“Миний дуунууд” баясал, гуниг, ухаарлыг мэдрүүлнэ

0521152a3a364635bbe3551b1e2d2bb9_L УГЗ, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л. Балхжавын “Миний дуунууд” тоглолт 15 жилийнхээ ойг энэ сарын 7-8-ны өдөр  UB palace-ийн их танхимд тэмдэглэх гэж байна.

“Миний дуунууд” концерт жил бүр уламжлал болон зохиогдож, Монголын рок поп хөгжмийн салбарын уран бүтээлчид үе үеийн хит болсон онцгой уран бүтээлүүдээ сонсогч олондоо өргөн барьдаг. Энэ жилийн хувьд ч өргөн хүрээнд зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлаа дуусгаад байгаа тухай UBS телевизийн байранд сэтгүүлчдэд мэдээлэв.
Хэвлэлийн бага хуралд Хөгжмийн зохиолч Л.Балхжав, UBS телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал Ж.Баяр, яруу найрагч, сэтгүүлч  Ү.Хүрэлбаатар, “G энтэртайнмент” студийн продюссер Д.Ганболд, ҮДБЭЧ-ын захирал Г.Цоггэрэл, хөгжмийн зохиолч Б.Чинбат оролцсон юм.
Энэ жилийн тоглолт 15 жилийн ой гэдэг утгаараа өмнөх жилүүдээс өргөн хүрээнд болж, олон сюрприз бэлдсэн тухай зохион байгуулагчид нь ярьж байв. Тухайлбал хөгжмийн зохиолч Л.Балхжав “Үл таних бүсгүй” гэх шинэ дууныхаа дундуур Б.Чинбатын хамт бөмбөрийн хослол хийх зэрэг олон сонирхолтой үзүүлбэр бэлтгэж байгаа аж. Түүнчлэн цоо шинэ уран бүтээлээ дэлгэн үзүүлэх зорилготой байгаа бөгөөд гагцхүү “Миний дуунууд” тоглолтод хүрэлцэн ирснээр рок поп хөгжмийн үе үеийн шилдгүүдийг нэгэн тайзнаас харж, сонсож болох аж. Тоглолтод Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Чингис хаан” хамтлагийн ахлагч гавьяат жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, У.Уранчимэг, Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүү, СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, СТА хөгжмийн зохиолч Б.Чинбат зэрэг урлаг соёлын одод оролцох юм.
Хөгжмийн зохиолч Л.Балхжавын уран бүтээлийн 15 жилийн тайлан тоглолтоос үзэгчид баясал, гуниг, ухаарлыг мэдэрнэ хэмээн зохион байгуулагчид амалж байна.

Г.Оюунтогтох МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих