Долоонбуудалчууд “шатах” эрсдэл өндөр байна

new photo

Гэр хорооллын дунд шатахуун түгээх станц барьж, иргэдийн эрүүл, амьд явах эрхэд шууд халдаж байгаа компаниуд олон байдаг. Үүний нэг нь Петровис компанийн 20 дугаар цахилгаан түгээх станц болоод байна. Уг нь тус станцыг ажиллуулахгүй байх захирамж удаа дараа гарч байсан ч дахин ажиллаж, иргэдийг багагүй бухимдуулаад эхэлжээ. Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гэж заасан. Гэтэл манайхаас бусад улсад иргэдийн гэр, орон сууцнаас 20 метр ч хүрэхгүй газар бинзен колонк барьдаг улс байхгүй. Төр захиргааны байгууллага нь хүртэл ажиллуулахгүй байх захирамж гаргачихаад байхад том толгойлж шатахуун түгээх станцаа ажиллуулж эхэлсэн Петровис компанийн 20 дугаар шатахуун түгээх станц хууль дүрмээ уландаа гишгэж байна.  Айлуудын дунд барьсан станц иргэдэ аюултай байгаад зогсохгүй, хэзээ мөдхөн тэсэрч дэлбэрчихгүй юм гэхэд ууршилт явагдаж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тус шатахуун түгээх станцыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Амарсайхан гэгч 2007 онд шатахуун түгээх станц, автомашины засвар үйлчилгээ, угаалгын төв барих зориулалтаар 0,22  га газрыг Петровис компанид эзэмшүүлэхээр олгосон. Гэтэл тус компани айлуудын дунд, салхин дээр нь шатахуун түгээх станц барьснаар шатахуун түгээх станцад байх бүх төрлийн стандартыг зөрчөөд байгаа юм.

Иргэдээс удаа дараалан шатахуун түгээх станцыг хаах шаардлага гаргаж байсан төдийгүй 2008 онд УМХГ-аас үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан ч мөн л 2010 онд Петровис компани станцаа дахин ажиллуулж эхэлжээ. Ингээд удаа дараа иргэд гомдол гаргасны эцэст 2011 онд дахин үйл ажиллагааг нь зогсоосон ч энэ удаа дахин ажиллаж эхэлсэн байгаа нь энэ юм.

Энэ мэт айлуудын хашаатай зэрэгцэн баригдсан шатахуун түгээх станцууд нийслэлийн хаа сайгүй байгаа. Гэхдээ төр захиргааны байгууллагаас ажиллуулахгүй байх тушаал гарчихаад байхад ийнхүү төр захиргааны захирамж шийдвэрээс  ч илүү хүчтэйгээр үйл ажиллагаа явуулах эрхийг Петровисд хэн өгөв. Иргэний нэр дээр газар авч, авсан газартаа хууль зөрчиж үйл ажиллагаа явуулдаг энэ мэт компаниудад тавих төрийн хяналт сул байгааг дахин нотолж байгаа юм.

Б.Индра


URL:

Сэтгэгдэл бичих