УИХ-ын дэд дарга Л.Цог эрдэмтэн багш нартайгаа уулзаж ярилцав
УИХ-ын дэд дарга Л.Цог Эрхүү хотын Хууль зүйн дээд сургууль, хуучнаар Хуулийн факультетийн доктор, профессор багш нар болох Хаснутдинов А.И, Онохова В.В нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Л.Цог оюутан цаг, Хуулийн факультетийн багш нарынхаа тухай дурсаж, хуульчийн мэргэжлийг өндөр түвшинд зааж, сургасан хоёр багштайгаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
1972 оноос хойш Эрхүүгийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчдийн багш байсан Хаснутдинов А.И, Онохова В.В нар өдгөө 70 гарсан ч монгол төгсөгч бүрээ дурсан санаж явдгаа хэллээ.
Монголын хуулийн салбарт ажиллаж байгаа олон арван хуульчид, тэр дундаа УИХ-ын дэд дарга Л.Цогын багш байсандаа бахархаж байгаагаа Онохова В.В илэрхийлээд “Тэр үед монгол оюутнууд орос хэлийг маш сайн эзэмшдэг байсан.
Өнөөг хүртэл шавь нартайгаа уулзахад тэдний хэлний мэдлэг өндөр байгаа нь монгол хүмүүс хэл сурах авьяастайг харуулж байна” гэлээ.
Доктор, профессор Хаснутдинов А.И. иргэний хуулийн чиглэлээр, харин Онохова В.В Үндсэн хуулийн захиргааны хэргээр мэргэшсэн хуульчид юм. Шавь нь Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад өндөр алба хашиж буйд тэд баяр хүрээд ажлын амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
URL: