Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна

Хятадын төрийн эзэмшлийн үйлдвэр “Монголын цөмд” баригдаж байна гэдэг бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Урьд нь Төв аймгийн Сэргэлэн суманд хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, төрийн эзэмшлийн цементийн үйлдвэрийн ажил манай улсын хуулийг зөрчин явагдаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүй л мэдээлж байсан.
Эдийн засагчид ч үүнийг эсэргүүцэн учир шалтгааныг нь тайлбарлан дуу хоолойгоо олон нийтэд хүргэж байсныг тодхон санаж байна. Уг нь бол2009 онд анх үйлдвэр барих сууриа тавин тууз хайчилж байсан ч өнөөдрийг хүртэл барилгын ажил нь дорвитой хийгдээгүй байгаа.
Тухайн үеэс л Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу 49\51 гэсэн харьцаатайгаар Цементийн үйлдвэрийг байгуулах тухай яригдсан ч Хятадын тал 100 хувь өөрийн хөрөнгө оруулалттай төдийгүй төрийн өмчит компанийн мэдлийнх байхаар хатуу байр суурьтайгаар өнөөдрийг хүрсэн байх юм, манайхан ч хүлцэнгүй хүлээсээр байгаа нь энэ.
Өгөрсөн хугацаанд  хоёр ч Засгийн газрын нүүрийг үзсэн ч энэ асуудлыг анхааралдаа авч нэг тийш болгох шийдвэр гаргасангүй. Өнгөрсөн хугацаанд Хятадууд ч гүрийсээр элдэв хор найруулах эсвэл хуулийн цоорхойг ашиглах арга замаа хайсаар эцэстээ эд яавал гэж гэсэн байдлаар хандаж эхэлж байх шиг байна.
Үүний жишээ өнгөрөгч тавдугаар сараас эхлэн Сэргэлэн суманд Цементийн үйлдвэр барих нэрийдлээр Хятадууд хууль зөрчиж барилгын ажлаа явуулахаар оролдож эхэлсэн байдаг. Тухайн үед барилгын шав тавьснаас өөр зүйлгүй байсан атлаа тэнд 100 гаруй сая юанийн хөрөнгө оруулчихаад байна гэдэг.
Нүдэнд үзэгдэж гарт баригдах  зүйл хийгээгүй байж тийм их хэмжээний мөнгө оруулчихсан гэхээр тэр мөнгө хааш орж юунд зарцуулагдсан нь анхаарал татах асуудал. Магадгүй манай зарим нэг эрх мэдэлтнүүдийн халаас руу орсон  байж ч мэдэх юм.
Яагаад гэвэл тэд өнгөрөгч 7 дугаар сарын сүүлээс эхлэн барилгын ажлаа эрчимжүүлж, сууриа ч тавиад эхэлсэн. Ингэхдээ 150 гаруй Хятад ажилчдыг хууль бусаар оруулж ирж ажиллуулсан байгаа юм.
Тодруулбал 2013 онд Засгийн газраас баталсан гадаадын ажиллах хүчний квотын зөвшөөрөл огт аваагүй мөртлөө хятад ажилчдыг жуулчны визээр ээлж дарааллан оруулж ирэн ажиллуулж буй талаар хэвлэлд урьд нь гарч л байсан.
Тухайн үед эдийн засагчид, хэвлэл мэдээллийнхэн үүнийг хүчтэй эсэргүүцснээр тэдний ажил нэг хэсэгтээ намжиж зогссон. Харамсалтай нь намжаад ирүүт дахиад л ажлаа хууль бусаар явуулж газар шорооны ажлаа дахин эхлүүлчихсэн өдөр шөнөгүй зүтгэж байсан.
Ингэхдээ тэд МУ-ын хууль, тогтоомжийг зөрчин байж 120 гаруй хятад ажилчдыг жуулчны визээр оруулж ирэн ажиллуулсан. Өөрөөр хэлбэл тэд Засгийн газраас ажиллах хүчний квотын зөвшөөрлийг аваагүй байж манай хуулийг уландаа гишгэн ийн үйл ажиллагаагаа дахин эрчимжүүлж эхэлсэн.
Гэтэл Засгийн газраас олгосон ажиллах хүчний квотод ямар ч бүртгэл битгий хэл хүсэлт ч байхгүй юм билээ. Тэгэхээр АТГ ч гэсэн энэ байдалд анхаарлаа хандуулж, юу болоод байгааг чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихгүйхэн шиг учир шалтгааныг нь олж тодруулбал зүгээр л байх.
Төв аймгийн зарим нэгэн удирдлагуудын ярьж буйгаар бол ҮАБЗ-өөс чиглэл өгч, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Цементийн үйлдвэр барих ажлыг зогсоож байсан юм шиг байгаа юм. Нэг хэсэгтээ л тухайн үйлдвэрийг барих ажил зогсож, нам жим болсон байдаг. Харин одоо бол ажил нь эхэлчихсэн байгааг зургаас харж болно.
                     Хятадууд өмчөө хамгаалахаар цэргээ оруулаад ирвэл бид яах вэ
Нийтлэлээ эхлэхдээ “Монголын цөмд” Хятадын төрийн өмчийн гэж тодотгож байсан.  Яагаад “Монголын цөмд” хэмээн тодотгосны учрыг энд тайлбарлъя. Ийнхүү Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, хятадын төрийн өмчийн цементийн үйлдвэр манайд баригдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд цаашлаад эдийн засгийн тусгаар тогтнолд ч аюулын харанга дэлдэж буй юм.
Яагаад үндэсний аюулгүй байдалд аюулын харанга дэлдэх вэ гэдгийг төр түшилцэж яваа хүн бүр л ойлгох биз. Манай хоёр хөрш иргэнээ, өөрийн өмчөө хамгаалахын тулд цэргийн хүчээ тухайн улс орон руу оруулах боломжтой байдаг талаар уншиж байсан юм. Жишээ татахад 2008 онд Орос иргэнээ хамгаалж Гүрж рүү цэргийн хүчээ оруулж байсан удаатай.
Тэгэхээр муугаар бодлоо гэхэд ямар нэгэн асуудал гарвал Хятадын төр өөрийн өмчийг хамгаалахын тулд цэргээ Монгол руу оруулахгүй гэх баталгаа алга байна шүү дээ. Цэргээ орууллаа гэхэд Монголын төвд шахуу Хятадын цэрэг орж ирнэ гээд л бодчих. Энэ чинь Үндэсний аюулгүй байдалтай холбоогүй байна гэж байх уу…
Түүнчлэн Хятадууд нэг хоёр жилийн ашиг хардаг улс биш гэдгийг хүн бүр л мэдэж байгаа. Тэдний цаад санаа нь Монголын цементийн зах зээлийг өөрийн гарт авах гэсэн санаа ч явж байхыг үгүйсгэх аргагүй. Тэд үйлдвэрлэлээ эхлээд цементийн үнийг унагаж, Монголын Үндэсний үйлдвэрлэгчдийг нам дарсаныхаа дараа амандаа орсон үнээр цементийг зарахгүй гэх баталгааг хэн өгөх юм.
Урьд нь Монголын арьс ширний үйлдвэрүүдийг Хятадууд орж ирж л дампууруулсан гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Тиймээс төр засгийн хэмээнд энэ асуудалд анхаарлаа хандуулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ажлыг амаараа бус газрын хөрсөнд буулгах хэрэгтэй байна.
             Хууль бус үйл ажиллагаанд эрх мэдэлтнүүд оролцоод байна уу       
Сэргэлэн суманд баригдаж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Цементийн үйлдвэр барих ажлаа зогсоогоод байсан хятадууд өнгөрсөн 10 дугаар сарын 28-наас эхлэн үйл ажиллагаагаа явуулжээ.  Бүр ажиллах хүчээ нэмэгдүүлж 300 гаруй Хятадууд ороод ирчихсэн ажиллаж байгаа гэх.
 Хууль бусаар оруулж ирсэн гэх өмнөх 150 гаруй хятадууд дээрээ нэмээд шүү дээ.  Тэгэхээр хэн дуртай нь жуулчны визээр хэдэн саяар нь хятад ажилчдыг ээлж дараагаар оруулж ирээд ажиллуулаад байж болохын жишээ энэ биш үү.
Гэтэл одоо өнөөх хятад ажилчдыг хүн амынхаа 1 хувиас хэтрүүлэхгүй гэсэн бодлого, хууль, тогтоомж хэрэгжихгүй, Монголын үндэсний аюулгүй байдал алдагдаж аюул болоход ойрхон болж. Ийм байтал Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынхан нүдэн балай чихэн дүлий байсаар байгаагийн учрыг бас асуумаар байна.
Магадгүй мэдсэн ч мэдээгүй юм шиг байх шалтгаан зарим нэг эрх мэдэлтнүүдэд байхыг үгүйсгэхгүй.  Гэтэл энэ хооронд урд хөршийнхөн  манай хуулийг уландаа гишгэлэн  цементийн үйлдвэрээ Монголд барьж, стратегийн ач холбогдолтой энэ бүтээгдэхүүний  зах зээлийг хяналтандаа авч,  монополь эрхтэйгээр зарж,  борлуулах гэсэн далд санаагаа хэрэгжүүлэхээр зэхэж байна.
Тэгэхээр жуулчны визээр гадаадын ажиллах хүч оруулж ирж буй асуудлын цаана хэн байна вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна. Мэдээж зохион байгуулалттай иймэрхүү  зүйлийг  нэлээд томоохон эрх мэдэлтнүүдийн хийж найруулж чадах ажил гэдэг нь ойлгомжтой.
Тэд магадгүй жуулчны визээр хэдэн зуугаар нь хятад ажилчдыг оруулж ирээд хугацааг нь сунгаж ажиллуулдаг бололтой юм.  Энэ байдлыг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанынханд дээрээс удирдагч анхааруулж,   тэд ч эргэж тойрч шалгаж очдоггүй байж болох.
Удаа дараа нүдэн балай чихэн дүлий байж хууль зөрчсөөр үйл ажиллагаагаа явуулж буй Хятадын компанийн гар хөл бологсод манайд байгааг үгүйсгэхгүй, бүр томоохон эрх мэдэлтэн байна гэж хардахад хүргэж байна. Энэ байдлыг  холбогдох хууль хятналтынхан   анхааралдаа авч учгийг тайлна гэдэгт найдаж байна.
                 Хятадын Цементийн үйлдвэрийг дэмжихийн цаадах ашиг сонирхол юу вэ
Үүний цаана хэн нэгний ямар нэгэн ашиг сонирхол явж байгааг үгүйсгэх аргагүй. Дээрх үгийг МУ-ын төрийн гурван өндөрлөгийн нэг нь хэлсэн гэдэг. Гэхдээ та бүхэн бараг л мэдэж буй биз. Европын хужааг хүртэл энэ бол та бүхний өвөг дээдсийн нутаг хэмээн эх оронд минь урьсан хүн. Одоо харин мань хүн Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн худлаа үгийн цаана Хятадын үйлдвэрлэлийг 100 хувь дэмжээд явж байх шиг байна.
Тодруулбал 10 гаруй хоногийн өмнө урд хөршид айлчлаад ирсэн манай эрхэм Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сэргэлэн суманд баригдаж буй Цементийн үйлдвэрийг бүхий л талаараа дэмжинэ хэмээн амлачихжээ. Энэ талаарх мэдээлэл “MNC” телевизийн өнгөрөгч долоо хоногийн мэдээгээр гарсан бөгөөд энэ бичлэг цахим ертөнцөд ч явж байна.
Бүхэл бүтэн улсынх нь Ерөнхий сайд иймэрхүү хариуцлагагүй зүйл яриад, амлаад явж байгаа нь харамсалтай. Уг нь эрхэм ерөнхий сайд улс эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой, ганц ерөнхий сайд ч бус Монгол хүн бүр тийм сэтгэлтэй байх ёстой. Төрийн өндөр албаны хариуцлагатай албан тушаалын хүн ийм улс алгасан ийм хариуцлагагүй зүйл ярьж явсан нь гайхмаар бас ичмээр хэрэг.
Ер нт ямар учраас Ерөнхий сайд маань Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай төрийн өмчит Цементийн үйлдвэрийг ямар ч өчиггүйгээр дэмжих болов гэдэг нь асуулт хэвээр үлдэв, магадгүй энэ тухай өөрөө албан ёсны хариулт өгөх байлгүй. Ажихад цаг хугацааны хувьд Ерөнхий сайдын урд хөршид хийсэн айлчлалтай зэрэгцэн Хятадууд ажлаа дахин эхлүүлчихлээ. Ерөнхий сайдын хэлсэн үг өгөөш болж тэднийг манай улсын хуулийг зөрчин байж ажлаа явуулах болсныг ч үгүйсгэхгүй юм.
Хэдий наанаа бид Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Бид гадаадаас импортолдог биш, харин дотоодоо өөрсдөө үйлдвэрлэж, баялаг бүтээнэ хэмээгээд байсан үг нь хий хоосон хэрэг үү. Өнөөдөр Цементийн төсөл хэрэгжүүлж байгаа үндэсний хэдхэн компани байдаг юм билээ. Тэднийг дэмжсэн бодлогыг төр засгаас гаргадаггүй талаар зарим нэг нь ярьж байсан.
Харин ч эдийн засгийн энэ хямралтай үед Монголын үндэсний хэдэн компаниуд хэрхэн зүтгэж буйг бодлого боловсруулагчид мэдэж байгаа гэж найдаж байна. Ам. Доллар галзуурч, төгрөгийг нам дараад байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, бид баялаг бүтээх сайхан боломж хэмээн өөрсдийгөө өмөөрдөг хүмүүс үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хийж бүтээж буйд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ.
Энэ сараас эхлэн Хөтөлийн цементийн үйлдвэр хүчин чадлаа нэмж хуурай аргын технологиор жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлээд эхэлж байгаа гэж дуулсан юм байна. Үндэсний үйлдвэрлэгч тэртээ тэргүй цемент үйлдвэрлээд эхэлчихлээ.
Араас нь цементээ үйлдвэрлээд эхлэх хэд хэдэн компаниуд байна. Бид цементийнхээ хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангах нь цаг хугацааны асуудал болчихсон шүү дээ. Тэгэхээр Монголд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, төрийн өмчийн компани хэрэгтэй гэж үү.
Уг нь ҮАБЗ-ийн ажлын албанаас дээрх Цементийн үйлдвэрийг барих ажлыг зогсоох чиглэл өгсөн тухай дуулдсан.  Гэтэл улсынх нь ерөнхий сайд дэмжихээ илэрхийлээд байдаг. Цаашид энэ асуудал хэрхэхийг цаг хугацаа харуулах байх.
Үүнийг холбогдох хууль хяналтын байгууллага анхааралдаа авна гэдэг найдаж байна. Ер нь ҮАБЗ-ийн гаргасан чиг үүрэг шийдвэрийг үл тоож ийн дураараа аашилж буй хятадуудын цаана ямар ашиг сонирхол хэн байгаа нь удахгүй тодрохыг хүлээж сууя.
 Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих