Монголын тамирчин Азийн паралимпаас мөнгөн медаль хүртэв
Азийн паралимпийн хараагүйчүүдийн жудо бөхийн тэмцээнээс З.Хосбаяр 66 кг жинд мөнгөн медаль хүртэв.
Азийн паралимпийн хараагүйчүүдийн жудо бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 10 дугаар сарын 26-30-ны өдөр Малайзын Куала Лампурт болсон. Уг тэмцээний 66 кг-ийн жинд нийт найман улсын тамирчин хүч үзсэнээс Монгол Улсынх тамирчин З.Хосбаяр мөнгөн медаль хүртсэн юм.
Харин ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал З.Хосбаяр болон түүний дасгалжуулагч Б.Нарантуяаг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн юм. Дэд сайд М.Түмэнжаргал түүнд баяр хүргээд, цаашид пара тамирчид болон бэлтгэл сургуулилтад нь анхаарал тавьж ажиллахаа хэлж байв.
Энэхүү хүндэтгэл үзүүлэх уулзалтын үеэр Азийн паралимпаас анх удаа мөнгөн медаль хүртсэн З.Хосбаярын сэтгэгдлийг сонсов.
-Том тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ шүү дээ. Тэмцээнд оролцсон сэтгэгдлээ хуваалцаач?
-Энэ миний анх удаагийн тэмцээн учир сэтгэл маш өндөр байна. Юуны өмнө дасгалжуулагч багшдаа маш их баярлаж байгаагаа хэлье.
-Энэ удаагийн тэмцээнд ямар улсын бөх хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?
-Миний хувьд Иран, Иракын бөх үнэхээр хүчтэй өрсөлдөгч байлаа. Эхний тойрогт Малайз улсын тамирчинтай таарч, түүнийг цэвэр ялсан юм. Харин дараагийн тойрогт Узбекстаны бөхтэй хүч үзсэн. Миний анхны тэмцээн учир тоглолтын нэгдүгээр үед маш их сандарснаасаа болоод вазари үнэлгээг алдсан ч дараагийн үе эхлэхэд багш маань хажуугаас зааж сургасан болохоор ялалт байгуулсан. Харин алтан медалийн төлөө Иракын тамирчинд ялагдсан.
-Таны хувьд бэлтгэл сургуулилтаа хэрхэн базааж оролцсон бэ?
-Тэмцээн болохоос яг нэг сарын өмнөөс бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлсэн. Энэ удаад богино хугацаанд бэлдсэн учир туршлагагүй байлаа. Харин дараагийн тэмцээнүүдддээ сайн хичээж оролцох болно.
-Цаашдаа ямар тэмцээн уралдаанд орохоор төлөвлөж байгаа вэ?
-Олон тэмцээнд оролцож хүч чадлаа сорино гэж бодож байна. Одоогийн байдлаар тов зарласан тэмцээн байхгүй байгаа.
Г.Оюунтогтох
URL: