Хорт хавдрыг 50 төгрөгөөр “худалддаг”

 

Солонгос, Японд эдэлгээ нь дуусаад хэрэглэхийг хориглочихсон хуучин дугуй өнөөдөр манай жолооч нарын үндсэн хэрэглээ болчихсон. Шинэ дугуйнаас илүү хэмжээгээр импортоор орж ирдэг хуучин дугуй нь үнийн хувьд арай хямд байдаг нь үүний гол шалтгаан. Гэвч  мөнгөө хэмнэн авч байгаа хуучин дугуй нь эцсийн дүндээ харин ч илүү зардалтай гэдгийг тэр бүр ойлгодоггүй. Түүнчлэн бидний эрүүл мэндэд далдуур хэрхэн заналхийлж байгааг ухаарахгүй л байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Хуучин дугуйны импортыг хориглоё” сэдвийг эхлүүллээ.

Автомашины хуучин дугуйнаас болж хэдэн хүн зам тээврийн осолд өртөж байна, хаягдлыг нь түлж дулаацдаг нийслэлийнхний ирээдүй ямар байна, шинэ дугуй яагаад үнэтэй байдаг, хямдруулах боломж бий эсэх, гадаадад ашиглахаа болиод хаячихсан дугуйг импортлон хэрэглэх шаардлага бий юу гэхчлэн энэ сэдэвтэй холбоотой бүхий л мэдээллийг нийтлэл, ярилцлага, сурвалжлагаар үргэлжлүүлэн хүргэсээр байх болно. Та бүхэнд энэ сэдвээр санал, санаачлага, баримт байвал бид бүхэнтэй хуваалцаарай.

 

  • ЭДЭЛГЭЭ УРТАСВАЛ ХАЯГДАЛ БАГАСНА

 

Хуучин дугуй импортолж, бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүд энэ сэдэвт эгдүүцэж мэдэх л юм. Гэвч бодит байдал дээр манай улсын дугуйны хэрэглээ хэрээс хэтэрч, тэр хэрээр хаягдал дугуй олноороо гарсаар байна. Өвөл боллоо. Айлууд түлээ, нүүрсээ бэлтгэхтэй зэрэгцэн жолооч нар дугуйгаа шинэчилдэг. Нийслэлд байгаа 300 орчим мянган машины өвлийн дугуйг хангах ашигтай бизнесийн цаг нь ч эхэллээ. Тэгвэл хэрэглээнээс мянга мянгаараа гарч байгаа хаягдал дугуйнууд эргээд бидний уушгинд орж, аюулт өвчний эх үүсвэр болж байгааг анзаарахгүй байгаа юм. Агаарын бохирдлыг нийслэлийнхэн ерөнхийд нь утаа гэж ойлгож байна. Тэгвэл тэр утааны хэдэн хувийг онц аюултай хортой бодис эзэлж байгааг тооцоолсон судалгаа одоогоор алга. Түлээ, нүүрс авч дийлэхгүй гэр хорооллынхон хаягдал дугуйг дангаар нь, эсвэл багахан нүүрстэй хольж өвлийг аргацаадаг тухай бид мэднэ. Харамсалтай нь мэддэг хэрнээ дуугардаггүй. Тэгвэл нийслэлийг хүрээлэн амьдарч байгаа эдгээр айлуудын яндангаас гарсан хорт утаа биднийг хэрхэн хордуулсныг хэдэн жилийн дараа биеэрээ мэдэрч магадгүй л юм. Тиймээс үр хүүхдээ, өөрсдийгөө хордуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд хуучин дугуйны импортыг зогсоож, агаарын бохирдолд хувь нэмрээ оруулж байгаа хаягдал дугуй түлэгсдэд арга хэмжээ авч, холбогдох хууль, дүрэм журмыг батлах цаг нь нэн тулгамдсан асуудал болжээ.

“Хуучин дугуйны импорт агаарын бохирдолд ямар хамаатай юм, шинэ дугуй ч гэсэн хагарахаараа хэнд ч хэрэггүй хог болдог шүү дээ”. Ингэж сөргөх хүн бий л байх. Тэгвэл бид шинэ дугуйны импортыг дэмжиж, үнийг уян хатан болгосноороо хэдхэн сар машинд эргэлдээд хэн нэгний зууханд шатаж байгаа олон мянган хар резиний тоог бууруулах боломжтой юм. Эдэлгээ уртсахаар хаягдлын тоо багасах энгийн логик энд үйлчилнэ. Тиймээс сэдвийн гол өнцөг болох хаягдал дугуйны асуудлаар эхний сурвалжлагыг бэлтгэлээ.

 

  • ДУГУЙГ ШАТААХАД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХ БОДИС ЯЛГАРДАГ

 

Дугуй буюу хатуу хар резин нь маш олон тооны хүнд бодисыг агуулдаг. Түүнийг шатаахад хүний биед маш хортой бензо-а-прин хэмээх бодис ялгардаг байна. Энэ нь олон цагирагт үнэрт нүүрсустөрөгч буюу хүний генийг гэмтээж, хорт хавдар үүсгэдэг өндөр идэвхтэй хатуу талст бодис ажээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн агаарын бохирдлын хэчнээн хувийг энэ бодис эзэлж, хэдэн хүнийг хорт хавдраар өвчлүүлж байгаа бол гэхээс дотор харлам. Харамсалтай нь энэ талаарх судалгаа, тоо баримт одоогоор байхгүй бөгөөд үхэл таригч бензо-а-принийг шинжлэх лаборатори манайд байдаггүй юм гэнэ лээ. Хүний эрүүл мэндэд хаягдал дугуй нь ямар хор учруулж буйг шинжлэх ухааны баримттай нь дараа дараагийн нийтлэлдээ хүргэх болно. Гэр хорооллын айлуудаас гадна түц, амбаар зэрэг бага хэмжээтэй байр ашиглан төрөл бүрийн бизнес эрхлэгчид өвлийн дугуй шатаан өвөлждөг нь нууц биш. Хамгийн аймшигтай нь алхам бүрт тааралдах дугуй засварын газрууд хаягдлаа түлж дулаацдаг юм. Нийслэлд дугуй засварын 450 орчим газар байдаг ба тэдгээрээс өвлийн улиралд ямар хэмжээний хор ялгарч байгааг тооцоолж болно.  Тэд өөрсдөө хор үйлдвэрлээд зогсохгүй хаягдал дугуйгаа иргэдэд үнэгүй шахам нийлүүлж байгаа нь хор агуулсан хар резин зууханд ороход нөлөөлж байгаа юм. Тиймээс хаягдал дугуйны асуудлыг цэгцлэхийн тулд дугуй засварын газруудаас хяналтыг эхэлвэл үр дүнд хүрэх боломжтой. Гэвч бидэнд эхлээд хууль, журам нь хэрэгтэй.

 

  • ХАЯГДАЛ ДУГУЙНЫ ҮНЭ 50-500 ТӨГРӨГ

 

Гал түлж дулаацаад байгаа дугуйны үнэ болон олдоц нь хэр байдаг талаар сурвалжиллаа. Баянбүрдийн тойргоос эхлээд Цайз зах хүртэл зам дагасан дугуй засварын газар бүрт хаягдал дугуйг зарж байлаа. Ер нь гол борлуулагч нь дугуй засварын газрууд гэсэн. Тэгэхээр нийслэлийн өнцөг булан бүрт байгаа засварын газруудаас хаягдал дугуйг төвөггүй олж болохоор юм билээ. Эхний газраас олноор нь зарах дугуй байгаа эсэхийг сураглалаа. Засварчин залуу юу хийх гэж байгааг сонирхож байна. Газар хашаалахад зориулж хөдөө явуулах гэж байгаа гэж хэлэв. Тэднийд байгаа хаягдал дугуй нь 25 орчим гэнэ. Нэг ширхэгийг нь 350 төгрөгөөр зарна гэв. Эргэлзэж зогссон надад тэрээр шууд л 200 болгож үнийг нь бууруулсан юм. Ингээд машинаа аваад ирье гэсэн шалтгаанаар тэндээс холдов. Дараагийн засварын газар гаднаа нэлээд өндөр болтол нь дугуйг овоолжээ. Мотоциклийнхоос эхлээд том машины аварга дугуй ч байлаа. Салбарч, урагдсан, жижиг дугуйн үнэ 50 төгрөг гэнэ. Харин бүтнээр нь ашиглачихаж болохоор нь 500 төгрөгийн үнэтэй юм байна. Гадаа хүйтрээд үнэ нь нэмэгдсэн гэдгийг ч дуулгалаа. Уг нь 150-250 төгрөгөөр л зарагддаг юм байна. Мөн л надаас яах гэж байгааг асууж байна. Худаг ухах шаардлага гарсан тул газар гэсгээх гэж байгаа юм гэж хариуллаа. Тэгтэл 50 төгрөгийн үнэтэй жижгүүд болон урагдсан дугуйнуудыг бөөнд нь авчихгүй юу гэж байна. “Тэртэй тэргүй түлэхээс хойш заавал бүтэн байх шаардлагагүй шүү дээ. Наадах чинь нэг нь овоо удаан шатна” гэж засварчин хэлэв.

Ингээд “хорт хавдар” гэгч хүн төрөлхтнийг айдаст автуулсан аймшигт өвчнийг ердөө л 50-хан төгрөгөөр худалдан авч болохоо мэдэв. Ядарсан иргэд ч энэ 50 төгрөгийн дугуйнаас ихэвчлэн авдаг гэнэ. Заримдаа портер хөлөглөсөн хүмүүс ирээд дугуйнуудыг бөөнд нь авчихаад явдаг гэлээ. “Танайх энэ дугуйгаа жижиглэж, хэрчээд өгөхгүй биз. Гал түлэхэд тэр нь амар байх” гэтэл “Манайд тийм үйлчилгээ байхгүй. Уг нь жижиглээд түлш болгож өгдөг газар байдаг л юм гэнэ лээ. Би сайн мэдэхгүй” гэж тэр ах хариулсан. Ингээд тааралдсан дугуй засварын газруудаас хэрэндээ л асууж шалгаалаа. Бүгд л хаягдал дугуйгаа зардаг болж таарлаа. Гэхдээ дээр хэлсэнчлэн хямдхан. Өөрөөр хэлбэл, 100 төгрөгөөр хоёр дугуй авчихад жижигхэн гэрийг өдөртөө дулаахан байлгачихдаг бололтой. Ингээд бодохоор ганц удаа хийх атга нүүрсээ 3000 төгрөгөөр авах уу, эсвэл 100 төгрөгөөр хоёр дугуй аваад өдөржин дулаан байх уу гэдэг асуултын хариулт тун тодорхой юм. Хоолны мөнгөгүй ядуу иргэд хөлдөж үхэх үү, хордож үхэх үү гэсэн хоёрхон сонголттой амьдардаг нь энэ. Гэвч зөвхөн тэр хүмүүс л хордоод байгаа хэрэг биш билээ. Хаягдал дугуй шатааж дулаацаж байгаа мянга мянган айлын яндангаас гарч байгаа хорт агаараар та ч, би ч амьсгалж байгаа юм. 25 дугуйгаа ширхэгийг нь 200 төгрөгөөр надад зарах гэсэн залуу ердөө л 5000 төгрөгийн наймаа хийнэ гэсэн үг. Тэр залууд 5000 төгрөг нь ганц удаагийн хоолны мөнгө. Харин 25 ширхэг хаягдал дугуй нь хэдэн хүнийг өвчлүүлж, хэдэн амьдралыг бөхөөхийг таахын аргагүй. Засварчин залуу 25 дугуйгаа хогийн цэгт зүгээр аваачаад хаячихсан ч тэр дугуйнууд түлш болох нь гарцаагүй. Эс бөгөөд 150 жилийн туршид байгальд шингэдэггүй аюултай хаягдал хэвээр л үлдэнэ. Тэгэхээр бид зөв гарцыг асуудлын бүр эхнээс нь эхэлж хайх ёстой юм. Хаягдал дугуйг бусдад зарж байгааг нь ч тэр, зуухандаа хийгээд шатааж байгааг нь ч тэр хянадаг тогтолцоог бий болгохоос гадна өдөрт хэдэн мянгаараа жагсаалтаас гарч байгаа хар резиний тоог цөөрүүлж, импортыг чангатгах нь гарц юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ асуудлыг дэвшүүлж, үргэлжлүүлэн нийтлэх болно.

Б.СОЛОНГО /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих