Улсын заан Ч.Санжаадамба хоёр дахь жилийнхээ түрүүг авлаа
Их эзэн Чингис Хаан мэндэлсний 851 жил, “Монгол бахархалын өдөр”-т зориулсан шилдэг 128 бөхийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.
Үндэсний бөхийн өргөөнд өнөөдөр улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Энержи ресурс” компаний бөх улсын арслан Х.Мөнхбаатар, Увс аймгийн Улаангом сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших, Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, ХЦ-0311-р анги, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга С.Мөнхбат нар үлдсэн юм. Үүнээс үзүүр түрүүнд улсын заан Ч.Санжаадамба, улсын аварга С.Мөнхбат нар тунаж, Ч.Санжаадамба түрүүлснээр хоёр дахь жилдээ “Монгол бахархалын өдөр”-ийн шилдэг бөхийн барилдааны түрүүг авлаа.
Д.Өлзий MONTSAME
URL: