Хүүхдийн сэвлэг үргээх ёс

daahi1Энэ ёсыг өөр өөрөөр нэрлэдэг заншилтай. Хүүхдийн үс авах гэдэг нь түгээмэл нэр бололтой. Сэвлэг үргээх, даахь авах, өрөвлөг үргээх гэх зэргээр нэрлэдэг байна. Эдгээр нь Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлын нэгэн. Өрх гэрт тохиолдож буй чухал баяруудын нэг болсоор иржээ. Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг.

Нялх  үсийг авах учир
Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ.
Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн, зарим нь бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай. Зарим нь эвэр тавихыг дурын асуудал ч гэдэг аж.

Эвэр тавих ёсон
Унаган сэвлэг үргээхдээ эвэр тавьж ирсэн заншилтай. Газар газрын ёс заншил өөр өөр байдагтай нэг адил эвэр тавихад ч бас тус тусын утгатай.
Хүүхдийн эврийг газар газарт өөр өөрөөр нэрлэдэг. Эвэр гэдэг нь хүүхдийн толгойн оройн хоёр талд хуруу дарам хэмжээний газар унаган үсийг гар хүргэлгүй орхисныг хэлдэг. Үүнийг монголын баруун аймгуудад эмэгтэй хүүхдийнхийг сонжуу, эрэгтэй хүүхдийн духан дээр гурван хуруу дарам үс үлдээснийг согсоо гэдэг. Одоо цагт энэ ёс бараг орхигджээ.
Ингэж үс үлдээдгийн учрыг дараахь байдлаар тайлбарладаг. Юу вэ? гэвэл:

  • Хүүхдийн үс (даахь) авах үед байх ёстой юмуу ирэх ёстой хүн нь байгаагүй бол тэднийг хүлээж үс (эвэр) үлдээдэг.
  • Даахь (нялх үс)-ийг  нь авч байгаа болохоор хүүхдийг өхөөрдөж, билэгшээдэг .

Үс авах ёсон
Хүүхдийн үс авах ёс нь нутаг нутагт арай өөр өөр заншилтай.

  • Хүүхдийг бага насанд нь багтаан үсэнд нь хүрдэг. Эрэгтэй хүүхдийг 3, 5 буюу сондгой насанд буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийг 2, 4 гэсэн тэгш насанд нь хөхөөн дуугарах цагаар үс (даахь)-ийг нь авдаг. Энэ нь хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр хийж буйг мэдрэх чадвартай болсон үе юм.
  • Энхрий (эхнэр) хүүхдийн даахийг 7 юмуу 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийн даахийг хэдэн насан дээр нь авна вэ? дараагийн хүүхдийнхээ даахийг тэр насан дээр нь авдаг ёсон одоо ч бий.
  • Хүүхдийн даахь үргээх сар, өдрийн сайныг сонгоно. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгий нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Харин зарим нутагт дөрөв дэх өдөр хүүхдийн даахийг авдаггүй байсан байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг.

Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өргөөд хүүгээ гоё хувцаслан, ширээний тэргүүнд суулган ёслолыг гүйцэтгэнэ.
Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог.
Хүүхдийг эцэг юмуу өвөө эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг үргээе” гэнэ. Хүү босно. Зарим нутагт өвөг эцэг юмуу эцэг нь зарим нутагт хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд гар хүрч, модон хутгаар үс хусч буй дүр үзүүлэн толгойн баруун талаас эхлэн гар хүрнэ. Дараа нь бариулд нь хадаг уясан хайчаар магнай талаас нь хэсэг үс хайчлаад хадганд бооно. (Үүнийг эмчилгээнд хэрэг болно гэдэг). Тэгээд аягатай сүүнээс хүүхдэд амсуулж “Урт наслан, удаан жарга”, “Урт настай, удаан жаргалтай, аавдаа ачтай, ээждээ тустай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай” гэж ерөөнө.
Үүний дараа хүүхдийг эцэг, эх, ахмад хүмүүс, зочдын урдуур нар зөв тойруулж явуулахад хүн бүр үснээс нь авч (үргээж), хадаганд нэмэн боож хадгална.
Хүүхдэд бэлэг өгнө. Хүүхдийн “толгойг мялааж” халзан цагаан хонь юмуу хурга амладаг байжээ. Орчин үед тоглоом, харандаа, бичгийн хэрэглэл, үсний тууз, тэмдэг, чихэр боов, мөнгө төгрөг өгч болдог. өгөх бэлэг өөр өөр байдаг.
Хүүхдийн үс авах үеэр багахан хэмжээний найр хийдэг. Энэ найранд заавал байх ёстой идээний зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан, ирсэн хүүхэд бүгдэд аяга, аягаар өгч будаалдаг ёстой билээ.
Ингээд зочинд идээ цагаа барьж дуу хуур болно. Найрын үеэр хүүхдүүд барилдуулж, даага уралдуулдаг байжээ. Мөн өрөвлөгийн ерөөл хэлдэг ёстой байсан байна.
Монголчууд үс гэзгийг задгай тавьж ширэлдүүлэхийг нас богиносно, буян хишиг барагдана гэж цээрлэдэг байсан учраас даахиа авхуулсан хүүхдийн сэвлэгийг сүлжиж үзүүрт нь тэмээний ноосон утас, сур юмуу цацгаар боодог. Уй гашууд автсан хүн үсээ задгай тавьдаг гэж үздэг байжээ. Эртний монголчууд эврийг сүлжиж, сур, шүр, цацаг гэх мэтийг үзүүрт нь зүүж гоёдог байжээ.

Хүүхдийн үс (даахь) авах ерөөл

Эрхэм хайрт танайх болбол
Түмэн өлзий бүрдсэн
Түгээмэл жилийн түвшин сайн өдөр өө
Эрхэм хайртай хүүгийнхээ
Алтан хонгор даахийг үргээж байгаа учир болбоос
Ивээл жилтэй хүнийг
Эрхлэн залж, эрхэм олон түмнээ
Урьдчилан хэлж, ган цагаан хайч
Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
Алтан хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатган
Ган хушуутай алтан бариултай хайчаа
Гар мутар бүхийдээ дамжуулан үргээж
Гарсан төрсөн насыг нь уртатгаж өргөөд
Баруун талын шанаанаас нь эхлэж үргэхэд
Бадамлянхуан цэцэг дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэм цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Ой билэг нь хурцдаж
Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт
Ар шилэн дээрээс нь авч үргээхэд
Агуу хүчин төгөлдөр байгаа мэтээ
Эрхэм хайртай хонгор хүүгийн
Эрдэм билгийг ярихад
Номд мэргэн, нойронд сэргэг
Үйлэнд уран, үгэнд цэцэн
Хуулинд шударга
Дайнд баатар, далайд усч
Элгээрээ энх сайхан жарган
Төрлөөрөө төв сайхан оршиж
Үрээ танихгүй өнөр баян
Үрээгээ танихгүй хурдтай баян
Суух заяа сурах эрдэм
Баярлах наадам бахтай жаргал
Нас сүүдрээр урт
Найр цэнгэлээр их
Эгүүрд номын ёсоор
Баярын магнайгаар
Баясан жаргахын
Бэлэг ерөөлийг дэвшүүлэн өргөж айлтгая!


URL:

Сэтгэгдэл бичих