Хятад улсад лалын терроризм заналхийлж байна

10-31-7tГурав хоногийн өмнө Бээжин хотын Тяньаньмины талбайд алан хядах ажиллагаа гэмээр дэлбэрэлт болов. Нэгэн автомашин хүмүүс дундуур зүсэн төв талбай руу орж чулуун гүүр мөргөн дэлбэрсэн юм. Таван хүн нас барж, 38 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Зарим эх сурвалж мэдээлж буйгаар, эрх баригчид энэ хэрэгт Хятадаас салан тусгаарлах үзэлтэй лалын шашинт уйгуруудыг сэжиглэж байгаа аж.

Нийслэл хотын төв талбайд болсон хэрэг явдал урьдаас бэлтгэгдсэн амиа золиослогчийн оролцоотой террорист ажиллагаатай адилхан байна хэмээн “Ройтерс” мэдээлжээ. Жийп автомашин хүмүүсийг шүргэж, улмаар Соёлын хувьсгалын үзэл сурталч, БНХАУ-ыг үндэслэгч Мао Зедуны хөрөг бүхий ханыг мөргөн дэлбэрсэн юм. 1989 онд энэ талбай дээр болсон оюутны ардчилсан хөдөлгөөнийг харгисаар цус асгаруулсан дарсан билээ. Гурав хоногийн өмнөх дэлбэрэлттэй холбогдуулан цагдаа нар хоёр уйгур иргэн, Шинжаан-Уйгурын автономит бүсийн номертэй нэг автомашиныг хайж байна.

Салан тусгаарлах үзэл Хятадын хувьд шинэ асуудал биш. Жил бүр олон хүн өөрсдийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлдэг Түвд, Маотой тэрсэлдэн арал дээр салан тусгаарласан Тайванийг дурдахад л хангалттай. Суннит радикализм Ази даяар мөлхөж, Хятад дахь лал шашинт уйгуруудыг өдөөн дуудаж байгаад Хятадын удирдлага санаа зовниж байна. Шинжааны газар нутагт Дорнод Туркестаны тусгаар улсыг байгуулах зорилготой “Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн” экстремист байгууллага байдаг. Хятадын талын хүсэлтээр Пакистан улс саяхан дээрх болон бусад хоёр байгууллагыг (Узбекистаны лалын хөдөлгөөн болон Лалын жихадын холбоо) газар нутаг дээрээ хоригложээ. Тяньаньмины талбайд болсон дэлбэрэлтийг Лалын жихадын холбоо зохион байгуулсан хэмээн сэжиглэж байгаа аж.

Өнгөрсөн долоо, найм­дугаар сард Хятадын цаг­даа 139 хүнийг жихадыг сур­талчилсан хэрэгт бу­руут­ган баривчилсны дараа Шинжаанд байдал хур­цадсан юм. Нийгмийн тогтвортой байдлыг хан­гах, шашны хэт дав­рах үзэлтэй тэмцэх кам­панит ажлын хүрээнд барив­чилгаа хийжээ. China Daily-д бичсэнээр, Хотан тосгоны нэгэн тариачин интернэтэд салан тусгаарлах үзлийн талаар 2 гигабайт хэмжээтэй номыг уйгур хэлээр тавьжээ. Үүний дараа Шинжааны уйгур иргэд олноороо тийшээ орж уг номыг уншсан аж. Баривчилгаа явуулах бас нэг шалтаг нь энэ байсан бололтой.

“Лалын терроризмийн аюул Хятадад 20-оод жилийн өмнөөс гарч ирсэн. Би дөнгөж сая Бээжингээс ирлээ. Тяньаньмины талбайн харуул хамгаалалтыг мэдэгдэхүйц нэмсэн байна. Метро, нисэх буудалд хяналтын нэмэлт систем нэвтрүүлжээ” хэмээн Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын хүрээлэнгийн орлогч ректор, Хятадын түүхийн факультетийн захирал Андрей Карнеев ярилаа. Эдүгээ Бээжингийн эрх баригчид дээрх хэрэг явдлыг террорист ажиллагаа байсан эсэхийг зарлах л үлдэж байна.

Шинжаан-Уйгурын бүс нутаг нь нефть, байгалийн баялаг ихтэй, Пакистан, Афганистан, Казахстан, Киргиз, Тажикистантай хиллэдэг. ОХУ-тай ч багахан газраар хиллэдэг аж. Лал шашинтай уйгурууд Гоминданы талд орон Мао Зедуны эсрэг байлдаж байсныг хятадууд мартдаггүй. Мао Зедуны талынхан эрх мэдэлд гараад бүр арван жилийн дараа л уйгуруудын бослогыг дарж чадсан байдаг. Тиймээс Шинжаан нь хэдийгээр автономит засагтай ч арми, цэргийн хатуу хараа хяналтад байдаг аж. Мөн уугуул хятадууд буюу хан үндэстнүүдийг олноор суурьшуулах бодлого үргэлжилсээр байна. Сүүлийн таван жилд Шинжаан-Уйгур дахь хан үндэстний тоо 39 хувиар нэмэгджээ.

Шинжаан дахь салан тус­гаарлагч үзлийг Турк улс болон лалын суннит бай­гууллагууд дэмждэг. Өрнөд ч мөн ил, далд дэмж­лэг үзүүлсээр иржээ. Далай ламд Нобелийн энх тайв­ны шагнал олгож, Хятадад “Талибан” хө­дөл­гөөн, “Аль-Кайда” байгууллагын гар хөл нэв­тэрч байхад өрнөд хараагүй юм шиг л чимээгүй сууж байдаг аж. Саяхан “Аль-Кайда”-гийн төлөөлөгч Абу Яхья аль-Либи уйгуруудыг “Дарлагдсан лал шашинтнууд” хэмээн нэр­лэж, уйгуруудыг Хятадын эсрэг лалын ариун дайн өрнүүлэхийг уриал­сан байна.

 

Н.МӨНХЖИН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих