Л.Гантөмөр: Цахилгаан станц бариагүй байхад үйлдвэрлэл явуулна гэж яриад ч хэрэггүй

Эрчим хүчний шинэ эх үүсвэр Vцахилгаан станц барих талаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.
- Эрчим хүчний шинэ эх үүсвэр Vцахилгаан станц барих асуудал яригдаж байгаа. Станц барих хөрөнгийн эх үүсвэр нь шийдэгдсэн үү?
-Vцахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн. Засгийн газар энэ станцыг концесын гэрээгээр барих ёстой. Эсвэл Хөгжлийн банкин дээр эх үүсвэр татаад хөрөнгө оруулалт хийгээд явж болно гэж үзэж байгаа, бид.
Бид гурав, дөрвөн жилийн өмнө хөрөнгө оруулагчдын дунд асуудлаа тавиад, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар V цахилгаан станцыг бариач гэдэг санал тавьж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй.
- Ямар хүчин чадалтай станцыг хэдэн төгрөгийн төсөвт багтааж барихаар төлөвлөсөн юм бол?
-Зургаан зуух, таван трубинтай, нийт 820 МВт цахилгаан, 1101 Гкал/цаг дулаан гаргах хүчин чадалтай станцыг 1.4 тэрбум ам.доллараар барина гэж тооцоолсон байна лээ. Одоогоор III цахилгаан станцын өргөтгөл хэлбэрээр барина гэж байгаа. Тэр үед ямар төсөв, тооцоо гарахыг мэдэхгүй. Ямар ч байсан бага мөнгөөр Улаанбаатар хотын цахилгааны асуудлыг шийднэ гэж ойлгож байгаа.
-Станц барих тендерийг Япончууд авсан гэл үү?
-Мэдэхгүй, танай улсад цахилгаан станц барья гэдэг саналыг Япон, Германы компаниуд тавиад удаж байна. Солонгосууд ч санал тавьж байсан. Бага нуур дүүрэгт чинь барья гээд. Харин Засгийн газрын хувьд, станц барих асуудалд яагаад хойрго хандаад байгаа нь тодорхойгүй байдаг. Хувийн ашиг сонирхлоор асуудалд хандаад байна уу, эсвэл удаах шаардлага байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй.
-Ер нь Vцахилгаан станцийг барьснаар Улаанбаатар хотын цахилгааны асуудлыг бүрэн шийдэх үү. Цаашлаад Увс, Говь-Алтай гээд ОХУ-аас цахилгаанаа авдаг аймгуудын цахилгааны асуудлыг шийдэж чадах болов уу?
-Улаанбаатар хотын цахилгааны асуудлыг бүрэн шийдэж чадна. Уул уурхайн үйлдвэрлэл явуулж эхлэхэд Бага нуур, Шивээ-Овоод цахилгаан станц барих шаардлага гарна. Ер нь, цахилгаан станц баригдах хэмжээгээр Монголд үйлдвэрлэл хөгжинө гэдгийг бид маш сайн ойлгох хэрэгтэй. Цахилгаан станц бариагүй байхад Монголд үйлдвэрлэл явуулна гэж яриад ч хэрэггүй. Цахилгаан хямд байгаа газрыг л аж үйлдвэрийн парк гэж нэрлэдэг. Гэтэл цахилгааны асуудлаа шийдээгүй байж аж үйлдвэрийн парк ярьж байгаа нь асуудлаа ойлгоогүйн шинж шүү дээ.
Г.Нар

URL:

Сэтгэгдэл бичих