Бизнесмэнүүд МАН-ыг орхисонгүй
Монгол Ардын намын XXVII их хурал түүх болон үлдэхтэй зэрэгцээд тус намын шинэчлэл эхэлж байгаа нь энэ гэх.
Үүнийг “шинэчлэлийн их хурал” гэсэн тодотгол нь гэрчлэх үү, эсвэл М.Энхболдыг намын даргаараа тавьсан шийдвэр нь батлах уу. Хөндлөнгөөс харахад дээрх хоёр үндэслэлийн аль, аль нь МАН-ыг эвлэн тохинуулж болох ч эцсийн дүндээ нам шинэчлэгдэнэ гэдэг ер нь байж болох бодит үр дүн мөн эсэх нь тун эргэлзээтэй. Тэр дундаа тус намын Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн болон Бага хурлын төлөөлөгчдийнх нь нэрсийг харахад зорилго, зорилттой нь эвлэрэхэд бэрх.
Наад зах нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд болон Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар шинээр сонгосон Удирдах зөвлөлийг өнгөлж буйг бодоод үз. Цаашлаад нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн А.Тлейхан гэсэн нэр байна билээ. Бас л асуудал. УИХ-ын гишүүн л бол улстөрч гэсэн ойлголт манайхны дунд түгээмэл болчихсон үед тэд мундаг байж болно.
Гэхдээ “шинэчлэлийн” гэсэн уриан дор хуралдаж, ялагдлаа ялалт болгон хувиргахыг чухалчилж байгаа улс төрийн хүчний хувьд тэд шинэчилж чадлаа юу. Та бод л доо, 50 настай эр өглөө бүр босоод шүдээ угаахаасаа өмнө өглөөний ундаа уудаг байлаа гэж. Тэгвэл тэр хүн 50 дахь жилээсээ шүдээ угаасныхаа дараа өглөөний ундаа уудаг болох уу. Би л хувьдаа үүнд эргэлзэнэ. Энэ бол жишээ. Гэхдээ МАН-ынхан энэ цаг үедээ итгэсэн хэддээ итгэснээрээ итгэж, зарим нэг нь итгэсэн мэт царайлахыг хүссэн бол энэ нь тэдний асуудал яах аргагүй мөн. Тиймээс ч “МАН-ын XXVII их хурал сайхан болж өнгөрлөө. Одоо ингээд шинэчлэлийн замдаа орлоо” хэмээн олонд мэдээлсэн биз. Гэсэн ч харамсах, магтах эрх бидэнд бас бий.
Учир нь МАН бол Монгол Улсын түүх. Хүссэн ч, эс хүссэн ч тэд цаашид ч манай улсын түүхийн нэг хэсэг байсаар байна. Энэ утгаараа МАН шинэчлэгдэх нь бидэнд ашиг тустай. Иймийн учир олон хүн “МАН-ыг жинхэнэ утгаараа шинэчлэгдээсэй” хэмээн хүсч байсан иргэд итгэл хүлээлгэж буйн нэгэн адил бизнес эрхлэгчид ч тус намыг орхихгүй гэдгээ энэ удаагийн их хурлаар батлав. Хэдийгээр нам нь ялагдаж, олон жил үзээгүй бэрхшээлтэйгээ тулгарч байгаа ч бизнес эрхлэгчид МАН-ын Бага хурлын гишүүн болохын төлөө хүчийг үзнэ гэдэг бол тус намд эргэн сэргэх “сайхан ирээдүй” бий гэдгийн илэрхийлэл. Тэр дундаа Монголын хүчирхэг группууд өөрсдийн төлөөллийг Бага хуралд “шигтгэж” амжсан байна билээ.
Энэ нь “МАН мөнгөтэйгээ үлдлээ” гэдгийг зарлаж байгаа хэрэг. Учир нь тус намын хувьд шинэ удирдлагуудынх нь зүгээс хийх хамгийн эхний ажил бол намынхаа санхүүжилтийг зузаатгах. Тийм ч учраас УИХ-ын дэд дарга М.Энхболдод намынх нь нөхөд итгэл хүлээлгэж, намын даргаараа сонгосон байж таараа. Тэр хэрээр хотын фракц тус намын Бага хуралд бараг л бүрэн бүрэлдэхүүнээрээ хүч түрэн орж ирсэн байсан. Энэ нь МАН-ын санхүүгийн бэрхшээлийг шийдэж болох сайн талтай ч нөгөө талаас нь харвал тус нам бүхэлдээ “газрын наймаачин” мэт харагдаж, үзэгдэж, ойлгогдож, шүүмжлэгдэх магадлал улам бүр ихсэх биз.
Түүнчлэн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо зөвхөн Бага хурал төдийгүй Удирдах зөвлөлд дэндүү гэмээр олон төлөөлөлтэй болж чадсан. “Петровис” компанийн хэлтсийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн О.Содбилэг, “Өндөр буянт” компанийн захирал Н.Төмөрхүү, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Б.Амарсанаа, “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат. Зөвхөн Удирдах зөвлөлд гэхэд энэ залуус багтсан. Тэд мөн л бизнес эрхлэгчид. Намдаа болохоос нь эхлээд болохгүйгээ хүртэл зүтгэх эдгээр залуусын хувьд ирэх 2016 оны, цаашлаад УИХ-ын сонгуульд жинхэнэ утгаараа НАМЗХ-ыг МАН-д тунхаглах хүчтэй болж байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл тэд 2016 онд цаашлаад 2020, 2024 оныг харж энэ удаагийн их хуралд М.Энхболдыг дэмжсэн нь зайлшгүй юм.
Мөн “Петровис” компани болон “М-Си-Эс” группын төлөөлөл МАН-ын Бага хуралд цөөнгүй багтсан байгаа. Зөвхөн нарийн бичгийн даргаар нь гэхэд “Петровис” компанийн хэлтсийн дарга Х.Булгантуяа томилогдож, Бага хурлын гишүүнээр уг группын ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл дахин сонгогдсон. Үүгээр ч зогсохгүй Удирдах зөвлөлд нь “Петровис” компанийн хувь эзэмшигч О.Содбилэг сонгогдсон. “М-Си-Эс” группын хувьд ч адилхан. Хувь эзэмшигчдийнх нь нэг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Удирдах зөвлөлд нь сонгогдсон бол дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир мөн л Бага хурлын гишүүнээр улирсан. Бусад бизнес эрхлэгчдийн хувьд ч ялгаагүй. Бага хуралд нь төлөөллөө үлдээхийн тулд чамгүй хөөцөлдлөгөө хийсэн гэх.
Энэ утгаараа МАН-д ирээдүй бий гэсэн үг. Үүнийг нь үгүйсгэгчид бухимдаж “МАН сөнөлөө, сөнөчихлөө” хэмээн зарлаж болох. Гэсэн ч улс төрийг улстөрчдөөс илүү бизнес эрхлэгчид хийдэг гэж үзвэл МАН-ын ирээдүй “Петровис”, “М-Си-Эс” тэргүүтэй хүчирхэг группуудын эрхшээлд улам бүр лав гэгч нь атгагдаж буй нь энэ биз ээ. Тодруулбал тэд МАН-ыг барьсан барьцаа XXVII их хурлаар улам бүр лавшрууллаа. Үр дүнг нь хамтдаа харцгаая.
Г.Отгонжаргал
URL: