шинжлэл гэсэн гурван шалгалт авах юм.
Суурь боловсролын шалгалтыг есдүгээр ангид авахаар болсон. Монгол хэл нэгдмэл агуулгаар уран зохиол орно, математик, нэгдмэл агуулгаар байгалийн ухаан, нийгмийн ухаан гэсэн дөрвөн шалгалт авна. Бүрэн дунд боловсролын шалгалтаар монгол хэл, уран зохиол нэгдмэл, математик, байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлээс сонголтоор, гадаад хэл гэсэн шалгалтууд авна.
Дашрамд дуулгахад, Боловсролын үнэлгээний газраас тав, есдүгээр ангийн улсын шалгалтыг түүврийн аргаар шалгалт авна. Тиймээс бүх тав, есдүгээр ангийн сурагчид шалгалт өгөхгүй гэсэн үг. Харин 12 дугаар ангийн шалгалтыг улсаас авна. Гэхдээ 12 дугаар ангийн шалгалтыг хоёр удаа авдаг болсон. Өөрөөр хэлбэл, жилийн эцэст ч шалгалт өгч болно, хичээлээ дуусаагүй байхад ч өмнөх агуулгаар шалгалт өгч болдог болсон.
Ж.Отгонмягмар
URL: