“Хятад хүнд хятад бараа худалдахгүй”
Хятадын хил гаалийнхан өнгөрсөн ням гарагт “Чингисийн төрсөн өдөр, баяр тэмдэглэнэ, хилээ хаана” гэж Монголын хэдэн наймаачдыг түргэн авахуулав.
Үнэн худлыг бүү мэд. Бас хилээ хаасан эсэхийг мэдэхгүй. Үдээс хойш 15 цаг гэхэд хил хааж, Эрээнд үлдсэн монголчуудыг тэнд нь нэг, хоёр хонохоос аргагүй байдалд хүргэх нь гэдгийг сонссон наймаачид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналаа.
Эрээнээс Замын-Үүд рүү хүн, ачаа тээвэрлэдэг “69”-үүд 80 юаниар гаргадаг байсан бол тэр өдөр 150 юань хэмээн үнэд орж байх жишээтэй. Монголчууд монгол хүнээ ингэж байгаа юм чинь хятадууд бол тодорхой шүү дээ.
Зах, дэлгүүрүүд нь шөнөжин шахуу ажилладаг байснаа болиод орой 18-19 цаг гэхэд хаачихдаг болж. Эрээнд очсон монголчуудыг “сэгсрэх”, Эрээн хотод хөрөнгө оруулах зорилгоор явуулж байгаа “бодлого” гэж тодорхойлж болохоор.
Эрээн, Замын-Үүд хоёрын өдөр шөнө шиг ялгаатай хөгжил энэ мэтээс ихээхэн шалтгаалж буй биз. Тэд ингэж байгаа юм чинь бид яагаад ийм арга хэмжээ авч болохгүй гэж.
Монголд ажиллаад буцаж байгаа хятадуудыг Замын-Үүд дээр “саатуулж” болж байна. Наадам, цагаан сар гээд тэмдэглэлт баяруудаа далимдуулан хилээ хааж хэд хоногоор саатуулж болж байна. Монголд үйлдвэрлэсэн “брэнд”-ийнхээ дэлгүүрт хятад хүнийг заавал оруулж, бусад зах, дэлгүүрүүдээр дүүрэн байгаа хятад бараа бүтээгдэхүүнийг хятад хүнд худалдахгүй гээд бичиг наачихсан ч яахав. Тэр хооронд дэлгүүр, хоршоо, баар, ТҮЦ-үүд 24 цагаар ажиллах хэрэгтэй. Наанаа хууль журмаа баримталж байгаа дүр эсгээд, цаанаа Монголдоо хөрөнгө оруулж л байвал болоо.
Бусад улс орны жуулчдыг ч гэсэн “түр хорио”-нд оруулж сургах хэрэгтэй. Энэ жил гадаадын жуулчдын тоо эрс буурсан статистик мэдээ гарсан. Жуулчдыг татах гэж тийм шинэ ажил зохион байгуулбал монголчуудын “түгжээ”-нд орж үзэх гэж жуулчид ихээр ирдэг болчих ч юуны магад. Бид ямар түгжирч сураагүй биш. Нэг их түүртэхгүй байж чадах хойно.
Б.Оюунгэрэл
URL: