Томчуудын хэрэг юу болов
Төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдож шалгуулдаг ч шүүхээр орж шийдэгдсэн тохиолдол ховор. Бид томчуудын хэргийг нэхэн сурвалжилж байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн өрийг Засгийн газраас нэхэмжилж байна
“Жаст” группийн захирал Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 109.9 сая ам.долларыг хуурамч гарын үсэг үйлдэн зээлсэн гэх хэргийг өдгөө УМБГ-т шалгаж байгаа юм. Хэргийг шалгах явцад сэжигтнээр татагдсан Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж мэдүүлсэн ч гарын үсэг нь хуурамч эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм. Тэгвэл “Стандарт” банкныхан манай Засгийн газраас 140 гаруй сая. ам.долларыг нэхэмжлээд байгаа аж. Манай талаас ТӨХ болон Хууль зүйн яамнаас хамтарсан ажлын хэсэг гарч, “Эрдэнэт” үйлдвэрийн зээлийн асуудлыг нягтлахаар болсон юм. Гэвч асуудал хүндэрч, ТӨХ-ны мэдлээс гарсан тул Хууль зүйн яамны зүгээс уг асуудлыг Засгийн газарт тавьж хэлэлцүүлэхээр болжээ. Хэдийгээр Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 109.9 сая ам.доллар зээлэхдээ хуурамч гарын үсэг үйлдсэн гэж мэдүүлж байгаа ч үнэн хэрэгтээ “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлагууд “Стандарт” банкнаас 160 сая ам.долларын шууд зээлийн гэрээ байгуулсан тухай баримт бий гэнэ. Тэрхүү баримтыг үндэслэн манай Засгийн газрыг “Стандарт” банкныхан Арбитрийн шүүхэд өгсөн юм.
Н.Номтойбаяр Б.Билэгтэд захидал илгээв
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэх мэдээлэлтэй холбогдуулж, Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийж эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдээлж байсан юм.
Сануулахад, өнгөрөгч есдүгээр сарын 25-ны шөнө 36 настай, иргэн Б гэгч цагдаагийн байгууллагад “Бусдад хутгалуулж, гэмтсэн” гэх гомдол ирүүлсэн аж. Мэдээллийн дагуу хэргийг шалгаад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрсан хэмээн үзэж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.
Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эрхэм гишүүн Н.Номтойбаяр Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтэд захидал бичиж, хэргийг нь үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсчээ.
Экс гишүүн Д.Дондогийг дахин шалгана
УИХ-ын гишүүн асан Д.Дондог болон өөр дөрвөн хүнд холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзлээ. Уг хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, дахин шалгуулахаар болсон юм. Уг хэргийн холбогдогч А.Батбилэгийн үйлдсэн зарим гэмт үйлдлийг сайтар нягталж тогтоох нь зүйтэй гэж хоёр шатны шүүх үзжээ. Д.Дондог нар нь УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барихаар газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал” гэж тус компаниас “Сумбар” ХХК-ийн захирал А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан мөнгө авсан бөгөөд уг хэрэгт нь цагдаагийн ажилтан Д.Ширнэндорж, А.Ариунболд нар холбогдсон юм.
Б.Болор Дорнодньюс
URL: