Охидыг садар самуунд уруу татах хэрэг буурахгүй байна гэв
Насанд хүрээгүй охидыг хүчирхийлэх, санхүүгийн эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлэхэд татан оролцуулах бусармаг хэрэг нэмэгдэж байгааг хууль хяналтынхан хүлээн зөвшөөрч, үгээ хэллээ.
Энэ тухай өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батцэрэн, шүүгч Ц.Тогоохүү, Г.Алтанчимэг нар хэвлэлийн бага хурал зарласан юм.
Өнгөрсөн онд хүүхэд хүчирхийлсэн 81 хэргийг шүүхээр таслан шийдвэрлэсэн байна. Тухайлбал, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бусармаг үйлдэл 10, насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон ес, хүүхдээ албадан хөдөлмөр хийлгэсэн хоёр, хүүхдээ төөрүүлж хаясан хэргийн нэг холбогдогчид хорих ял ногдуулжээ.
Харин он гарсаар хүүхдээ төөрүүлсэн нэг, 16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хоёр, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан долоо, хүчиндэх гэмт хэрэг 38 гарчээ. Дээрх хэргүүд нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан Хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг юм. Хэргийн гаралтад ажилгүйдэл, архидалт, боловсролгүй байдал нөлөөлж байгааг шүүгчид хэлсэн.
Нөгөө талаар телевизийн урсдаг зарууд энэ хэргийг гарахад шууд нөлөө үзүүлдэг гэнэ. НҮБ-ын хүүхдийн эрхийг хамгаалах конвенцид хүүхдийг хүчээр хөдөлмөрлүүлэх, хүчирхийлэх эсрэг заалт байдаг. Мөн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд үр хүүхдээ хайрлах нь иргэний журамт үүрэг хэмээн заасан байдгийг шүүгчид санууллаа.
Д.Гэрэл
URL: