Монгол шатах хийн үйлдвэртэй болно
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар дамжуулж геологи, уул уурхайн салбарт хийж гүйцэтгэсэн ажлаа олон нийтэд мэдээлж байгаа билээ. Энэ удаагийн хурлаар хэд хэдэн асуудалд санамж бичигт байгуулж, салбарын удирдлагууд мэдээлэл өглөө.
Намрын чуулганаар хэлэлцэгдэх хуулиуд
УИХ-ын намрын чуулганаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”, “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөл “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн төсөл, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн төслийг хэлэлцүүлж байгаа. Дээрх хуулиуд тус бүр дээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаран ажиллаж байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг БОХХАА-н байнгын хороонд хэлэлцэгдэж байна. УИХ-ын гишүүн Д.Арвинаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, УУЯ, БОНХЯ, АМГ, ТЕГ-уудад судалгааны ажлууд үргэлжлүүлэн хийгдэж байна. Мөн Ажлын хэсгээс 3 чиглэлд маршрут гарган хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцахаар албан томилолтоор ажиллаж байна. Одоогоор баруун болон төвийн бүсэд албан томилолтооор ажиллаад байна.
Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулах санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Уул уурхай, газрын тосны салбарын хэмжээнд Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхий сайд нарын хэлэлцээр болон хоёр улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг үндэслэн доорхи 3 санамж бичигт холбогдох байгууллагын төлөөлөл гарын үсэг зурагджээ. Монгол Улсын Уул уурхайн яам, Хятадын Газрын тос-химийн корпораци “SINOPEC”-ийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү үйлдвэр нь эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төсөөлөгдөж байгаа. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдана. Өөрөөр хэлбэл, жилд өнөөдрийн ханшаар 1 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хүрэн нүүрсийг ашиглах юм. Мөн энэ хэмжээний үйлдвэр болон түүний салбар аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 20 мянга орчим хүн ажлын байраар хангагдана.
Монгол Улс хүрэн нүүрсний арвин их нөөцтэй бөгөөд түүнийг ийнхүү гүн боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, экспортын орлогыг нэмэгдүүлнэ. Энэхүү шатах хийн 10 орчим хувиар Улаанбаатар хотын гэр хорооллыг түлш, дулаанаар хангах боломжтой. Хийн түлшийг энэ төслийн хүрээнд үйлдвэрлэж, гудамж төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийн түлшнийг дамжуулах хоолойн сүлжээг бий болгох асуудлыг Эдийн засаг хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам төлөвлөх юм. Ийнхүү 2016 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллыг хийн түлшээр хангах асуудал шийдвэрлэгдэх эхлэл тавигдлаа.
Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
УУЯ-ны харьяа Газрын тосны газар, Хятадын Петро чайна интернэйшнл компанийн хооронд Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ нэмэгдэж байгаатай уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Монгол Улс сард 10 мянган тонн хүртэл хэмжээний шатахууныг урьд хөршөөс татан авахаар тохирсон байдаг. Энэ санамж бичгийг байгуулснаар шатахууны дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах, жижиглэнгийн үнийн өсөлтийг зохицуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх бололцоотой болох юм. Мөн Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажил ирэх сарын дундуур дуусах бөгөөд энэ байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой болох гэж байгаатай ч холбоотой юм. Өөрөөр хэлбэл, одоогийн нийлүүлж буй хэмжээнээс 4 дахин нэмэгдэж манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сарын хэрэглээний 40-50 хувийг БНХАУ-аас импортлох боломжтой болох юм.
20 жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрс БНХАУ-д нийлүүлнэ
Монгол Улсын нүүрс экспортлогчдыг төлөөлж Монгол Улсын “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК компаниуд, Хятадын “Шенхуа Энержи” компанитай хорин жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх төлөвлөгөө гарган хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн зах зээлийн нөхцөлтэй уялдуулан олон улсын зах зээлд худалдаалах боломжийг Талууд хамтран судлахаар тохиролцлоо. Дээрхи нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзэхэд 20 жилд 50 шахам тэрбум ам.долларын борлуулалт болох юм. Ингэснээр урт хугацаанд Тавантолгойн бүлэг ордоос олборлох нүүрсийг тээвэр, ложистикийн болон зах зээлийн өргөн боломж бүхий түнштэй хамтран борлуулах аятай нөхцөл бүрдэх юм.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нүүрсний бусад уурхайнууд тухайлбал, “МАК” ХХК, “Саусгови Сэндс” ХХК зэрэг 10-аад компаниуд ирэх 20 жилд мөн 1 тэрбум орчим тонн нүүрс экспортлох боломж байгааг Уул уурхайн яам тооцож гаргасан бөгөөд зорилтот зах зээлийн судалгааг хийж байна. Дээрх санамж бичгийг байгуулсны үр дүнд жилд дунджаар 50 сая тонн нүүрс экспортолж, мөн жилд дунджаар 50 сая тонн хүрэн нүүрсийг хий болгож ашиглах юм. Үүнээс харахад 20 жилд коксжих нүүрснээс 50 тэрбум ам.доллар, хүрэн нүүрснээс 20 тэрбум ам.доллар нийт 70 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн борлуулах боломж бүрдэх юм.
Мөн “МАК” ХХК, “Саусгови Сэндс” зэрэг Гашуун сухайтаас бусад боомтоор нүүрс гаргадаг компаниудыг БНХАУ-ын компанитай хамтарч ажиллах боломжийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мэдээж хэрэг манай улс нүүрсээ зөвхөн урд хөршид гаргахгүй. Дээрх санамж бичигт БНХАУ-аас бусад зах зээлд нүүрс экспортлох асуудлыг мөн тусгасан байгаа.
Уул уурхайн зураг төсөл боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг аттестатчиллаа
Уул уурхайн сайдын тушаалаар уул уурхайн зураг төсөл боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг аттестатчилах ажлыг зохион байгууллаа.
Аттестатчиллын ажлын зорилго нь уул уурхайн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, зураг төсөл боловсруулж буй эрх бүхий байгууллагуудын хийж гүйцэтгэж байгаа ажлын чанар, арга зүй, үр өгөөж, дадлага туршлага, хүний нөөцийн чадавхи, мэргэжлийн түвшин зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх, энэ үндсэн дээр уул уурхайн салбарын зураг төслийн ажлыг сайжруулах чиглэлээр санал зөвлөмжийг боловсруулж холбогдох байгууллагуудад танилцуулах, энэ чиглэлээр шаардлагатай арга хэмжээний төсөл боловсруулахад чиглэгдсэн.
Уул уурхайн зураг төсөл боловсруулах чиглэлээр 50 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага ажиллаж байгаагаас 30 гаруй нь аттестатчлалд хамрагдсан.
Аттестатчиллын дүнгээс үзэхэд зураг төслийн чиглэлээр ТЭЗҮ, зураг төсөлд төрөл бүрийн тусгай программ хангамж ашиглан уул уурхайн техн
ологийн зургийг төлөвлөх зэрэг ололттой талууд бий болсон хэдий ч ихэнх компани тогтсон ажлын байргүй /оффис/, мэргэшсэн зөвлөх инженерүүдийг тогтмол ажиллуудаггүй, зөвхөн шаардлагатай тохиолдолд харилцан тохиролцон нэрийг нь ашигладаг, хийгдсэн ТЭЗҮ нь чанарын шаардлага хангахгүй, олон дахин засуулдаг, нэгдсэн арга зүй байхгүй зэрэг нийтлэг дутагдал ажиглагдаж байна.
Уул уурхайн зураг төсөл боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг аттестатчилалд доорх компаниуд хангалттай дүн авсан байна.
1 ШУТИС-ийн харъяа “Уул уурхайн хүрээлэн” УҮГ
2 “Гложекс” ХХК
3 “Кью Эм Си”ХХК
4 ШУТИС-ийн “УУТСТөв”
5 “Бал чулуу” ХХК
6 “Евро Азия Майнз” ХХК
7 “Гүрэн”ХХК
8 “Абсолют Майнинг” ХХК
9 “Мон-Атом” ХХК
10 “Эм Эм Эн Си” ХХК
11 “МакроманМонголиа” ХХК
12 “Ширээгийн шугуй” ХХК
13 “Пауэр Опен Пит” ХХК
14 “Топазия” ХХК
15 “Ай Эм Кэй” ХХК
16 “Прожект Майнинг” ХХК
17 “Эрдэнэт Гранд майнинг” ХХК
Шатахууны 32 хоногийн нөөцтэй байна
2013 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 29, Аи-92 автобензин 38, дизелийн түлш 32, ТС-1 31 хоногийн нөөцтэй байна.
URL: