Тогтвортой хөгжлийн асуудлаар үг хэлэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы 2 дугаар хороонд Тогтвортой хөгжлийн асуудлаар Засгийн газрын байр суурийг илэрхийлж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Г.Баттунгалаг энэ сарын 4-нд үг хэлэв.
2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөрийн гол суурь нь тогтвортой хөгжил байх бөгөөд хүн төрөлхтөнд занал учруулж буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтолд анхаарах ёстойг дурдан энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав.
Ногоон хөгжлийн бодлогыг нийгэм, эдийн засгийн бүх салбарт хэрэгжүүлэх, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгуулан ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, “Ногооон хөгжлийн Азийн сүлжээ” байгуулахаар зорин ажиллаж буйг онцлов.
Түүнчлэн Монгол Улс цөлжилтийг сааруулахын тулд Байгалийн нөөцийн үндэсний хүрээлэн байгуулах, чингэснээр эко аялал жуучлалыг хөгжүүлэх, орлого нэмэгдүүлэх, ногоон ажлын байр бий болгох зэргээр ажиллаж буй талаар мэдээлэв.
Байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр НҮБ-ын гишүүн орнууд нягт хамтран ажиллахын чухлыг манай төлөөлөгч тэмдэглэж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас гаргасан A/68/310 илтгэл, түүнд дэвшүүлсэн 11 зөвлөмжийг хамтран хэрэгжүүлж ажиллахыг гишүүн орнуудад уриалав.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан нэг чухал асуудлын нэг хэвээр байгааг онцолж, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар 2014 оны 9 дүгээр сард Дэлхийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлагыг Монгол Улс дэмжиж буйг тэмдэглэв.
Дэлхийн дулаарлын улмаас гол, нуур ширгэж байгаа нь Монголд төдийгүй бусад олон улсад ч мөн тулгарч буй бэрхшээл тул усны нөөцийн менежментэд цогцоор хандах, Рио+20 бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс усны асуудлаар НҮБ-ын бие даасан байгууллага байгуулах тухай Монгол Улсын санаачилга өргөн дэмжлэгийг авна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
“Рио+20″ НҮБ-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн 5 дугаар сард байгуулагдсан Тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлох Нээлттэй ажлын хэсэг, Тогтвортой хөгжлийн санхүүжилтын асуудлаарх Засгийн газар хоорондын хорооны ажилд Монгол Улсын Засгийн газар чухал ач холбогдол өгч буйг дурдаж, эдгээр механизм үр дүнтэй, оновчтой, бодит саналыг 2014 ондоо багтаан дэвшүүлнэ гэдэгт найдаж буйгаа манай төлөөлөгч илэрхийлэв.
Өнгөрсөн 9 дүгээр сард шинээр байгуулагдан ажлаа эхэлсэн Тогтвортой хөгжлийн асуудлаарх Өндөр хэмжээний улс төрийн форум нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах, түүнд хяналт тавих онцгой чухал үүрэгтэйг тэмдэглэж, тогтвортой хөгжлийн хэрэгжилт нь 2015 оноос хойшхи Мянганы хөгжлийн зорилтуудтай нийцэн, харилцан уялдаатай хангагдах учиртайг мөн онцолсон болно.

URL:

Сэтгэгдэл бичих