Г.Сэрээнэндоржийг ирэх оны хоёрдугаар сар хүртэл улируулан сонгов
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал өчигдөр боллоо.
Ерөнхий хорооны хурлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга, ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч Морозов Вадим Николаевич даргалсан юм.
Түүнчлэн ОХУ-аас ерөнхий хорооны хуралд төлөөлөгчөөр Ерөнхий хорооны гишүүн, ОХУ-ын Тээврийн дэд сайд Цыденов Алексей Самбуевич, ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий хорооны гишүүн Морозов Виталий Владимировч нар оролцлоо.
Харин Монгол Улсаас Зам тээврийн яамны Төмөр зам далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ерөнхий хорооны орлогч дарга Ё.Манлайбаяр, Эдийн засаг хөгжлийн яамны газрын дарга, ерөнхий хорооны гишүүн н.Болдбаатар, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, ерөнхий хорооны гишүүн Т.Эрдэнэ нар оролцлоо.
Ерөнхий хорооны хурлаар Улаанбаатар төмөр замд хийгдэх техникийн эхний шатны явц, төлөвлөгөө болон Хөгжлийн хөтөлбөр, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтын дүн, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргын асуудал зэрэг арав гаруй асуудлаар илтгэл тавин хэлэлцсэн аж.
Тэдгээр хэлэлцэх асуудлын дотроос “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргын асуудал илүүтэй олны анхаарлыг татаж байсан юм. Тодруулбал, 26 жил төмөр замтай ажил амьдралаа холбосон төмөр замчин, одоогийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг жинхлэх үү, үгүй юу гэдэг нь ерөнхий хорооны хурлын гол сэдэв байсан гэхэд болно.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүн асан Д.Одхүүг тус нийгэмлэгийн даргаар томилж магадгүй гэсэн шуум хүртэл нийтэд тараад амжсан. Тиймээс тус нийгэмлэгийг улс төрөөс ангид, “бялуу хуваах” маягаар ашиглуулахгүйн тулд “УБТЗ” ХНН-ийн ҮЭХ-ноос мэдэгдэл гаргаж, 18 мянган төмөр замчин хүсэлтээ төрийн өндөрлөгүүдэд дамжууллаа.
Хэдийгээр тэдний хүсэл зуун хувь биеллээ олоогүй ч одоогийн үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг ирэх оны хоёрдугаар сар хүртэл улируулан сонгох шийдвэрийг ерөнхий хорооны хурлаас гаргасан юм.
Б.Пүрэвжав
URL: