Эрчимтэй хөгжил суларснаар хөрөнгө оруулагчдад боломж нээгдлээ

87ba2c0eb137745100fa733d4dcb5299_LНЬЮ-ЙОРК. /Блүмберг/. Гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй улс болох хэрэгтэй гэдгээ Монгол Улс ойлгож байна гэж зэсийн ордын өргөтгөлийн ажлын улмаас “Рио Тинто”-той хийж байсан маргаан дээр ахиц дэвшил гаргасан тус улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Манай улс гадаадын бүх компанид нээлттэй бөгөөд төмөр зам, цахилгаан станц, уул уурхай зэрэг салбарт хөрөнгө оруулах зөвшөөрөл олгоход бэлэн гэж Н.Алтанхуяг Хятадад таван өдрийн айлчлал хийх үеэрээ Бээжин хотноо ярилцлага өгөхдөө хэлсэн юм.
Энэ онд монгол төгрөгийн доллартай харьцах ханш 21 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалт 47 хувиар буурсны дараа энэ сард Монголын парламент дотоодын болон гадаадын хувийн хөрөнгө оруулагчдад өөр өөр журам үйлчилж байсныг эцэслэсэн хуулийг баталсан билээ.
“Бид зах зээлээс нэлээд шүүмжлэлтэй тулгарсан, бүх шүүмжлэлтэй санал нийлж байна. Хөрөнгө оруулалтын хуулийг баталсанд манай хөрөнгө оруулагчид баяртай байгаа” гэж Н.Алтанхуяг хэлжээ.
Гол хөрөнгө оруулагчидтай, тэдгээрийн дотор “Рио Тинто”-той сунжирсан маргаантай байгаа болон орлогын дийлэнх хувийг ард иргэдэд өгөх уриалга газар авч буйн улмаас Монголын уул уурхайн эрчимтэй хөгжил удааширч байна. Дэд бүтцийг байгуулснаар ашигт малтмалын арвин их баялгаасаа ахиухан хэмжээгээр экспортлох боломж далайд гарцгүй тус улсад буй болно гэж Н.Алтанхуяг найдаж байна. Түүний хэлснээр, түүхий эдийн үнэ буурсан нь тус улсын 10 тэрбум долларын эдийн засагт сөргөөр нөлөөлжээ.
Монголын ДНБ 2011 онд 17,5 хувиар өсч дээд амжилт тогтоож байсан бол өнгөрсөн онд 12,4 хувиар өсчээ. Харин энэ оны эхний хагаст 11,4 хувиар өссөн байна. Засгийн газар дотоодын барилгын салбарыг өргөтгөж, орон сууцны зах зээлийг дэмжсэнээр ДНБ-ий өсөлт оны эцэс гэхэд 13-14 хувь болно гэж Н.Алтанхуяг үзэж байна.

Үнийн бууралт
“Нэлээд бэрхшээл тулгарсан жил болж байна. Манай экспортын бүтээгдэхүүнүүдийн дийлэнхийн зах зээлийн үнэ буураад байна” гэж Монголын Ерөнхий сайд хэллээ.
Энэ онд нүүрсний үнэ 15 хувиар буурсан байгаа нь Монголын экспортын хамгийн гол бүтээгдэхүүнээс олох ашгийг оны эхний есөн сарын байдлаар 45 хувиар бууруулаад байна.
Гэхдээ манай улс үнээс илүүтэйгээр хамгийн том хэрэглэгч Хятадад экспортлох нүүрсний хэмжээ болон “Таван толгой” нүүрсний ордын дэд бүтцийн өргөтгөлийн ажлыг чухалчилж байна гэж тэрбээр мэдэгдэв.
Ерөнхий сайдын хэлснээр, түүхий эдийн үнэ нэмэгдэхгүй энэ хэвээр байвал төрийн өмчийн нүүрсний  “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн IPO-г гаргах (хувьцааг зах зээлд арилжаалж, төсөв босгох) талаар ярихын ч хэрэггүй.
“Хэрвээ үнэ энэ хэвээр байвал IPO-гийн талаар ярих ч хэрэггүй. Бид дэд бүтцээ барьсны дараа л IPO-г илүү өндөр үнэд хүргэнэ” гэж тэрбээр хэлжээ.

“Оюутолгой”
“Тавантолгой” болон “Оюутолгой” нь Монголын томоохон хоёр орд юм. Зэс, алтны “Оюутолгой” ордын хоёр дахь шатыг санхүүжүүлэх дөрвөн тэрбум орчим долларын санхүүжилтийн багцын асуудлаар Монгол Улс болон Лондонд төвтэй Рио Тинто энэ онд хэд хэдэн удаа хэлэлцээ хийгээд байна.
Зах зээлийн ханшаар дэлхийд хоёрдугаарт ордог уул уурхайн компани Рио Тинто нь тус ордын хувьцааны 66 хувийг эзэмшдэг, Ванкуверт төвтэй “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны 51 хувийг эзэмшдэг билээ. Харин Монгол Улс “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг юм.
“Шийдвэрлэх шаардлагатай байсан асуудлуудын тал хувийг хэдийнээ шийдсэн. Засгийн газар  дахин санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэхэд бэлэн” гэж тэрбээр хэлэв. Ил уурхайн ажил үргэлжилсээр байна. Харин тус ордын өргөтгөл буюу далд уурхайд ажиллаж байсан 1700 ажилтныг цомхотгох асуудал маргаан үүсгэсэн билээ.
“Төслийн ажил зогссонд Монголын Засгийн газар ямар ч хамааралгүй. Шийдвэрлэхэд хэцүү асуудал байгаа гэж бид үзэхгүй байна” гэж Н.Алтанхуяг хэллээ.

Тэсвэр тэвчээр, хамтын ажиллагаа
Усны хэрэглээ, баяжмалыг тээвэрлэх, Хятад руу экспортлох болон компанийн удирдлагын талаарх санал зөрөлдөөнийг удахгүй шийдвэрлэнэ гэж “Оюутолгой”-н ТУЗ дэх гурван монгол хүний нэг Д.Ганболд энэ сарын 26-нд ярилцлага өгөхдөө хэлсэн юм.
“Хоёр тал бие биедээ маш хүлээцтэй, хамтран ажиллаж байна. Нэг асуудлыг шийдвэл бусад нь шийдэгдэж магадгүй” гэж 1990-1992 онд тус улсын Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан Д.Ганболд хэлжээ.
Өнгөрсөн долдугаар сард бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж эхэлсэн тус ордын эхний шатны ажилд хэдийнээ 6,6 тэрбум доллар зарцуулаад байна.
Умард Солонгостой хиллэдэг бөгөөд Далянь боомт байдаг Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужид Н.Алтанхуяг зочилсныхоо дараа Хятадын дарга Си Зиньпин, Ерөнхий сайд Ли Көцян нартай Бээжин хотноо уулзсан юм.
Эрчим хүч, боловсрол, соёл, санхүүгийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх баримт бичигт талууд гарын үсэг зуржээ. Хоёр улс уул уурхайн салбарт илүү ойр хамтран ажиллана гэж гарын үсэг зурах ёслолын дараа Хятадын Гадаад харилцааны дэд сайд Лю Жэньминь Ардын их хурлын танхимд сурвалжлагчдад мэдэгдэл хийхдээ хэлсэн билээ.
Монголын экспортын бараа бүтээгдэхүүний 86 хувийг тус улсын урд хөрш авдаг юм. 2013 оны эхний есөн сарын байдлаар, Хятад руу 2,66 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Харин өнгөрсөн оны мөн үед 3,01 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортолж байв. Хоёр улсын хоорондын валютын солилцоог 20 тэрбум юань буюу 3,3 тэрбум доллар хүргэх хэлэлцээг Хятадын Ардын банктай хийсэн гэж Монголын төв банк өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.

Г.Доржханд

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих