Монгол-Хойд Солонгосын ойртон нягтралын ард юу байна вэ?

indexdesdsdsdsswwСаяхан Хойд Солонгост хийсэн Монгол улсын төрийн тэргүүний албан ёсны айлчлал өндөрлөсний дараа уг үйл явдлын талаар олон нийтийн сүлжээгээр янз бүрийн дүгнэлт шүүмжлэл өрнөж байсныг олон хүн санаж байгаа байх. Гол шалтгаан нь, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун манай ерөнхийлөгчтэй уулзаагүй явдал юм байх. Манайхан хэзээний л нөгөө “тамын тогооны үлгэр”-ээрээ талцан маргалдаж, жалга довны хэрүүлээ хийцгээж байх хооронд гадны ажиглагчид энэхүү айлчлалыг огт өөр өнцгөөс дүгнэсэн байх жишээтэй. Ингээд үүний нэг тод жишээ болгон “Голос России” –д нийтлэгдсэн материалыг толилуулахаар зорилоо.

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Чен Унын 2011 оны арванхоёрдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш айлчилж буй гадаад орны анхны төрийн тэргүүн боллоо. Хойд Солонгос болон Монголын ойртон нягтралын ард юу байна вэ?

БНАСАУ-ын хаалттай дэглэм сүүлийн үед харьцангуй дулаан уур амьсгалтай болж өөрчлөгдөж байгаа явдал болон Монголын Баруун руу чиглэсэн либерал-капиталист хөгжлийн зам барууны ажиглагчдын хувьд олон асуултууд төрүүлж байгаа билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНАСАУ-д хийх айлчлалыг Пхеньян зөвшөөрсөн нь тус орнуудын улс төрийн харилцаа өндөр түвшинд очсоныг батлав. Энэ нь сүүлийн үед Пхеньян, Улаанбаатарын хооронд янз бүрийн салбарт харилцан хамтарч байсны ачаар бий болсон зүй ёсны үр дүн боллоо.

Эдгээр харилцан солилцооны сэдэв нь зөвхөн хоёр талын хамтын ажиллагааг хамраад зогсохгүй, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудалтай холбоотой зургаан талт хэлэлцээрийн явцыг сайжруулах зүйл болж байна. Монгол улс нь БНХАУ,ОХУ,АНУ,Япон, Өмнөд Солонгос, БНАСАУ-ын хоорондох холбогч маягаар ажиглагдаж байгаа бөгөөд Пхеньяны зүгээс энэхүү байдлыг эсэргүүцэхгүй байгаа нь уг байдлыг нэлээн амжилттай болж байгааг илтгэж байгаа юм.

Хэрэв харилцааны ийм хэв маяг бүрдэж байна гэж үзвэл ямар нэгэн бодит шалтгаан, нөхцөл байдал түүний үндэс суурь болж буй нь гарцаагүй. Энэ өнцгөөс харвал, хөрш том гүрнүүддээ “шахагдсан” түүхэн болон сэтгэл зүйн хүчин зүйлүүд тус хоёр орныг нэгтгэн ойртуулж байна уу гэлтэй. Монгол улс, мөн Хойд Солонгос ч ялгаагүй, зөвлөлт-хятадын газарзүйн болон бүс нутгийн өрсөлдөөн дундаас уламжлал ёсоор гарч ирцгээсэн билээ. Харин өнөөгийн байдлаар, Хойд Солонгос болон Монгол улс нь Хятадаас ихээхэн хамааралтай байна.

Монголчуудын “хуучин эздийн” /БНХАУ,Орос/ болон шинэ хамтрагчдын /АНУ,Япон,Өмнөд Солонгос/-ын хооронд “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” харьцаж буй явдал БНАСАУ-ын хувьд цаашдын хэтийн төлөвлөгөөндөө тусгаж авахуйц үлгэр жишээ болж байгаа бололтой. Мөн монголын ашигт малтмалын нөөцийн төлөө тэмцлийн хөрсөн дээр Улаанбаатарын зүгээс ОХУ,БНХАУ,АНУ,Япон,Өмнөд Солонгостой хэрхэн чадварлагаар “үзэлцэж” буй нь Пхеньянд ихээхэн таалагдаж байх магадлалтай юм. Бас монголчууд сүүлийн 10 жилийн хугацаанд Баруунаас их хэмжээний хүмүүнлэгийн тусламж авч чадсан нь Хойд Солонгосын удирдагчдын сонирхлыг төрүүлсэн байж болохоор.

БНАСАУ нь үзэл суртлын шалтгааны улмаас Монголын либерал-ардчилсан хөгжлийн загварыг хүлээн авч чадахгүй нь ойлгомжтой. Нөгөө талаас, Бээжингийн зүгээс шаргуу санал болгож байгаа хятад шинэчлэлийн хувилбарыг хойд солонгосчууд эрс үгүйсгэж байна. Энэхүү хувилбар тэдэнд огтхон ч таалагдахгүй байгаа ба магадгүй, энэ загвар дотор хятадын хяналт далд оршиж байх магадлалтайг олж харсан байж болох. Харин монголын туршлагаас харагдаж буй либерал элементүүд нь БНАСАУ-д Монголын зүгээс ямар ч хамаарал хяналт тавигдахгүй нь илт учраас “хятадын зам”-аас илүүтэй Пхеньянд таалагдаж байна. Мөн түүнчлэн, хойд солонгосын дэглэмийг аажмаар либералчлах маягаар монголын хөгжлийн загвараар ч цаашид замнахгүй гэх баталгаагүй юм.

Харин Монгол улсын хувьд, түүний БНАСАУ-тай явуулж буй харилцаа, ялангуяа “зургаан талт” хэлэлцээрт чиглэсэн үйл ажиллагаа нь тус бүс нутагт Улаанбаатарын нэр хүндийг бодитоор дээшлүүлж байна. Хойд Солонгост эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын тусламж үзүүлэх боломж нь өөрчлөн хувьсаж буй Зүүн хойд Азид Монгол улсыг идэвхтэй, төвийн “тоглогч” болгохуйц харагдаж байна. Залуухан удирдагч Кимийн хувьд, Монгол улстай хамтын харилцаагаа өргөжүүлснээр түүхэн мухардлаас гарах ховор боломж ч болох магадлалтай.

Д.Мягмарсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих