Арабын хунтайж Дэлхийн эзэн шиг загнажээ

Дипломат харилцааны сонгодог толь бичигт улс хоорондын харилцаанд ашигладаг 60 орчим загвар бий. Дайны нөхцөл байдлаас эхлэн тухайн улсад гаднын хүчний бүрэлдэхүүнтэй цэргийн ажиллагаа явуулах хүсэлт илэрхийлэх гээд сонгодог загварууд энд бичигдсэн байдаг. Саудын хунтайж Бандарын саяхан хийсэн мэдэгдлийг дипломат харилцааны доромжлол гэж шууд харьцуулж болохгүй юмаа гэхэд АНУ-д хаягласан гэнэтийн бүдүүлэг хандлага гэж болохоор. Саудын Арабын хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг гэгддэг хунтайж Бандар бин Султан нь АНУ-ын бүгд найрамдахчуудын хүрээлэлд нэлээд нэр нөлөөтэй, ойр дотно харилцаатай юм. Тэрбээр Америкт олон жил Саудын Арабын бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан нь ийм хүрээлэлд багтахад нь багагүй нөлөөлжээ. Тэр ч атугай түүнийг “Бандар- Буш” гэх нь ч бий. Тэрбээр саяхан барууны дипломатуудтай уулзах үеэрээ нэгэн мэдэгдэл хийсэн нь гэнэтийн бөгөөд цочир “бэлэг” болжээ. Хунтайж Бандарын өгүүлснээр, Саудын Араб АНУ-тай харилцаж ирсэн түүхэн харилцаагаа бүр эхнээс нь нягтлахаар болж байгаа юм байх. Шалтгаан нь Ойрхи Дорнод дахь Саудын Арабын сонирхлыг илүүд үзэн Вашингтоноос татгалзах гэнэ. Цагаан ордон Израилийн лоббигийн нөлөөгөөр Израиль-Палестины хямралыг арилгах чадваргүй бөгөөд израильчуудын ашиг сонирхолд үйлчлэхийн сацуу Эр-Риядын улстөрийг дэмждэггүй гэнэ. Мөн тус бүс нутаг дахь Саудын Арабын гол өрсөлдөгч болох Ирантай харилцаагаа сайжруулах улстөрийн бодлогыг чухалчилдаг гэсэн байна.
Вашингтон Сирийн хямралд дорвитой арга хэмжээ авахаас татгалзсан нь ч Бандарын АНУ-д сэтгэл хөрөх болсон шалтгаануудын нэг мөн гэдэг нь илт байжээ. Дипломат харилцаатай орнуудын хувьд иймэрхүү мэдэгдлийг тухайн улсын удирдагч нь бус өөр нэгэн хийх нь үнэхээр оновчгүй. Саудын хаан Абдалла өнөө хүртэл иймэрхүү хандлага гаргах юмуу өнгө аяс илэрхийлж байгаагүй. Өөрийгөө дэлхийн эзэн хаан мэт дөвийлгөсөн иймэрхүү өнгө аясыг АНУ-д өмнө нь хэн ч гаргаж байгаагүй. Тэр одоогийн хааны гэр бүлийн гишүүн биш мөртлөө яагаад ийм зоригтой дүгнэлт гаргах болов. Хунтайж Бандар нь Саудын хаант улсыг үндэслэгч Абдель-Азизийн гүрний хамгийн хүчирхэг бүлэглэл болох Судейри аймгийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд хаан ширээ залгамжлах хамгийн боломжит нэр дэвшигч хэмээгддэг. Судейри бүлэг нь АНУ- ын бүгд найрамдахчуудын элитүүд болон Америкийн үндэстэн дамнасан томоохон корпорациудтай нягт харилцаатай. Саудын Арабын одоогийн хааны хүү Митаб Бандар болон түүний бүлгийн бусад удирдагчийн эл түрэмгийлэлд таагүй хандах нь гарцаагүй. Митаб улсынхаа үндэсний армийг удирддаг бөгөөд уг арми нь Саудын Арабын аюулгүй байдлыг бүрэн хангаж чадах хүчний байгууллага агаад хааны эзэмшилд бүрэн оршдог. Митаба Эль-Хаса нутгийн удирдагчдын бүрэлдэхүүнтэй аль-Жилюви бүлгийг дэмжин ажилладаг бөгөөд Эль-Хаса нь тус улсын хамгийн их нефтийн нөөцтэй бүс нутаг юм. Аль-Жилюви бүлэглэл хаант засгийн эрхэнд санаархаад ч нэмэргүй, боловсролын салбар юмуу нефтийн нөөц ихтэй газрыг хяналтдаа авах бүрэн боломжтой. Гэхдээ гаднын ямар нэг хүчирхэг дэмжлэг тэдэнд зайлшгүй хэрэгтэй. Гэтэл Митаб болон Жилюви бүлэглэлийн төлөөлөгч нар сүүлийн хоёр сарын хугацаанд Б.Обамагийн төлөөний хүмүүстэй дөрвөн ч удаа уулзсан талаар хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэгэхээр цаашдын төлөв байдал бараг л тодорхой болж байгаа юм. Обамагийн удирдлаган доорхи Америкийн Засгийн газар Сири дэх ашиг сонирхлын ялагдлаа тооцоолохын сацуу төрийн өрийн дийлдэшгүй урсгалаар түрүү барин бүгд найрамдахчуудыг харгисаар хавчих нь. Сенатч Маккейн ч үүнийг хөндсөн өгүүлэл нийтлүүлж байсан. Тэрбээр Б.Обамагийн, ардчилсан засаглалын улстөрийн бодлогыг нийтэд нь шүүмжилж, гадаад улстөрд нэр хүндээ алдсан, шийдвэр гаргахдаа муу хэмээн тодорхойлсон байна. Бандарын мэдэгдэл ч эцсийн дүндээ иймэрхүү өнгө аясыг илэрхийлсэн мэт. Бандар Обамаг чухал хамсаатнаа өөрөөсөө түлхлээ дээ гэсэн мэт байр суурьтай байгаа нь тодорхойгоос гадна хаан ширээний төлөөх гол өрсөлдөгчтэй нь сүлбэлдэх болсонд эгдүүцэх нь аргагүй. Саудын Арабын хаан Абдалле өдгөө 90 настай бөгөөд угсаа залгамжлах ханхүү Салман нь хүнд өвчтэй. Тиймээс хаан ширээний төлөө хоёр хүчирхэг бүлэг тэмцэлдэх үед төсөөлшгүй гэнэтийн, эмгэнэлт үр дагавар дагуулах бүрэн магадлалтай юм.

URL:

Сэтгэгдэл бичих