“Бэртэл авсан бол эмчилгээ хийлгэж, гам барих хэрэгтэй”

-Эмч зөвлөж байна-

Сүүлийн хэдэн өдөр хүйтний эрч чангарч, хальтиргаа гулгаа үүссэнээс болж ГССҮТ-д хандах хүмүүсийн тоо эрс нэмэгдэх болсон гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Тиймээс бэртэж, гэмтсэн үед юуг анхаарах, ямар хоол хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд тустай талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах тасгийн эмч Б.Батзоригоос дараах зөвлөгөөг авсан юм.

-ГССҮТ-д хандах иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд нэлээд өссөн гэж байсан. Энэ тухай товчхон мэдээлэл өгөөч?

-Манай эмнэлэгт өдөрт дунджаар 200 гаруй хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтээд ирж байна. Хүйтэн сэрүүний улиралд хүмүүсийн олонх нь хальтирч унасан гэх шалтгаантай ирдэг. Мөн орой үдшийн цагаар архидан согтуурснаас болж бусдын эрүүл мэндийг хохироосон, бие биеэ гэмтээсэн хүмүүс их ирдэг. Зарим тохиолдолд автын болон үйлдвэрлэлийн осол ирж байна. Гэхдээ ахуйн гэмтлүүд зонхилон тохиолдож байна.

Ялангуяа өндөр настан, бага насны хүүхдүүд хараа хяналтгүй гадуур явж байгаад бэртэх нь их байна. Тиймээс иргэд хальтиргаа гулгаа эхэлж буй энэ үед хянуур болгоомжтой явах хэрэгтэй юм. Хальтирч унах, эвгүй гишгэх зэргээс болж, зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай байдаг гэдгийг санах хэрэгтэй.

-Ер нь бэртэж, гэмтсэн үед иргэд хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Замын түгжрэл, нийслэл дэх автомашины тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа нь, замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй жолооч, согтуугаар автомашин жолоодох, бүрэн бус техниктэйгээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандах хүмүүсийн тоог улам нэмэгдүүлж байна. Ясны бэртэл авсан, гэмтэж бэртсэн хүмүүс эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ гам сайн барих хэрэгтэй.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон амбулаториор боолт хийлгэж буй өвчтөн эмчийн зөвлөгөөг дагах нь ховор байдаг. Тиймээс хальтиргаа гулгаа ихэссэн үед иргэд анхаарал болгоомжтой явах, бэртэж гэмтсэн үед эмнэлэгт яаралтай хандах нь чухал. Гэмтлийн эхэнд үе мөч хавдаж, хавагнах хүндрэл гардаг. Харин хаван бүрэн гүйцэд буусны дараа шохойн бэхэлгээг хийх ёстой. Заримдаа шохой хатахдаа загатнах, үрэх зэрэг таагүй байдал үүсдэг. Гэсэн ч энэ үед шохойг хугацаанаас нь өмнө авах, эсвэл дур мэдэн богиносгох зэргээр оролдож болохгүй. Хаван буух үед шохой өөрөө суларч эхэлдэг. Хэрэв таны гар, хөл чилж өвдөөд байвал дээш нь сойх аргыг хэрэглээд үз. Гараа хүссэн хугацаагаараа сойж болно. Харин хөлөө 20-30 см орчим өндөрт байрлуулах нь тохиромжтой байдаг.

-Хөдөөнөөс ирж байгаа хүмүүс гар, хөл хугарах үед чиг тавьж боодог. Энэ үед юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Боолт тавиулсны дараа гар, хөлийн хуруугаа сайтар ажиглах хэрэгтэй. Боолтыг буруу хийсэн үед хуруунууд хавдаж, хөхрөх, чинэрч бадайрах, цайх шинж илэрдэг. Энэ үед эмчдээ яаралтай хандах хэрэгтэй. Харин оёдол тавиулсан өдөртөө шархны орчимд хуурай, мөсөн жинг 10-15 минутын хугацаатай тавихыг зөвлөж байна. Жинг тавих хугацаандаа 15-20 минутын завсарлага авч болох юм байна. Ингэснээр цусан хангамжийг алдагдалгүй болгодог.

-Ясны бэртэлтэй үед хүмүүс исгэлэн зүйл хэрэглэж болохгүй гэдэг ч үнэндээ ямар хоол, хүнс хэрэглэхээ сайн мэддэггүй. Тиймээс энэ тухай зөвлөгөө өгөөч?

-Ясны бэртэлтэй үед хор багатай хонь, үхрийн махтай хоол идэх хэрэгтэй. Энэ нь алдагдсан энерги, уургийг нөхдөг. Түүнчлэн сүү цагаан идээ, арвай будаа, шинэ хүнсний ногоо зэрэг шим тэжээлтэй хүнс хэрэглэх нь зүйтэй.

Исгэлэн тараг, айраг, архи, шар айраг болон хийжүүлсэн ундаа уухыг хориглодог. Эдгээр бүтээгдэхүүн нь шарх сэдрээх, эдгэрэлтийн явцыг удаашруулдаг. Буруу бэлдсэн ангийн мах ч бас хор болох нь бий. Мөчдийн тогтворгүй хугаралттай өвчтөн аль болох чөлөөтэй, чийг даадаггүй, агаар сайн нэвтэрдэг хувцас өмсөхийг зөвлөж байна.

Б.Туул /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих