Чингис хаан
Чингис хаан (~1162 – 1227 оны 8 сарын 18) 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.
Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.
Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ.
Уг гарал
Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал юм.
Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байсан.
Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ.
Бага нас
Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэй баатрын хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоо түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасаp, Хачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ.
Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Тэмүжинд Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.
Мэргидийг дарсан ба Хамаг Монголын хан болсон нь
1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүжин эхнэр Бөртийг эргүүлэн авчээ. Энэ үед Бөртэ жирэмсэн байсан нь Тэмүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд “Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав…” гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан байна. Гэвч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүжинг даган ирсэнээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача-Бэхи, Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, “Чингис хаан” хэмээн цол олгожээ. “Чингис” гэдэг үгийн гарал нь “тэнгис” гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичээс буй юм.
Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь
Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас салж Чингис хаантай ирж нийлжээ.
XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд “Ван хан”, Чингис хаанд “Чаутхури” гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.
1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдээд Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.
Нас нөгчсөн нь
1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад Одоогийн Египетэд морь унаж байхдаа унасны улмаас өнгөрсөн гэж үздэг харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэл гэх мэтийн өвчин тусаж тэр нь хүндэрч сэдэрснээр өнгөрсөн гэдэг байна, Galician-Volhynian Chronicle одоогийн Украйн сударт бичсэнээр түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан гэж тэмдэглэсэн байдаг.
Чингис хаан өнгөрөхдөө өөрийн омгийн заншлаар тэмдэггүй газар оршуулаарай гэж захисан. Түүнийг нас барсны дараа түүний биеийг нь одоогийн Хэнтий аймгийн Онон голын сав газар дахь Бурхан Халдун ууланд оршуулсан гэсэн таамаглал байдаг байна. Домогт үзсэнээр оршуулгын хамгаалагч ямар нэг хүнийг алсан ба (хааныг нас барсан гэж мэдэгдүүлэхгүйн тулд) замдаа нуухын тулд эцэст нь булшилсан гэж үздэг, Чингис хааны бунханыг түүний үхлээс олон жилийн дараа барисан боловч тэр нь түүнийг оршуулсан газар биш юм,
Чингис хааны булшны нууц
хааны булш төдийгvй тvvний хэрхэн өөд болсон нь он жилийн зузаан хөшгөөр бvрхэгдэж одоо хvртэл тодорхой бус хэвээр байна.
XIII зууны vед Монголоор аялж байсан алдарт аялагч Марко Пологийн бичиж vлдээснээр Чингис хаан тулааны vед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг. Тэгвэл ангийн vеэр мориноосоо унаж гэмтсэний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг. Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хvртэл эрсээр байна. Марко Поло “Чингис хааны vр удмын их хаадыг бvгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагvй дөч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авч ирэхэд дагалдан ирсэн бvгдийн амийг сэлмээр цавчин хороож, их хааныг нөгөө ертөнцөд нь дагалдуулдаг байсан” гэж бичиж vлдээжээ. Чингис хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны vйл явдлыг энд тэндхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгvй дvр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мөрний (одоогийн Хятадын нутаг дээрх Хуанхэ мөрөн) хөндийгөөс хөдөлж Говийг гатлан Харахорум хот руу чиглэжээ. Харин замдаа их хааны vхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бvхнийг хvйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон өдөр бөө нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дөрвөн давхар авсанд хийж улмаар Бурхан Халдун уул руу авч одсон гэнэ. Энд хааныг нутаглуулсан бөгөөд хожим хойно хэн ч тvvний амар амгаланг бvv алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бvх зарц боолыг хvйс тэмтэрчээ. Он жилийн уртад Хэнтийн нурууг өвс ургамал мод бут бvрхэж яг аль уулыг Бурхан-Халдун гэж нэрлэдэг байсныг ч хэлэхэд бэрх болсон юм. Хэнтийн нурууны нэг уулыг ариун газар хэмээн нэрлэж ийшээ ойртсон хvнийг цаазаар авдаг байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 1990-ээд оноос хойш Монголын нийгэмд өөрчлөлт орж Чингис хааны шарилыг эрэх эрэл эхэлсэн байна. 1990-ээд оноос хойш япон, америкчууд монголчуудтай хамтран эрсэн боловч ямар ч vр дvнд хvрээгvй хэвээр. Гэвч эрэл хайгуул хийгчид бууж өгсөнгvй. Их хааны төрсөн нутаг болох Онон мөрний сав газарт тvvний хөдөөлvvлсэн гэсэн шинэ хувилбар гарч ирэв. Домог ёсоор Чингис хааны цэргийн жанжинууд нь тvvний шарилыг Дэлvvн-Болдог уулын ойр авчирж улмаар голын урсгалын гольдролыг өөрчилсөн гэнэ. Уулын болроор авс хийн их хааны цогцсыг дотор нь хийж голын ёроолд байрлуулаад дахин голын урсгалыг гольдрилд нь оруулсан аж. Мөн Оросын нэртэй аялагч Г.Н.Потанин Ордос дахь Их ээжийн хороо хэмээх газарт Чингис хааны шарилыг агуулсан гэр байсан гэсэн тэмдэглэл ч байна. Энэ газарт лам нар жил бvр Чингис хааны гэрийн гадна хvндэтгэл vзvvлж баяр хийдэг гэнэ. Харин шарил байгаа гэх гэр дотор мөнгөн завьяанд их хааны vлдэгдэл ясыг хадгалдаг аж. 1998 онд Ч.Голбоиноор ахлуулсан хэсэг буриадууд Их Монгол улсыг vндэслэгч Чингис хааны шарилын эрэлд гарсан юм. Тэд эрлийнхээ өмнө Сэлэнгэ мөрний зvvн эргээр дамжин Чингис хаан төрсөн нутаг руугаа явж байсан гэдгийг тогтоожээ. Буриадуудын баг Хамар давааны нуруунд хvрч өндөрлөгvvдийн нэгний орой дээр овоо босгон тvvнийгээ “Бурхан гал уул” гэж нэрлэсэн байна. Ойр тойрны бусад оргилуудад ч тэд нэр өгсөн байна. Өмнө нь “Бага алтан” гэдэг байсан оргилыг Хатан уул тvvнээс хойд зvгт байгааг нь Хаан уул гэж нэрлэжээ. Ч.Голбоины багт аз таарсан гэж болно. Хамар давааны баруун хойд хэсэгт тэд Чингис хааны бөө нар ёслол vйлдэж их хааны сvнсэнд залбирдаг байсан овоо-газрыг олсон юм. Энэхvv овоо нь янз бvрийн чулуунаас бvтсэн дээшээгээ 15 метр, голч нь 50 метрийн хэмжээтэй пирамид хэлбэртэй байжээ. Урьд нь энэ газрыг битvv ой бvрхдэг байсан ч хэд хэдэн удаа хvчтэй тvймэрт өртөн хоосорсон юм байна. Найман зууны турш монголчууд энэ газрыг Их хориг хэмээн нэрлэж энэ хэсэг газарт ан хийх газар хагалахыг хориглодог байсан юм. Эндээс Саяны нуруу алган дээр тавьсан мэт харагддаг ажээ. Дэлхийг байлдан дагуулагчийг нутаглуулахад маш тохиромжтой газар. Гэхдээ л Чингис хааны шарил хаана байгааг олсон хvн алга хэвээр байна.
URL: