Монгол улсад ял эдэлж буй гадаадын иргэдтэй уулзлаа
Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, ШШГЕГ, ОХУ, БНХАУ-ын ЭСЯ-дын хамтарсан Ажлын хэсэг ШШГЕГ-ын харьяа хорих 421, 427 дүгээр ангиудад ял эдэлж буй гадаадын иргэдтэй 10 дугаар сарын 30-нд уулзлаа.
Амгалан дахь жирийн дэглэмтэй 421 дүгээр хорих ангид гадаадын 4 иргэн /БНХАУ-ын 1, ОХУ-ын 1, БНСУ-ын 1, Украйн Улсын 1/, Багануур дахь чанга дэглэмтэй 427 дугаар хорих ангид гадаадын 14 иргэн ял эдэлж байна. Үүнээс ОХУ-ын 4, БНХАУ-ын 2, БНСУ-ын 2, Малайзын 5, Сингапурын 1 иргэн байгаа юм.
Ял эдэлж буй гадаадын иргэдийн нөхцөл байдалтай танилцахад хорих ангийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан эдгээр иргэнд сэтгэл зүйн сургалт явуулдаг бөгөөд мөн барилгын засал чимэглэл, өрлөг, гутлын үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт явуулж мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгох, бусад сургалт үйлдвэрлэлийн дамжаанд хамруулах ажлыг зохион байгуулдаг ажээ.
Хорих ангийн захиргаанаас гадаадын иргэдийг 14 хоногт 1 удаа ар гэрийнхэнтэй нь 10 минут утсаар яриулдаг бөгөөд он гарсаар эдгээр иргэн ар гэрийнхэнтэйгээ давхардсан тоогоор 79 удаа утсаар холбогдсон байна.
Ял эдэлж буй гадаадын иргэд нь хорих байрны талаар болон харгалзагч нарын харилцааны талаар гомдол саналгүй байх бөгөөд харин хэлний бэрхшээлээс шалтгаалан шүүх хурлын процессийг сайн ойлгоогүй гэж байгаа нь гадаадын иргэдийг шүүн таслах ажиллагаанд гадаад хэлний өндөр мэдлэгтэй хэлмэрч оролцуулж байх тусгай журам гаргах шаардлагатайг харуулж байв.
ГХЯ-ны Консулын газраас хорих ял эдэлж буй гадаадын иргэдэд монгол хэл сурахад нэмэр болохуйц ярианы дэвтэр, толь бичиг зэргийг хүлээлгэж өгөв. Ял эдэлж буй гадаадын иргэдийн зүгээс ажлын хэсэг ирж уулзан, санал хүсэлтийг нь сонссонд талархал илэрхийлж байлаа.
Энэхүү арга хэмжээ нь манай улсад ял эдэлж буй гадаадын иргэдийг сэтгэл санаагаар дэмжих, суугаа болон хавсран суугаа орных нь ЭСЯ-ны ажилтнуудтай уулзуулах зорилго бүхий хүмүүнлэгийн чанартай ажил байв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
URL: