Ц.Нямдорж гишүүн хуулийг цагийн дотор уншаад засчихдаг гэв


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Гэвч төслийг хэлэлцэж эхэлсэн үеэс эхлэн гишүүд “Энэ талын ойлголт алга. Уншиж танилцаагүй байхад яаж хэлэлцэх вэ. Хойшлуулъя” гэсэн ч ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа гишүүн тогтоолын төслийнхөө онцлогийг нэгбүрчлэн тайлбарлаж өгөв. Тэрээр “2006 оноос хойш энэ тогтоолын төслийг судаллаа. Одоо дахин хойшлуулаад байх шаардлагагүй. Ер нь тогтоолын төсөл онцлог ихтэй. Монголын төр хөрөнгө оруулагчдад нээлттэй байх болон уул уурхайн салбарыг тогтвортой байлгахын тулд хэд, хэдэн заалт оруулж өгсөн. Дээрээс нь төр бизнесийн ажилд хутгалдахаа больё. Төр үндсэн чиг үүргээ сайн гүйцэтгэдэг болно гэсэн суурь зарчмыг оруулсан” гэв. Гэвч УИХ-ын гишүүн Я.Содбаатар хуулийн төслийг буцаах саналтайгаа дахин дахин илэрхийлсээр байв. Түүний гаргасан горимын саналын дагуу хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураасан ч нийт гишүүн дэмжсэнгүй. Ингээд хэлэлцэхээр гишүүд шамдан орсон ч УИХ-ын гишүүн Д.Батцогт энэ асуудлыг “Шударга ёс” бүлгийн зүгээс хойшлуулах хүсэлтэй буйгаа дуулгаснаар Я.Содбаатарын санаа амрав. Харин Ц.Нямдорж гишүүн Д.Батцогт гишүүнийг Батзориг гэж андуурч эндүүрэн байж “Бүлгийн нэг гишүүн утсаар яриад завсарлага авъя гэж болох уу. Тэр бүлгийнхээ даргыг дууд. Жирийн гишүүн ингэж завсарлага аваад байвал төрийн ажил яаж урагшлах юм. Та нар тогтоолын төслийг уншаагүй, ойлгохгүй гээд байх юм. Ойлгож ядаад байх юм алга, энд. Би гэхэд сая орж ирээд уншаад засчихлаа” хэмээн нам, намаараа талцав. Эцэст нь С.Одонтуяа гишүүн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг чамбай гаргах үүрэгтэй. Энэ дагуу хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулъя” гэснээр хурал өндөрлөв.

Д.БОЛОР /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих