180 гаруй барилга байгууламжуудын санхүүжилтийг түр царцаах нь зөв гэж үзлээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Бүлгээс байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
Мэдээллийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Зоригт танилцуулсан юм. Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлттэй холбоотойгоор 2014 оны төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гишүүд санал солилцсон юм.
Юун түрүүнд хөрөнгө оруулалтын зардлаас төрийн захиргааны байгууллагын тавилга, эд хогшил, компьютер, конторын тоног төхөөрөмж, автомашин худалдан авахад зориулсан тэвчиж болох хөрөнгийн зардлыг хасах нь зүйтэй гэж шийдвэрлэв. Түүнчлэн гадаад, дотоод томилолтын болон төвлөрсөн арга хэмжээний зардлыг эргэж нягтлах ёстой гэж үзсэн юм.
Харин цалин нэмэхтэй холбоотой асуудлыг инфляцийн төвшинтэй уялдуулах нь зөв гэж бүлгийн гишүүд үзлээ. Төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэн асуудалд бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэв.
Тухайлбал, “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолийн 1 ба 2 дугаар хавсралтад заасан нийт 289 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжуудын төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа удааширсан шалтгаан нөхцөл байдалд дүгнэлт гаргаж ирүүлэх үүргийг өгсөн. Тэгвэл Аудитын дүгнэлт болон түүнтэй холбоотойгоор АТГ-ын дүгнэлтээ УИХ-д өнөөдөр ирүүлснийг хэлэлцлээ.
Дүгнэлтээр зураг төсөв нь бэлэн биш, гүйцэтгэгч нь шалгараагүй, ажил нь эхлээгүй, газрын зөвшөөрөлгүй 46, харин гүйцэтгэл нь хэвийн явагдаж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдээгүй, дуусах дөхсөн 46 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ барилга байгууламж байна гэсэн дүн гарчээ.
Мөн он дамжихаар хэрэгжиж буй хэдий ч зураг төсөв нь өөрчлөгдсөн, төсөвт өртөг нь нэмэгдсэн, санхүүжилтийнхээ ихэнх хэсгийг авсан боловч гүйцэтгэл нь хангалтгүй байгаа, ижил төстэй барилга байгууламжуудаас үнийн хувьд хэт өндөр, ялгамжтай байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжуудын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллага, шинжээчдээр дүгнэлт гаргуулж зайлшгүй нарийвчлан хянах шаардлагатай гэсэн саналыг Үндэсний Аудитын газраас ирүүлсэн байна.
Тиймээс “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолийн 1 ба 2 дугаар хавсралтад заасан нийт 289 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжуудын төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа удааширсан, нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний Аудитын газраас ирүүлсэн судалгааны урьдчилсан дүн эдгээр барилга байгууламж, объектуудын талаар ул суурьтай судалж мэргэжлийн байгууллага, шинжээчдээр нарийвчилсан дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа тул холбогдох 180 гаруй барилга байгууламжуудын санхүүжилтийг түр царцаах нь зөв гэж үзлээ.
URL: