Д.Содном: Би монгол хүний холч ухаан, уужим сэтгэл, хийморь заяагаар бахархаж явдаг

3cb03c080bce323dc9be5436a7a407a2_L“Чингис хаан одон” гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном үг хэллээ.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ээ,
Монгол төрийн дээд шагнал Чингис хаан одонг Монголчууд бидний бахархал Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө гардан авч байгаадаа туйлын их талархаж байна.
Дэлхий дахинд мянганы хүн гэж үнэлэгдсэн Чингис хааны агуу их ухаан, мэргэн бодол, мятаршгүй хүчин зүтгэл, монгол тулгатныг нэгтгэж, дэглэм журмыг сахиулж чадсанаараа дэлхийн талыг эзлэн эмхэтгэж, монголчуудын хаан бахархал болсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Таны санаачилгаар бахархлын өдөр бий болгон тэмдэглэдэг болсон нь түүхээ мэдэж, түүнээс сургамж авч байхыг бодолцсон чухал ач холбогдолтой юм.
Монголчууд бид Их Эзэн Чингис хаанаараа, түүхээрээ, өвөг дээдсээрээ, эх орноороо бахархдаг. Бид хажуунаас нь харж бахархагч нар байх биш. Хүн бүхэн бахархууштай үйлс бүтээж буйгаа үнэлж дүгнэж чаддаг, юу бүтээхээ төлөвлөн хөдөлмөрлөж, нөхдөөсөө үлгэр авч амьдарвал монгол тулгатан, Монгол Улс улам илүү хөгжих болно.
Бид өнгөрсөн ХХ зуунд эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн бэхжүүлж, иргэд маань эрүүлжиж, боловсролтой болсон. Энэ бол бахархал юм. Өнөө үед улс төр, нийгмийн тогтолцоог боловсронгуй болгохын төлөө үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа төр, нийгмийн зүтгэлтнүүд, өдөр тутмын уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ баялгийг бүтээж, үр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлж байгаа эгэл жирийн идэвхтэй хөдөлмөрч иргэд, сум, аймаг, улсын хөдөлмөрийн алдар цолтой аваргууд, Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт үнэлүүлж байгаа соёл урлаг, биеийн тамирын алдартнууд, эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа бизнес эрхлэгчид, шинжлэх ухааны зүтгэлтэн нараараа бахархаж, тэднийхээ гавьяаг үнэлж, үлгэр авч чаддаг байх нь эрхэм зүйл.
Би туулсан амьдралынхаа тухай бичсэн дурсамжийн болон бодол эргэцүүллийн номоо эргэн сөхөж ажил амьдралын түүхээсээ хүүхэд, залуу үеийнхэнд бахархах, үлгэр авах өчүүхэн боловч юу бүтээлцсэн билээ гэж бодох болсон юм. Би өөрөөрөө гэхээс олон жил хамт амьдарч, сурч, хөдөлмөрлөж байсан хүмүүсээрээ бахархаж байна.
Намайг төрөхөөс 13 нас хүртэл халамжилж өсгөлцсөн, 1944 оны мичин жилийн зуднаар шуурганд уруудаж улсын хил давах дөхсөн 70 гаруй мянган адууг олон хоног тогтоон барьж чадсанаараа “Их говийн зоригтон” гэж цоллогдсон Дорноговь аймгийн Өргөн /хуучны Баянмөнх/ сумынхаа уугуул иргэд, одоо Аргалын-Уул хэмээх говийн их хайрхандаа амьдарч байгаа тэдний үр удмынхнаар бахархдаг юм.
Сангийн яам намайг 1946-1949 онд харьяа Санхүүгийн техникумдаа, мөн тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү эдийн засгийн дээд сургуульд нэр дээрээ суралцуулан санхүүч мэргэжилтэй болгож, байцаагч-нягтлан бодогчоос Яамны сайдаа хүртэл албан тушаалд ажиллуулж, ажил амьдралын туршлагатай болгож, сургаж хүмүүжүүлсэн билээ. Сангийн яамны ахмад ажилтнуудын улсынхаа санхүүг бэхжүүлж байсан гавьяаг би бахархан дурсдаг.
Социалист нийгмийн үе 1969-1990 онд Улсын төлөвлөгөөний комисс буюу Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлыг хариуцсан Төрийн төв байгууллага, мөн Засгийн газрыг удирдан ажиллах үед Монгол Улсад бүтээн байгуулалтын оргил үе болж байсныг эргэн санахад бахархмаар байдаг.

Тэр үеийн Улсын төлөвлөгөөний комисс болон түүний харьяа Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн чадварлаг, хөдөлмөрч хамт олны боловсруулсан “Монгол Улсын Үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлж байршуулах схем” нэртэй Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт хугацааны бодлого төлөвлөгөө, чанартай боловсруулсан төсөл, техник эдийн засгийн үндэслэлүүд нь Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааг шинэ шатанд гаргах, социалист гэж байсан улсууд, ялангуяа ЗХУ-ын зүгээс БНМАУ-д үзүүлэх эдийн засгийн тусламжийн хэмжээг 1975-1990 онд олон арав дахин нэмэгдүүлж, манай улсад урьд хэзээ ч байгаагүй өргөн далайцтай их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нөхцлийг бүрдүүлсэн нь одоо бодоход бахархмаар ажил болсон байдаг.
Монголын төрд алба хашсан жилүүдэд минь “Эрдэнэт”-ээр тэргүүлсэн уул уурхайн болон эрчим хүчний том үйлдвэрүүд баригдаж, үр тарианы үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, малын арьс шир, ноосыг бүрэн боловсруулж дотоод, гадаад зах зээлд амжилттай борлуулан, бүх нийтийг бүрэн дунд боловсролтой болгох болон хүн ардын эрүүл мэндийг сайжруулах зорилтыг амжилттай хэрэгжүүлж, нийслэл Улаанбаатар хотыг дэд бүтэцтэй, орон сууцтай болгох зорилтын дагуу хорооллуудаар хөгжүүлж, сангийн аж ахуйн төв байсан бүх сумдын төвийг шинээр барьж тохижуулан, дээд сургууль, тусгай мэргэжлийн сургуулиудаар мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтнуудыг шаардлагатай хэмжээнд бэлтгэдэг болсон гэх мэт үнэхээр агуу их бүтээн байгуулалтын ажил өрнөж байсныг санахад бахархмаар байдаг.
Ардчилал, шинэчлэл, өөрчлөн байгуулалтын он жилүүдэд төр барьж, эгзэгтэй, ээдрээтэй, шийдвэрлэх цаг мөчид журмын нөхдийнхөө хамт ухаалаг шийдвэр гарган, залуу үеэ эхнээс нь дэмжин ажиллахын хамт зөвлөн шүүмжлэх зүйлийг ч хэлж байсандаа би баяртай явдаг юм.
Уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын болон аялал жуулчлалын салбарын олон чухал төсөлд хөрөнгө оруулж, зэсийн үйлдвэр, цементийн үйлдвэр, бетоны үйлдвэр барьж, бахархам шинэ бүтээн байгуулалт хийж байгаа “МАК” компанид ажиллаж байгаадаа би баяртай байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Таныг бодлого үйл ажиллагааны хүрээндээ иргэний оролцоог нэмэгдүүлэх, авлига хээл хахуулыг таслан зогсоох, шүүхийг шинэчлэх, төсвийн ил тод байдлыг ханган, төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, монгол соёлоо хамгаалан дэлгэрүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөх талбарт онцгой анхааран тууштай, зарчимтай ажиллаж буйд нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж явсан хүний хувьд бахархаж буйгаа илэрхийлье.
Монголчууд бид эцэг өвгөдөөс өвлөсөн эх нутаг, газар шороогоо үр ачдаа өвлүүлэн, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж, улс төр, эдийн засгийн хувьд хүчирхэг болох ёстой. Бүтээсэндээ тайвширч бус бүтээхдээ шамдаж явцгаая. Монгол хүн бүр улс эх орныхоо ирээдүйн хөгжил, язгуур эрх ашгийг дээдэлж, алсын хараа, холын бодолтой байж өвөр зуураа толхилцох бус эв эеэ хичээн өөдлөн дэвжихийн төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээе. Би монгол хүний холч ухаан, уужим сэтгэл, хиймор заяагаар бахархаж явна.

Бид бүхнийг монгол төрийн сүлд ивээг.

Баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих