Хуучин хэвлэхийн эзнийг До.Чулуунбаатараас биш Н.Энхбаяраас нь асуугаач, цагдаа нар аа!
Монголын цагдаа улс төрждөгийн нэг тод жишээ бол До.Чулуунбаатарыг хорьсон явдал. “Сүхбаатар”-ын нэрэмжит хэвлэх үйлдвэр хэний өмч вэ гэдгийг гудамжинд гараад захын нэг иргэнээс асуухад “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярынх” гээд хэлээд өгнө. Ийм мэдээжийн, ойлгомжтой зүйлийг тогтоохын тулд яагаад цагдаагийн байгууллага До.Чулуунбаатарыг хорьж байгаа юм бэ? Цагдаагийн байгууллага хэвлэх үйлдвэрийн өмчлөгчийг нь мэдэхгүйдээ До.Чулуунбаатарыг хорьж цагдаад байгаа хэрэг үү. Үүнийг хэлж өгөх хүн нь ганцхан До.Чулуунбаатар уу. Үгүй шүү дээ, үнэн чанартаа цагдаагийн байгууллага хэвлэх үйлдвэрийг өмчлөгч нь хэн бэ гэдгийг мэднэ. Мэдэхийн ихээр мэдэж буй хүмүүс учраас, өөрсдөө хэлж чадахгүй байгаагаас “Хэвлэх үйлдвэр Ерөнхийлөгч асных” гэж хэлүүлэх гээд ээрээд байна. Чаддаг юм бол Монголын цагдаа До.Чулуунбаатараас бус Н.Энхбаяраас өөрөөс нь асуух нь яасийм. Тэгээд түүнээр “Хэвлэх үйлдвэр минийх” гээд хэлүүлчих. Даанч тэгж чадахгүй л дээ.
Ямар ч цаг үед улстөржиж улстөрчдийн гар хөл болж явсан Монголын цагдаад шударга ажиллах нүүр байхгүй учраас тэд Н.Энхбаяраас айгаад халдаж чадахгүй байна. Ядаж л “Энэ хэвлэх үйлдвэр хэнийх вэ” гээд асуучих зориг зүрх тэдэнд алга. Тийм байж До.Чулуунбаатарыг ороож улс төрийн золионд гаргах янзтай.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэдэг хүнийг хорьж чадахгүй байж, ардаа ямар ч хамгаалалтгүй нэг сэтгүүлчийг бариад хорьчихлоо. Үүгээрээ цагдаагийн байгууллага гэмгүй нэгэн сэтгүүлч До.Чулуунбаатар гэдэг хүнийг хүнийх нь хувьд доромжиллоо. Дөрөв дэх засаглалын байр суурьтай хэмээн ард түмэнд үнэлэгддэг сэтгүүл зүйг, сэтгүүлчийг хямдхан золиж болно гэж бодож байгаа хэрэг үү, цагдаагийн байгууллага.
Хэвлэх үйлдвэрийг хувьчлах менежментийн багийн ахлагч байсныхаа төлөө До.Чулуунбаатар шийтгүүлэх нүгэл үйлдсэн юм бол жинхэнэ эзэн нь яах болж байна вэ. Цагдаагийн байгууллага улстөрждөг, улстөрчдийн гар хөл болдог нэгээхэн дүр зураг ийм байна. Харин үүнийх нь золиос нэг муу сэтгүүлч болоод хоцрох ёсгүй. Хэрэв Н.Энхбаярыг өөрийг нь хорьчихвол хачин юм болно л доо. Хоригдсондоо шарлахсан Н.Энхбаяр юу ч хийж мэднэ. Өөдөөс нь довтолсон хэнбугайн ч өмнөөс хараад “но”-г нь хэлж чадах хүн гэдэг юм билээ. Тийм учраас өнөөдөр цагдаагийнхан болон улстөрчид түүнд халдаж чаддаггүй, жийрхэн жижгэрээд байгаагийн учир тийм. Тэр хүн цагдаагийн байгууллага хэрхэн улстөрждөгийг мэднэ. Тэнд ажиллаж буй албан тушаалтнуудын хэн нь ямар нүгэл, буяныг хийж суудгийг төрийн өндөрлөгт олон жил алба хашихдаа дэндүү их мэдэрсэн, мэдсэн. Тэгэхээр одоохондоо юу ч болж байсан түүний гаранд нь гав зүүгээд, хорьж чадах хүн байхгүй. Иймд түүнд барьцаалагдсан цагдаагийн байгууллага жинхэнэ гэмт хэрэгтнийг илрүүлэх ажлаа хийж чадахгүй хөшиж, халдаж чадахгүй хавчиганаж буй эмгэнэлтэй дүр төрх харагдаж байгаа юм.
Улстөржсөн цагдаа ямар ч гэмгүй сэтгүүлчийг бариад хэвлэх үйлдвэрийн хуудуутай хувьчлалын асуудлыг сөхөж, үнэн мөнийг тогтоох юм гэнэ. Ингэж иргэнийхээ эрх чөлөөнд халдаж улстөрждөг цагдаа байх уу. Хэвлэх үйлдвэр хэнийх, чухам тэр үед юу болсныг Н.Энхбаяр л хэлнэ. Түүнээс асууж байж үнэн мөнийг тогтоох ёстойгоос биш. Нэг сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгээд “Хэвлэх үйлдвэрийг хувьчилж авсан эзэн нь хэн бэ”, “Ард чинь хэн байгаа” хэмээн шантаажлаад хэрэг илрэх үү. Хувьчлалын асуудлаас бол эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгагдаж буй хүн нь зөвхөн До.Чулуунбаатар биш. Хотын мэр байсан М.Энхболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунай, НИХТ-ын дарга Т.Билэгт нар ч холбогддог. Тэд өмч талаас нь энэ үйлдвэрийн хувьчлалд багагүй гар бие оролцсон гэдэг. Тийм ч учраас тэднийг цагдаагийнхан шалгаж байгаа. Тэр дундаас яагаад заавал До.Чулуунбаатар гэдэг хүнийг хорьсон юм бэ. Жирийн нэг сэтгүүлч улс төрийн хамгаалалтгүй хүн учраас тэр. Харин түүний оронд Т.Бадамжунай,Т.Билэгт, М.Энхболд нарын алийг нь ч хорьж болох байв. Гэтэл улстөржсөн цагдаа тэгсэнгүй. Одоо М.Энхболд Монгол Улсын Шадар сайд, Т.Бадамжунай ХХААХҮ-ийн сайд, Т.Билэгт НИТХ-ын даргын албыг хашиж буй. Тэдэн дундаас “Ганц худаг”-т хоригдох сул, хамгаалалтгүй хүн байгаагүй учраас мөрөөрөө явсан сэтгүүлч онилогдож. Тэгээд ч Ерөнхий сайд С.Батболд, Ү.Хүрэлсүх хоёрын зөвшөөрөлгүйгээр хөдөлдөг цагдаагийн байгууллага гэж байхаа больсон гэж ярьдаг юм билээ. Хууль бус хувьчлалын луйврыг дэлгэхийн тулд жирийн нэг хамгаалалтгүй иргэнээ барьж хорьж, эрх чөлөөг нь зөрчих хэрэг байсан юм уу. Ерөнхий сайд аа! МАН-ын генсек У.Хүрэлсүх ээ. Жирийн иргэнээ улс төрийн шалтгаантай хорьж амьдралаар нь тоглох эрх та нарт байгаа гэж үү. Тийм сүрхий юм бол Н.Энхбаяраа л хорьж цагдаач дээ. Н.Энхбаярыг барьж, хорих гэж жүжиг тавих хооронд чинь жирийн иргэд хохирч байна. Түүний баруун гар гэгдэж явсан Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг шорон руу илгээлээ. Дараачийнх нь До.Чулуунбаатар болж байх шиг байна. Энэ мэтээр хэдий болтол Монголын цагдаа улстөржиж, жирийн иргэдийнхээ амь амьдралаар дэнчин тавьсаар байх вэ.
Г.Дэлгэрцэцэг
URL: