Оффшор компаниудын нэрсийг ил болгожээ
Дэлхийд шуугиан тариад байсан татварын диваажин буюу оффшор бүс дэх компани, хувь хүний мэдээллийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо нийтэд ил болголоо. Үүний дараа улс орон бүрт хууль бус мөнгөний урсгалтай холбоотой маргаан мэтгэлцээн өрнөж байна. Төрд удсан томчууд ч оффшор бүсэд данстай бөгөөд түүнийг нь түвэггүй мэдэж болохоор болсныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдсэн билээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны “http://www.icij.org/” цахим хуудас дахь мэдээллийн санд зочилж хэнбугайн ч нэрийг шүүж үзэх эрх бүхний өмнө нээлттэй байгааг тэрээр бас онцолсон. Ийнхүү хаалттай сэдэв байсан оффшор бүсийн “хөшиг” нээгдэж тэнд данстай, нууц компанитай хүмүүсийг хялбархан “илрүүлэх” боломжтой болжээ. Энэ бүхний үргэлжлэл болж дэлхийн өнцөг булан бүрт оффшор данстай холбоотой хэргүүд мандсаар байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш оффшор бүстэй холбоотой 2.5 сая баримтыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос дэлгэсэн нь Энэтхэг, Монгол, Франц зэрэг олон улсад томоохон дуулиан тариад байгаа. Үүнийг Европын холбооноос “Европын нутгаас далдуур урсан гарч буй их хэмжээний мөнгөний урсгалыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт дэлгэлээ” хэмээн сайшааж байгаа юм.
“Бид өнөөдөр асуудлыг огт өөр өнцгөөс хардаг болсон. Энэ бол шинэ ертөнц” хэмээн Белгийн Төрийн нарийн бичгийн дарга ярьжээ. Францын эрх баригчид оффшор бүсийн мэдээллийг ил болгосноор Ирландын эрх баригчид 4.3 сая еврог нөхөж олж авах боломжтой болж байна. Харин Колумбын Засгийн газар Колумбын компаниуд болоод хувь хүн гуравдагч этгээд буюу татварын диваажин болсон 44 улс оронд санхүүгийн шилжүүлэг хийсэн тохиолдолд 33 хувийн татвар төлөх ёстой болж байна. “Манай нам татварын давуу эрх эдлэх явдлыг шийдвэрлэсэн” хэмээн тус улсын Эдийн засгийн сайд Маурисио Карденас орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлжээ.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо болон “The Indian express” сонин энэ оны эхээр Энэтхэгт 500 гаруй хувь хүн, албан байгууллага оффшор данс эзэмшиж буйг зарласан юм. Тэдний дунд парламентын хоёр гишүүн, үйлдвэрлэл, бизнесээрээ нэрд гарсан хэд хэдэн хувь хүн багтжээ. Өнгөрсөн долоо хоногт бас нэлээд хэдэн хүний нэрийн жагсаалт шинээр гарч ирсэн тухай Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос мэдээлж байна.
Тэгвэл Өмнөд Солонгосын удирдагчид дарангуйлагч асан Чун До Хваны гэр бүл хууль бусаар оффшор гүйлгээ хийснийг илчилсэн хэмээн зарлалаа. Энэ оны эхээр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо болон Өмнөд Солонгосын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв хамтран Чуны хүү Чун Жай Күк Их Британийн Виржин аралд нууц оффшор компанитай гэдгийг ил болгосон билээ. Энэ сарын 8-нд тус улсын Гаалийн газраас Чуны гэр бүлтэй холбоотой хууль бус гадаад валютын шилжүүлэг хийснийг зарласан юм. Тус газраас мэдээлж буйгаар тэрээр татвараас бултахыг оролдсон бөгөөд энэ хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Авлигын эсрэг Бангладешийн хорооноос Бангладешийн эрх баригч Авами лиг намын тэргүүлэгч гишүүн Кази Зафаруллатай холбоотой оффшор компанид хийсэн мөрдөн шалгалтыг ил болгохоор өнгөрсөн сарын 30-нд шийдсэн юм. Өнгөрсөн зургадугаар сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо болон тус улсын өдөр тутмын “New Age” сонин Зафарулла болон түүний эхнэр Нилуфер Зафар нар оффшор хоёр компанид хувь эзэмшдэгийг нийтэд дэлгэсэн билээ. Үүгээр зогсохгүй энэ хос Швейцарийн “UBS AG” банкны Сингапур дахь салбарт данстай гэдэг нь ил болсон юм.
Ж.ЦОГЗОЛМАА/ ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: