Г.Батхүү: Бүс нутгийн тээврийн бүтэц байгуулах бодит шаардлага байна
“Евро, Азийн тээвэр-Бүс нутгийн оролцоо” сэдэвт Олон улсын бага хурал Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.Олон улсын бага хурлыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэхдээ, “Монгол Улс нь өргөн уудам газар нутагтай, Евро-Азийг холбосон хамгийн дөт төмөр замын болон авто замын сүлжээг байгуулах өргөн бололцоотой, улстөрийн хувьд харьцангуй тогтвортой зэрэг хүчин зүйлс нь транзит тээврийг хөгжүүлэх нэн зохимжтой гэдгийг харуулж байна.
Бага хурлын үр дүнгээс гарах санал дүгнэлт нь цаашид бүс нутгийн дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлэх, Европ Азийг холбосон сүлжээ байгуулах ажилд түлхэж үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Монгол Улсын тээврийн талаархи төрийн бодлого, түүний хаэрэгжилтийн төлөв байдал” сэдвээр илтгэл тавив. Монгол Улсын хувьд 2012 оны тээврийн статистикийг 2000 оныхтой харьцуулахад ачаа эргэлт тав дахин, зорчигч тээвэр 3.4 дахин өсчээ. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 718.7 сая зорчигч тээврийн үйлчилгээ авч, 53.3 сая тонн ачааг тээвэрлэжээ.
Манай улс олон улсын тээврийн 18 гэрээ конвенци, есөн протоколд нэгдсэн байдаг аж. Манай улс далайд гарцгүй, хоёрхон хөрш оронтойн хувьд агаарын тээвэр болон далайн тээвэр чухал ач хбологдолтойд тооцогддог. Энэ талаар олон улсын далайн болон агаарын тээврийн гэрээ конвенцид Монгол улс хэдийнэ нэгдэж, өдгөө далайд гэхэд л Монгол Улсын далбаатай хэд хэдэн хөлөг онгоц үйлчилж байгааг дурьдлаа.
Монгол Улсын нийт төмөр замын урт 1815 км бөгөөд ачаа эргэлтийн 90 хувь, зорчигч тээврийн 40 хувийг төмөр замаар тээвэрлэдэг байна. Одоогийн байдлаар 2008-2020 оны мастер төлөвлөгөө, 2008-2016 оны автозамын салбарыг хөгжүүлэх үндэсний хөгжлийн цогц бодлого, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтын дагуу тээврийн салбарыг хөгжүүлж байгаа.
Цаашдаа төмөр замын тээвэр, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж, уул урхайн бүтээгдэхүүний экспортыг хөнгөвлөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тээврийн салбарын бүс нутаг дахь сүлжээ чухал үүрэгтэй аж.
Бага хурлын үдээс хойүхи хуралдаанд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү “Бүс нутгийн тээвэрт Монгол Улсын оролцоо” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тэрээр “…Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр, 2-2.5 дахин их урт замыг 2-3 дахин их хугацаанд тээвэрлэж байна.
Япон, БНСУ болон БНХАУ-ын зүүн эрэг орчим аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн бөгөөд Европын улсуудтай хийх худалдааны ихэнх хувь нь энэ бүс нутагт ноогдож байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын зүүн эргийн боомтуудын ачаалал ихэсч байгаа ч усан замын гарцын нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй байгаа тухай дурьдагдах боллоо.
Эдийн засгийн өсөлтийг хангахад худалдааны эргэлт чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Ази, Европын хоорондын худалдааны эргэлтийг түргэвчлэхэд газрын тээвэр онцгой ач холбогдолтой. Иймээс ч Европын холбооны зарим улс газрын тээврийг хөгжүүлэх чиглэлээр Ази, Европын транзит орнуудаас гаргаж буй санал санаачлагыг ихээхэн дэмжиж хамтран ажиллаж байгаа юм.
Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байгаагийн хамгийн дөт замнал нь манай улсаар дамжин өнгөрч байна. Өнөөдөр ОХУ-ын Алтай, Сибирь, Алс Дорнод, Монгол Улс, БНАСАУ, Япон, Төв болон Зүүн хойд Хятадыг холбосон тээврийн сүлжээг хөгжүүлэх асар том орон зай байна.
Тиймээс Төв Азийн орнуудыг зүүн хойд Азитай, ОХУ-ын Сибирийн бүсийг БНХАУ-тай дэд бүтцээр холбох талаар хөгжлийн бодлогоо нэгтгэх, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх бүс нутгийн тээврийн бүтцийг байгуулах санал дэвшүүлэх нь цаг хугацааны болоод бодит шаардлага болсныг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Гагцхүү энэ бүтэц нь ямар хэлбэртэй байх талаар Та бүхэн хэлэлцүүлгийн явцад нээлттэй, ажил хэрэгчээр ярилцаж, зөв шийдлийг олно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Их Хурал харилцан ашигтай хамтын ажиллагааны бүхий л боломжит хувилбарыг бодлогын төвшинд авч үзэхэд бэлэн гэдгээ энэ дашрамд илэрхийлье” гэлээ.
“Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов хурлын төлөөлөгчдөд хандан үг хэлж, илтгэл тавилаа. Тэрээр, юуны өмнө УБТЗ-ын өнөөгийн үйл ажиллагааны талаар болон “РЖД” НХН-т итгэмжлэгдсэн удирдлага шинжсэн цагаас эхлэн юу хийж амжуулаад байгаа талаар хэдэн үг хэлэхийг хүсэж байна гээд, итгэмжлэгдсэн удирдлага шилжиж байх тэр үед “УБТЗ” ХНН-ийн үндсэн үйлдвэрлэлийн сангуудын техникийн байдал нь замын тээх, нэвтрүүлэх чадварт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хүлээгдэж буй тээврийн хэмжээ түүний дотор дамжин өнгөрөх ачааны урсгалыг хүлээн авахад саад тотгор болж байсан тухай дурдлаа.
Түүнчлэн хөдлөх бүрэлдхүүний элэгдэл 70-аас дээш хувьтай, замын дээд цогцосын элэгдэл 50 хувиас хэтэрсэн байв. Нийгэмлэгийн өр, зээлийн өглөгүүд олон жилийн төлөвлөгөөт алдагдалын хажуугаар 194,25 тэрбум төгрөг (132,79 сая АНУ-ын доллар) болж байлаа. 2009 оны байдлаар “УБТЗ” ХНН-ийн алдагдал 6,6 тэрбум төгрөг болсон тухай хэлсэн.
Мөн тэрээр “ 2012 онд ачаа тээврийн хэмжээ түүхэн дээд түвшиндээ хүрч 20,4 сая тонн боллоо. Гэхдээ УБТЗ-р тээвэрлэгдэж байгаа дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 1,5 сая.тонн байгаа нь үлэмж бага тоо юм. “УБТЗ” ХНН-ийн ажлын эерэг үр дүнгийн зэрэгцээ өнөө хүртэл шийдэгдээгүй байгаа тарифийн индексжүүлэлтийн асуудлаас болж сөрөг нөхцөл байдал үүсээд байна” гэлээ.
УИХ-ын даргын захирамжаар 2013 оны долдугаар сард байгуулагдсан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд авто тээвэр, агаарын тээвэр, авто зам, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн сүлжээ, холбооны болон цахилгаан дамжуулах шугамын сүлжээ, нефть, хийн хоолойн сүлжээ, логистик сүлжээний судалгааг хийхээс гадна “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” Эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Олон улсын стратеги судлалын хүрээлэн, Их Британийн Кембриджийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн болон бусад холбоод, ТББ-уудтай хамтран “Монгол Улсын тээврийн логистик: өнөөгийн байдал, цаашдын хөгжил” Онол, практикийн бага хурлыг зохион байгуулсан юм. Мөн өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын дэд дарга БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү Өрөмч хотноо БНХАУ-ын Дэд ерөнхийлөгч Ли Юанчаотай уулзахдаа дамжин өнгөрөх тээврийн талаар санал солилцсон байна. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө Ажлын хэсгийн төлөөлөгчид ОХУ-д ажлын айлчлал хийж ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллагын холбогдох Байнгын хороод болон Тээврийн яам, “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн удирдлагуудтай хийсэн уулзалтууд ихээхэн үр дүнтэй болжээ.
Тус Ажлын хэсэг Төрөөс дамжин өнгөрөх тээвэр, логистикийн талаар баримтлах бодлого, холбогдох хуулийн төслийг боловсруулан энэ намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих үүрэг хүлээсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: