“Шивээ-Овоо”, “Багануур”-ын хувьцааг “Эрдэнэс Таван толгой”-д шилжүүлжээ
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” компанид өчигдөр шилжүүлжээ.
“Эрдэнэс МГЛ” компани нь уул уурхайн компаниудад Монгол Улсын төрийн эзэмшлийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Одоогоор “Эрдэнэс Таван толгой” компанийг 100 хувь, “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийг 100 хувь эзэмшиж байгаа. Үүн дээр “Шивээ-Овоо” ХК-ийн 90 хувь, “Багануур” ХК-ийн 75 хувийг эзэмшихээр болжээ.
“Шивээ-Овоо” ХК нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах Шивээ- Овоогийн хүрэн нүүрсний ордыг эзэмшдэг. 646,5 сая тонн нүүрсний нөөцтэй. Энэ оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайландаа 1,7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан хэмээн мэдэгджээ.
“Багануур” ХК нь Монголын анхны нүүрсний уурхайнуудын нэг бөгөөд 1978 онд Төвийн эрчим хүчний системийн харьяа Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдсанаас хойш 35 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж ирсэн байна.
URL: