Улаанчулуутын жаалууд

 

Түрүүч нь аравдугаар санын 31-нд

Тэд долоо хоногтоо хоёр удаа энд цугларч халуун хоол идэж, чацар­ганын жүүс уудаг. Зузаахан куртиктэй явсан би даараад байхад цамц, өмд төдийхөн өмссөн жаалууд ажрах ч үгүй биднийг харж зогсоно. Зарим нь М.Сарнай эгчид тусалж түлээний мод хагалан зөөж байгаа харагдлаа. Хашааны эзэн М.Сарнай эгчийн тухай эхлээд ярих нь зүйтэй байх. Тэр долоо хоног бүрийн бямба, ням гаригт хоёр ээлжээр хооллодог 100 гаруй хүний хоолыг Бааскагийн аваачсан материалаар хийнэ. Зодуулсан, хүчирхийлүүлсэн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаална, тусална. Ер нь л түүний ажил их. Хоолны газар, түр хоноглох байр, сургалтын өрөө гээд олон янзаар ашигладаг энэ гурван гэрт өрнөх бүхий л явцыг тэр зохицуулдаг гэсэн үг.

Гэхдээ цалингүйгээр. “Намайг байхгүй бол энэ хавийнхан хэцүүдэх юм шиг санагддаг” гэж даруухан ярих тэрээр өөрөө таван хүүхэдтэй гэсэн. Нэг охиноо хогон дээр байхад нь олж, өргөж авчээ. “Согтуу, хөлчүү хүмүүс энүүгээр эргэлдэж зовоохгүй юу. Ядаж л зугтаад ирсэн эхнэр хүүхдийнхээ араас хүрээд ирвэл та ганцаараа яаж хамгаалдаг юм бэ” гэж түүнээс асуухад “Ан­хандаа ч согтуу нөхрөөс нь хамгаалж, гэрт нь хүртэл очоод зодолддог байлаа. Сүүлийн үед гайгүй болсон. Энэ хавийнхан ерөнхийдөө намайг мэд­нэ” гэв. Миний ойлгосноор М.Сарнай эгч Нарангийн энгэрийн “өндөр ээж” юм уу даа. Хог дээр яс түүж цуглуулсан мөнгөөрөө дөрвөн ханатай гэр авч, улмаар Бааскагийн гадаад дахь найзуудын тусламжаар дахин нэг гэртэй болжээ. Хуучин гэртээ хоол хийнэ, хү­мүүсийг хоргодуулна гээд байнга бужигнаж байдаг учраас өөрийнх нь амьдралыг салгаж гэртэй болгох шаардлагатай байж л дээ.

 

“ХЭРВЭЭ САЙХАН АМЬДАРЧ БАЙВАЛ НЭГНИЙГЭЭ ҮНС”

Ингээд хоол болох хоо­ронд хүүхдүүдийг бөөгнүүлэн харж хандах үүргийг бид хүлээв. “Одоо цаас, үзэг бариад явахгүй шүү. Хүүхдүүдийг саатуулах үндсэн үүргээ хэрэгжүүлээрэй” гэсээр Бааска надад үсээ хоёр боож, даарч, гар нь хүйт даасан гурван настай Цээнээг авчирч тэврүүллээ. Арай томуу­дыг нь тусдаа гэрт цуг­луулж холбооны гишүүн Д.Эрдэнэсүрэн нэхмэлийн хичээл заахаар болов. Эрка тэдэнд малгай, ороолт хэрхэн нэхэх талаар хоёр цагийн сургалт хийхээр ирсэн юм. Харин жижгүүдийг томоотой байлгах үүргийг бид хүлээсэн хэрэг. Энэ үеэр түрүүнээс хойш дуудуулсан хөлбөмбөгийн багийнхан ирцгээлээ. 7-8 дугаар ангид сурдаг Наранбаатар, Батбаатар, Бөмбөөлэй нарын хөв­гүүд энэ хавьдаа л ата­манууд нь гэнэ. Баянхошууны сургуульд хамтдаа явдаг, амралтын өдрөөр ч хамтдаа тоглодог, шаардлага гарвал аав ээжтэйгээ цуг хог руу явдаг. Тэд үеийнхээ зарим хүүхдийг бодвол сургуульд явц­гаадаг юм байна. Гэтэл яг энэ орчимд өмсөх хув­цасгүй, элэглэж дооглуулдаг гэсэн шалтгаанаар сургуульдаа явж чадахгүй 30-40 хүүхэд байгаа гэнэ. Хөвгүүдийг нэхмэлийнхэнтэй ний­лүүлсэнгүй, харин жиж­гүүдийг удирдаж, бидний ажилд туслахыг даалгав.

“Эгч ээ, таныг хэн гэдэг юм бэ. Би танд зураг зурж үзүүлэх үү. Бааска ахад үзүүлж болохгүй шүү. Энэ миний дүү, нэрийг нь Бүүвэй гэдэг юм. Та ямар гоё цүнхтэй юм бэ”. Өвөр дээр ээлжлэн суугаад шулганах жижигхэн жаалууд хэрэндээ л намайг, бас бусад залуусыг булаацалдана. Тэдний дунд Чимгээ гэх охин байна. Дөрвөн настай юм. Тэр хоёр настай дүүгээ тэвэрчээ. Дүүгийнх нь нойр хүрсэн бололтой, өвөр дээр нь унтаад өгөв. “Эгч нь дүүг нь гэр лүү оруулаад орон дээр тавих уу” гэхэд “Сэрээд уйлчихна аа. Би дандаа ингэж унтуулдаг. Тэврээд сууж байя” гэж хэвлүүхэн хэлэв.

Хүүхдүүдийг то­моо­той суулгахын тулд авьяасыг нь үзэхээр бо­лов. Шагналд нь оймс өгнө. Хөлбөмбөгийн ба­­гийн­хан дуулахаар боллоо.

Хорвоо дэндүү сайхан

Хосгүй дээд эх орон минь…  Эх орноо магтан дуулсан, сайхан үгтэй дуугаар Бөмбөөлэй эхлүүллээ. Шагналд нь олон өнгийн сонголттой оймсноос шилж авав. Авьяасаа үзүүлж шагнуулахаар бусад нь ч гараа өргөн шаагилдаад явчихлаа. Манай Томоо ч дутсангүй. Зүтгэсээр байгаад дуулахаар боллоо. “Тусгай салаа” олон ангит киноны жүжигчин Т.Эрдэнэбаярын “Аавдаа” дууг намуухан дуулав. Аавын хайрыг үзээгүй энэ хүү “Аавдаа” дууг сэтгэлээсээ хичээж дуулсан юм. Томоо ээж­тэйгээ хамт энэ ха­шааны буланд байх жижигхэн гэрт амьдардаг. Нарангийн энгэрийн жал­ганд нохой ухсан нүхэнд нэг нэгийгээ тэврээд цагираглан унтаж байхад нь ээж, хүү хоёрыг олсон юм гэнэ лээ. Харж хандах хүнгүй, сэтгэцийн өөрчлөлттэй хоёрыг бусдад нь дээрэлхүүлэхгүй гэсэндээ М.Сарнай эгч дэргэдээ авч, Бааска хөөцөлдсөөр байгаад энэ гэрийг авч өгсөн гэсэн. “Үүр цайх үеэр хоёулаа зэрэг зэрэг өлсөөд байна аа гэж орилоод эхэлнэ. Яг л хоёр хүүхэд шиг байх юм даа” гэж М.Сарнай эгч ярьсан.

Тоглолт үргэлжил­сээр. “Аав аа би өнөөдөр авдар архи авсан даа” гэрийн булангаас хэн нэг нь ингэж дуулаад зэм­лүүлэв. Ингээд сүүлд нь бид хамтдаа “Хэрвээ сайхан амьдарч байвал” дууг дуулахаар боллоо. Бүгдээрээ босч зогсоод хөгжилтэй нь аргагүй дуулав. Сүүлийн бадгийг дуулаад дуустал Наранбаатар хүү тэндээс “Хэрвээ сайхан амьдарч байвал нэгнийгээ үнс” гээд шинэ бадаг нэмчихэв. Бөөн үнсэлдээн, тэврэлдээн.

ХООЛОНДОО

Түрүүнээс хойш хажуу­гийн гэрээс үнэртсэн цуйван бэлэн боллоо. Ижил хэлбэртэй төмөр аяганд хоолоо тэнцүүхэн аягалж, нэг нэг зүсэм талхаар хачирлаад тарааж эхлэв. Гэрт оронгуутаа захын хүүхдээс эхлээд хоолоо тараатал заавал эхлээд дүү нартаа өгдөг юм гэнэ. Ингээд хамгийн жаахнууддаа хоолыг нь өгсний дараа арай томууд нь хоолоо авцгаалаа. Гэдэс нь өлссөн байгаа нь илт харагдавч тэд эмх  замбараатай, цэвэрхэн гэгч нь хооллолоо. Зарим нь өөрийнхөө талхыг найздаа, дүүдээ өгч байгаа харагдав. Ингээд хоолны дараа нэг нэг аяга чацарганы жүүс, нэг нэг ширхэг зайрмаг идээд энэ өдрийн ажил дууслаа. Нэхмэлийнхэн ч сургалтаа дуусав бололтой нөгөө гэрээс гарч ирэв. Эрка тэдэнд малгай, ороолт нэхэх технологийг заагаад бүгдэд нь утас, зүү бэлэглэсэн юм. Хүйтэнд өмсөх малгай ороолтоо өөрсдөө нэхээд өмсчихөж чадах болсондоо охид, эмэгтэйчүүд сэтгэл хангалуун байгаа нь илт. Ингээд хүүхдүүд гэр гэрийн зүг явцгаалаа. Өнөөх Чимгээ охины дүү сэрээгүй л байна. Бяцхан гартаа нам унтчихсан дүүгээ тэврээд хажуугаар нь өөрийнхөө пальтогоор хучих гэж оролдох түүнийг хараад, туслахаар очтол “Зүгээр ээ эгч ээ, манайх энэ хажууханд би тэврээд явж чадна” гэв. “Чи дүүдээ зайрмаг авсан юм уу” гэтэл “Аль түрүүн аваад малгайнд нь хийчихсэн. Батцэцэгт байгаа” гэж найзыгаа заав. “Баярлалаа эгч ээ. Дахиад ирээрэй. Баяртай” гэсээр жижигхэн гараараа даллан хашаанаас гарцгаалаа. Тэд гэртээ харьж байна. Яагаад ч юм дөнгөж ирсний дараа хөндүүрлэн өвдөж байсан сэтгэл гайгүй болчихжээ. Тэдний амнаас хэцүү байна, эгч ээ , ах аа туслаач гэсэн үг унасангүй. “Аав ажилдаа явчихсан. Ээж гэртээ байгаа. Би сургуульдаа дуртай, цэцэрлэгт явмаар байна. Би англи хэл сурмаар байна. Надад зурах авьяас байгаа шүү. Зургийн хичээл орвол би заавал сууна”. Хүүхдийн хүсэл, мөрөөдөл, гэгээн бодол тэр бүх үгнээс мэдрэгдэнэ.

Сурвалжлагын төгс­гөлийг Далай ламын хэлсэн нэгэн зүйрлэлээр зангидъя. Тэрээр нэгэн удаа томоо гэгч нь тансаг хаустай, хэд хэдээр нь эгнүүлэн тавьсан жийптэй айлд урилгаар очсон гэдэг. Жигтэйхэн сайхан дайлуулж цайлуулсны дараа тэр айлын хэчнээн тансаг, дутах юмгүй амьдарч байгааг Далай лам шагшжээ. Гэвч ариун цэврийн өрөөнд нь ороод шүүгээг нь санамсаргүй нээтэл тайвшруулах, нойрсуулах эм дүүрэн байжээ. Эд мөнгө тансаг амьдралын цар хүрээ ихсэх өргөсөх тусам хүний ой ухаан санаа зоволт, айдас хүйдсээр дүүрдгийн жишээ энэ. Харахад хувцас муутай, нооройсон гэж хэлж болох ч Улаанчулуутын жаалууд итгэл дүүрэн амьдралд тэмүүлж байна. Хэдэн давхар хаус, олон төмөр хүлгүүд амьдралын үнэ цэнэ бус харин хайр, итгэл, тэмүүлэл хэмээх сэтгэлийн хөрөнгө хамгийн үнэтэй гэдгийг Далай багшийн “Шинэ мянганы хүмүүн төрөлхтний ёсзүй” но­монд тодоос тод харуулсан байдаг. Хог дагасан амьдрал дунд хүн болохоор тэмүүлж байгаа эдгээр хүүхдүүдэд орчин цагийн хүн төрөлхтөнд дутаад байгаа амьдрах итгэл дүүрэн байна.

Б.СОЛОНГО /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих