Туршлагатай малчны зуд давсан сургамж
Булган сумын сургагч багш С.Баярсайхан тус суманд олон жил давтагдсан зудын сургамжийг “Гамшигийн эрсдлийг бууруулах уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлэг дээр ярьсныг нийт малчиддаа хүргэж байна.
Цаг агаарын нөхцөл байдал янз бүр байгаа учир ерөнхий дөрвөн дэд хэсэг гарчигт хуваан малчдад үнэтэй зөвөлгөө хүргэлээ.
Нэгд: Зуд болвол хуц, уханд.
Хоёр: Баян нэг зуданд, баатар нэг суманд
Гурав:Тэнгэртэй тэрсэлдэхгүй байх.
Дөрөв: Аливааг угтаж хардаг.тосож бэлддэг,тэсэж давдаг байх хэрэгтэй.
Монгол малчид байгалын араншинтай зохицож амьдарсаар ирсэн.Эиэ утгаараа аваад үзвэл. Булган суманд 1944 оны мичин жилийн зуд, 60,70,80,96,97 мөн 2000-2001 он,2009-2010 онд зуд зурхан болсон. Ялангуяа 82,83 онд болсон зуднаар Төр засгийн шийдвэрээр Булган сумын малчид Эрдэнэбүрэн сумруу нүүж гамшигийг даван туулж байсан.
1987,1988 оны үед хамгийн сүүлд 3.18-ны өдөр цас орж яваандаа хайлж зуднаас гарсан .1996-1997 онд Малчид хувийн аж ахуй руу шилжисний дараа зуд болсон. Малчид энэ үед хуучны зохион байгуулалттай дэмжлэг туслалцааг үгүйлж байсан.
Тухайн үед МУ-ын Ерөнхий сайд байсан М.Энхсайхан Булган суманд ирээд 100 шуудай гурил бэлэглээд “Мал бол та нарын хувийн өмч тиймээс өөрсдөө хамгаалж үлдэх нь зүйтэй” гэж хэлсэн.Энэ нь нэг талаараа хатуурхал ч нөгөө талаараа малчдад асар том сургамж болсон юм. 2001 оны зудыг өмнөх алдаан дээрээ суралцаж малчид харицангуй хохирол багатай давж гарсан.
2009-2010 онд 240 мянган толгой малаасаа 60 хувийг хорогдуулж зуд биш бүр гамшигийн байдалд хүрсэн.Иймд бид малчидтайгаа ярилцаж хавраас эхлэн орж буй бороог ажиглах зэргээр эртнээс санаа зовинож бэлтгэлээ базаадаг болсон.Монголчууд усан бороо.тосон бороо,шимтэй бороо,шимгүй бороо гэж ярьдаг.
Мөн ургацын байдлаас харж нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж нөөц,тусламж ,дэмжлэг зэргээр 6 сарын өмнөөс бэлтгэж төлөвлөж Мэрси Кор байгууллагаар дамжуулан малчиддаа зөвөлгөө хүргүүлсэн. Малчид бидний зөвөлгөөг сайн муу янз бүрээр л хүлээж авсан.
Иймээс бид 70-аас дээш настай ахмад малчидтай биечлэн уулзаж арга ухааныг нь сонсоод, малчиддаа тэдний зөвөлгөө хүргэсэн.Ахмадуудын зуд зурханыг хэрхэн давж гарч байсан арга түүхээс дурьдвал: Мал аж ахуй эрхэлж буй хүмүүс тодорхой хэмжээний борлуулалт хийж хатуу валют болгох буюу банкинд эргэлтэнд оруулах.
Хөрөнгөө зөв байршуулах зах зээлийн ухаанаар хандах хэрэгтэй шаардлагатай гэж зөвлөж байгаа юм.Бас тэмээ тал бүрийн ашигтай мал юм байна. Дээх нь үед баян малчин нэг зун их л өгөөмөр болж малаа ядуу хүмүүст бэлэглэхийг нь бэлэглэж, зарахыг нь зараад хариуд нь тэр малаа нядалж аваад өөхийг нь өгөхийг хүсчээ.
Бүх малаа намар 10 сар гэхэд тарааж дуусжээ. Ингэхдээ зарахаасаа илүү малаа тэмээгээр илүүтэй сольж авчээ.Тэгээд өвөлжин тэмээгээ арчилж,цас их орсон ч цасанд дарагдахгүй өндөр ургадаг бургас ,харгана улиас л үлдэж. Тэр ургамлыг тэмээ л иддэг юм байна.Харин хавар хатуу учир өвс их идсэн тэмээний ам нь омголтож хагардаг юм байна.
Тэгэхлээр нь нөгөө цуглуулсан малынхаа өөхийг хайлуулж түрхэж эдгээсэн гэдэг.Зун нь болохоор цаг сайхан газар бэлчээрт тэмээгээ туун буцаад ирэхдээ өмнөх жилийнхээ малаас хоёр дахин их малтай болоод ороод ирсэн сайхан түүх бий. Өөр нэг арга туршлага гэвэл өвөл эхний цас ормогц малаа нядлаад гэдэс доторыг нь юүлээд арьстай нь хашаа барьсан байгаа юм.
Хавар хүмүүс ядраад ирэхлээр нэг малыг нэг бяруугаар ч юмуу солиод эргүүлээд тэр малаа хэвээр нь авч гарч байсан байдаг юм. Амьдралын ийм энгийн сайхан туршлагуудыг ахмадууд минь зөвлөж ярьж байсан юм.
1984 онд Булган суманд үер болсон.Булган гол үерлэж сумын төвийн дээгүүр орж ирж хүн,амьтан, машин техник явах боломжгүй болж Улсын онцгой байдлын газраас нисдэг тэрэг ирж малчдыг аварч байсан удаатай. Булган голыг дагаад зөвхөн цас зудны аюул,хаврын тарчиг байдлаас илүү бас үер ус,аянга,газар хөдлөлтийн аюул их байдаг.
Мөн их цас орсны гай үүгээр дуусахгүй.Хавар болохоор хачир гүйнэ гэж аюултай юм бий. Айлуудад ийм аюултай нөхцөл байдалд байгааг нь дуулгаж анхааруулахаар хүлээж авдаггүй. Өөдөөс янз бүрийн олон шалтгаан тоочдог. Энэ бол үнэхээр шийдвэрлэхэд хүнд зүйл байгаа юм. Бид цагаан сараар хачирт өртсөн айлуудыг нүүлгэж байсан удаатай.
Дээр үеэс газар хөдлөлтийг олон янзаар шинжиж ирсэн байгаа юм. Жишээ нь: хулгана,могой,үхэр,нохой, зэрэг амьтад маш сайн мэдэрдэг. Мөн ажиглаж чадвал Харганы өнгө сулардаг юм байна. Энэ мэт олон зүйлийг давхар, тооцож хүрээлэн буй орчноо ажиглаж амьдрах хэрэгтэй.
Булган суманд 2009-2010 оны 11 сарын 7-10-ны хооронд эхний хоёр өдөр бороо орсон дараа өдөр нь цас орсон. Ер нь 2010 оны нийт дүнгээр 45 удаа цас, хярмаг, хялмаа орсон байдаг. Сумын төвдөө бол 30-40 см зузаантай, уул хөдөөдөө 20 см зузаантай орсон.
Энэ үед бид ямар арга хэмжээ авсан бэ гэвэл “Эхний удаад хөдөө хээр байгаа нялх хүүхдүүд,жирэмсэн эхчүүд,өндөр настай хүмүүсээ татаж авах ажлыг зохион байгуулсан.Тэгээд малчдаа уулнаас малаа оруулж ирж голдоо өвөлжих чиглэл өгсөн. Хамгийн сүүлд 12-р сарын 30-нд бүх малчдад багийн иргэдийн нийтийн хурлаар дамжуулаад малаа нядлуулбал яасан юм бэ? гэдэг чиглэл өгсөн.
Мэдээж Монголчууд бид малдаа хайртай ард түмэн болохоор хотныхоо захад 40 дээд тал нь 60 мал нядлаад тэрнээс цааш бол хэзээ ч чадахгүй юм билээ. Яван явсаар бидний арга барил буруу болж таарсан. Үнэхээр хүнд хэцүү үед бид янз бүрийн санал санаачлага гаргаж байсан.
Улаан загалмайн хороонд малчид нэг нэг мал бэлэглээд,эргээд нөхцөл байдал хүндэрсэн үед тэр малаа тусламжиндаа авъя гэж ярилцсан гэвч малчид маань уг саналыг хүлээж аваагүй.Зуднаас үүссэн хохирлоо малчид 2-3 жилийн дотор нөхөж чаддаг юм байна. Харин гамшигийн хохирлыг нөхөж чаддаггүй юм байна.
Энэ бүхний эцэст дүгнэлт хийгээд үзэхэд одоо малчид аливаа байгалын араншинг 180 хоногийн цаадтай харах хэрэгтэй. Мөн байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харьцахгүй байх хэрэгтэй. Залуу малчид өөрсөддөө тэсвэр тэвчээрийн чанарыг суулгаж өгөх хэрэгтэй л юм байна лээ.
Эх сурвалж: “Ховдын мэдээ” сонин
URL: