Хууль зүйн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2013-11-05/ үдээс хойш хуралдаж дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсраглтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул дээрх хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулахаар болов.
Үүний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар нар асуулт асууж хариулт авсан. Ингээд хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус бүр санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ танилцуулахаар болов.
Мөн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж хариулт авсан.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын нэгдсэн хуралдаанаас дэмжигдсэн дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 1,2 дугаар шүүхүүдийн байрших газрын нэрийг тус тус “Улаанбаатар” гэж заасныг “Улаанбаатар хот /зүүн бүс/” болон “Улаанбаатар хот /баруун бүс/” гэж тодотгон өөрчлөх саналыг хуулийн төсөлд тусгасан байна.
Харин хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал гараагүй бөгөөд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон үүнтэй холбогдсон “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Үүний дараа Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: