Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд ямар өөрчлөлтүүд орох вэ?

527-1383614259131105-shuuhhyanaШүүхийн багц хууль хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор зарим нэгэн процессийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарсан байна. Тиймээс дээд шүүхийн иргэн, захиргаа, эрүүгийн танхимаас УИХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн бариад байгаа юм.
Тэдгээр хуулийн төслүүдийг өнгөрсөн 10 дугаар сарын 31-ны өдөр хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр буцаагаад байгаа билээ. Ингээд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  оруулахаар хэлэлцэгдэж буй нэмэлт, өөрчлөлтүүдийг уншигчиддаа хүргэе.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
1 дүгээр зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах зүйлүүдэд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг:
5.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа  этгээдээс нөлөөлөх гэж оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
2/13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг:
13.5 Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр тохиолцсоныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ.
3/25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалт:
25.1.7. нэхэмжлэлийн бүх шаардлага эсхүл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх хүсэлт гаргах;
4/67 дугаар зүйлийн 67.1.4 дэх заалт:
67.1.4. эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах.
5/71 дүгээр зүйлийн 71.5 дахь хэсэг:
71.5. Шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш явагдах эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг харгалзан тогтооно.
6/80 дугаар зүйлийн 80.1.9, 80.4 дах заалт:
80.1.9 “эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах болсон бол”
80.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана. Шүүгч захирамждаа хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцлийг зааж, хэрхэн засахыг зааж өгнө.
7/91 дүгээр зүйлийн 91.1.4 дахь заалт:
91.1.4 ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол.
8/95 дугаар зүйлийн 95.4 дах хэсэг:
95.4. Санал хураалт явуулахаас өмнө иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаарх өөрийн байр суурийг бүрэлдэхүүний хоёр шүүгчид танилцуулна.
9/119 дүгээр зүйлийн 119.7, 119.8 дахь хэсэг:
119.7. Энэ зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
119.8. Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ зүйлийн 119.7-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ зүйлийн 119.7 дахь заалт хамаарахгүй. Энэ тохиолдолд шийдвэрийг 119.5-д заасан журмын дагуу хүргүүлж, хугацааг 119.6-д заасан дагуу тоолно.
10/125 дугаар зүйлийн 125.2, 125.3 дахь хэсэг:
125.2. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ.
125.3 Энэ зүйлийн 125.2-т заасан үндэслэлээр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх явцад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулж болно.
11/172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэг:
172.4. Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж буцаан олгохгүй.
12/176 дугаар зүйлийн 176.4, 176.5 дахь хэсэг:
176.4. Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол эцсийн байна.
176.5 Улсын дээд шүүх хуралдааны дэгээ өөрөө тогтооно.
2 дугаар зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг “Шүүгчийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн анхан болон давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд Танхимын тэргүүн захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилно.” Гэсэн хоёр дахь өгүүлбэр….. зэрэг зүйл заалтад нэмэлт….. гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Иргэний хэрэг шүүхэ хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг
32.4. Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ.
2/81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэг:
81.1. Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 2 шүүгч, 1 иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ. Энэ заалт энэ хуулийн 171 дүгээр зүйл, 181.5 –д заасан журмын дагуу тогтоол гаргахад хамаарахгүй.
3/86 дугаар зүйл:
86 дугаар зүйл. Иргэний төлөөлөгч, түүний эрх үүрэг
86.1. Хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд иргэдийн нэг төлөөлөгчийг оролцуулна.
86.2. Шүүх бүрэлдэхүүнд орсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангаргална.
86.3. Иргэдийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэхэд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
86.3.1. хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх;
86.3.2. нотлох баримтыг шинжлэхэд оролцох;
86.3.3. зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн гэм буруугийн талаар өөрийн байр суурийг танилцуулах;
86.3.4. хэргийн үйл баримт, зохиогчийн гэм буруугийн талаар өөрийн байр суурийг танилцуулах;
86.3.5. шүүхийн шийдвэр гаргах санал хураалтад оролцох;
86.4. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад иргэдийн төлөөлөгчид дараах зүйлийг хориглоно
            86.4.1. шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх;
            86.4.2. шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх;
            86.4.3. хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах;
            86.4.4. хэргийн талаар нотлох баримт цуглуулах;
            86.4.5. өөрт нь итгэмжлэгдэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах:
            86.4.6. иргэдийн төлөөлөгчөөр оролцсон хэргийн талаар мэдээлэл өгөх:
            86.4.7. зөвлөлдөх тасалгаанд гаргасан санал, хэлэлцсэн асуудлыг задруулах.
5/92 дугаар зүйлийн 92.5 дахь хэсэг:
92.5. Шүүгч, иргэдийн төлөөлөгчийн татгалзан гарах тухай асуудлыг үндэслэлтэй эсэхийг бүрэлдэхүүн шийдвэрлэхдээ татгалзан гаргагдаж байгаа этгээдийг оролцуулахгүй. Санал тэнцвэл шүүгч, иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргагдсанд тооцно.
6/161 дүгээр зүйлийн 161.3 дахь хэсэг:
161.3. Давж заалдах журмаар хянан шийдвэрлээгүй хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхгүй.
7 дугаар зүйл. Энэ хуулийг 2013 оны 11 дүгээр сарын ..-ны өдрөөс эхлэн мөрдөнө.
Шүүхийн багц хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж буйтай холбоотойгоор дээрх зүйл заалтуудад өөрчлөлт оруулж, хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаа аж. Бид дараагийн удаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ямар ямар өөрчлөлтүүд орох шаардлагатай байгааг хүргэх болно.
Н.Батаа
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих