Д.Зоригтын суудлыг намаараа хамгаалах гэнэ

Шаргал ордон сүүлийн хэдэн өдөр нэлээд хөл хөдөлгөөнтэй өнжих болж. Сонгууль дөтөлж буйг ч хэлэх үү, гишүүд болоод сайд, дарга нарт хийж гүйцэтгэх ажил дэндүү их байгаа бололтой.

Өчигдөр гэхэд л, МАН-ынхан хэд гурваараа ордны энэ тэндэх албан өрөөгөөр сүжирч гүйгээд, сүүлдээ бүр Удирдах зөвлөлөө хуралдуулах шив. Мэдээж энэ удаагийн хуралдаанаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг нэн тэргүүнд авч хэлэлцсэн аж.

Түүнчлэн зөвлөлийн хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ орж байгаа харагдсан.

Харин Удирдах зөвлөлийн хуралдаанаар Д.Зоригт сайдын суудлыг намынхан дуу нэгтэй хамгаалж үлдэхээр үгсэн тохирчээ. Тэд энэ шийдвэрээ хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж байгаа юм.

Тухайлбал, Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон шийдвэр гаргахад хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр хийсэн сайдыг түүгээр нь шантаажлан огцруулах гэж оролдож байгаа нь үндэслэлгүй хэмээн үзсэн байна. Мөн Тавантолгойн ордыг 40 жилийн турш яриад эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй. Энэ ажил мөн хамтарсан Засгийн газрын үед биеллээ олж, хэрэгжих гэж буй.

Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл асуудалд бодитой хандах ёстой хэмээн үзжээ .Түүгээр ч зогсохгүй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хуудуутай хийсэн гэх үндэслэлээр холбогдох гишүүд Д.Зоригт сайдыг албан тушаалаас нь огцруулах шаардлагатай хэмээн үзэж буй бол гэрээг хамт үзэглэсэн С.Баярцогт, Л.Гансүх сайд нарт ч асуудал үүсгэх ёстой хэмээсэн байна.

Түүнчлэн тус хуралдааны дараа Удирдах зөвлөл энэхүү шийдвэрээ УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулсан юм. Харин энэ зуур учир мэдэх нэг нь МАН-ынхан сайдын асуудалд хоёр хуваагдаад байгааг хэлсэн. Ямартай ч түүний хэлж буйгаар Д.Зоригт сайдыг огцруулах хусэлтэй хүн нам дотор байгаа гэнэ. Тэр ч бүү хэл сайдын суудалд горилох гишүүдийн нэрс тодроод буй юм байх. Сонсоод байх нь ээ, Х.Бадамсүрэн, А.Тлейхан гэх мэт уул уурхайтай ямар нэгэн хэмжээгээр нэр холбогдож явсан эрхмүүд дуулдсан. Түүнчлэн энэ өдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны үдээс өмнөх хуралдаанаар сайдын асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч намын бүлгүүдээр ороогүй гэх шалтгаанаар хойшлогдсон юм.

Ямартай ч энэ өдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хуралдаанаас Д.Зоригт сайд нүүрэндээ мишээл тодруулан, нэлээд сэтгэл хангалуун гарч яваа харагдсан. Намынхан нь түүнд итгэл үзүүлж, суудлыг нь баттай хамгаалахаар болсонд тэрбээр баяртай байх нь гарцаагүй.

Тэгэхээр хоёр дахь удаад ч Д.Зоригт сайд суудлаасаа ховхорч, нэр бүхий гишүүдийн хүсэл, зорилго биелнэ гэдэг юу л бол. МАН-ын гишүүд олонхиороо түрүү барьж, залуу сайдынхаа “үнэ, хүндтэй” энэ албан тушаалыг баттай авч үлдэх нь тодорхой болох шив. Мөн сайдын суудал мөрөөдөөд яваа нам доторх “эсэргүүнүүд”-ийн найруулсан хор хаана хүрч зогсох вэ гэдэг нь бас л сонирхолтой дүр зураг харагдах биз.

О.Сэлэнгэ http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих