“Кимчиний хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон”

986b8d3f22f0c5bfbigМХЕГ-аас нөөшилсөн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд шалгалт хийсэн байна. Энэ шалгалтын талаар МХЕГ-ын улсын ахлах байцаагч А.Амаржаргалаас тодрууллаа.

-Энэ удаагийн шалгалтад хэчнээн компанийг хамруулсан бэ?
-Бид холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор шалгалтыг өнгөрсөн наймдугаар сарын 25-аас эхлэн энэ сарын 05-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.

Өмнөх оны хяналт шалгалтаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн болон өмнөх онуудад хяналт шалгалтад хамрагдаагүй нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж буй Нийслэлийн 11 аж ахуйн нэгж, Хөдөө орон, нутгийн 15 аж ахуйн нэгж, иргэнийг хяналтын хуудсаар үнэлж бэлэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээтэй хийж гүйцэтгэсэн.

-Шалгалтаар стандартын шаардалага хангаагүй бүтээгдэхүүн илэрсэн үү?

-Шалгалтын явцад Нийслэлийн “Насанжаргал” ХХК ,”Еден” ХХК , “Хос билгүүн зул” ХХК, ”Бэтт” ХХК, Увс аймгийн “Шинэ ургац арвин”, Дорнод аймгийн “Дорнод бүсийн ЭШ ҮТ”, Сэлэнгэ аймгийн нөөшилсөн хүнс үйлдвэрлэгч иргэд, Говь-Алтай аймгийн “Сансаа” ХХК, иргэд, Орхон аймгийн “Орхон зөн” хоршоо, “Орхон газрын өгөөж” ХХК, “Бүхүй” ХХК, “Гоё шарга” иргэн Ж.Ургамал зэрэг нийт 22 аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн нөөшилсөн дотоодод тариалсан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон БНХАУ-аас импортолсон чавга, алим, жимс зэрэг нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс 73 дээж авч, хими, нян судлал, хор судлал, хөгц мөөгөнцөрийн лабораторид шинжлүүлснээс стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн илрээгүй.

Ер нь нөөшилсөн хүнс өндөр температурт технологийн өндөр горим шаарддаг бүтээгдэхүүн болохоор боловсруулалтын явцад нян бактер ихэнх нь устаж үгүй болдог онцлог хүнсний бүтээгдэхүүн юм.

-Шалгалтаар тэгвэл ямар нэгэн илрүүлсэн зөрчил, дутагдал байхгүй гэж ойлгож болох уу?

-Нийслэлийн ”Едэн”, “Бетт”, “Адистай”, ”Эрхэм сан”, “Баясгалант болор” ХХК зэрэг үйлдвэрлэгчдийн 66 хувийнх нь үйлдвэрийн барилга нь хүнсний үйлдвэрийн зориулалтаар баригдсан эсэх нь тодорхой бус, улсын комисс хүлээн авсан акт байхгүй байсан.

“Адистай”, ”Эрхэм сан”, “Баясгалант болор”, ”Миш маш” ХХК зэрэг үйлдвэрлэгчдийн 88.8 хувь нь технологийн хэрэгцээт усандаа сүүлийн нэг жилийн хугацаанд шинжилгээ хийлгээгүй, “Баясгалант болор”, ”Миш маш”, ”Едэн” ХХК зэрэг үйлдвэрлэгчдийн 66.6 хувь нь түүхий эд, хүнсний нэмэлт, туслах материал нь баталгаажилтгүй, хадгалалтын хугацаа, чанарт хяналт тавьж, бүртгэл хөтлөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байгаа.

-Нийт хэчнээн зөрчил илэрсэн бэ. Зөрчилтэй байгууллагуудад ямар хариуцлага хүлээлгэв?

-Хүнсний үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, жорыг шаардлагын дагуу боловсруулаагүй, дотоодын хяналтын бүртгэл хөтлөлт хангалтгүй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй түүхий эд, нэмэлт үйлдвэрлэлд хэрэглэсэн, улсын байцаагчийн албан шаардлагаар өгөгдсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй зэрэг нийт давхардсан тоогоор 305 зөрчил илрүүлж газар дээр нь 219 буюу 72 хувийг нь арилгуулж ажиллалаа. 2012, 2013 оны хяналт шалгалтаар “Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд дараалан их эрсдэлтэй үнэлэгдсэн “Эрхэм сан”, “Баясгалант болор” ХХК-ийн кимчи үйлдвэрлэх цехүүдийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоосон байгаа.

Мөн “Насанжаргал”, “Еден”, “Бэтт”, “Эрхэм сан”, “Адистай” ХХК, Орхон, Дархан уул аймгийн нөөшилсөн хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хуулийн дагуу 1.846 мянган төгрөгийн, шийтгэвэр, торгууль ногдуулж, 100 хувь барагдуулсан. Зөрчлийг арилгуулахаар 11 аж ахуйн нэгжид 91 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн байгаа.

-Шалгалтад хамрагдсан үйлдвэрүүд ажлын байрны эрүүл ахуйн хувьд ямар байсан бэ?

-“Ажлын байрны эрүүл ахуйг шалгах хяналтын хуудас”-аар шалгалтад хамрагдсан үйлдвэрүүдийг шалгахад үйлдвэрүүдийн 15 хувь нь бага эрсдэлтэй, 55 хувь нь дунд эрсдэлтэй, 30 хувь нь их эрсдэлтэй дүгнэгдсэн.

Ер нь үйлдвэрүүд ажилтныхаа эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулах санхүүжилт тодорхойгүй, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, ажилтныг ажилд авахдаа болон хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулдаггүй, үнэлгээ өгдөггүй, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулаагүй зэрэг нь ажиллагсдыг эрсдэлд өртөх нөхцлийг бүрдүүлж байгаа нь гол шалтгаан болж байгаа.

Ж.Отгонмягмар

http://stat.gogo.mn/news/2012/10/31/mongoliinmedee1031.jpg


URL:

Сэтгэгдэл бичих