Д.Эрдэнэбат: Муу сурдаг, хариуцлагагүй, идэвхгүй оюутанд тэтгэлэг олгох ёсгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн.
Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль, тогтоол нэг бүрээр хэлэлцсэн юм.
Дээрх асуудал дундаас хуралдааны үеэр Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр гишүүд анхаарлаа төвлөрүүлэн хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, оюутанд хавтгайруулсан тэтгэлэх өгөх шаардлагатай, шаардлагагүй гэсэн асуудал гишүүдийн анхаарлын дунд байлаа.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар оюутнуудад өгөх тэтгэлгийн хэмжээг Засгийн газраас тогтоохоор оруулж ирсэн шалтгаан, цаашдаа тэтгэлгийн хэмжээ хэдэн төгрөг байхыг тодруулсан юм.
Сангийн сайд Ч.Улаан “Энэ онд 106 тэрбум төгрөгийг 165 мянган оюутнуудад Үндэсний тэтгэлэг хэлбэрээр олгоно. Шаардлагатай мөнгийг төсөвт тусгасан” гэсэн хариултыг өгч байсан юм.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудалд шүүмжлэлтэй хандсан юм. Тэрбээр “Мөнгө ярихаар халамж руу ороод байх юм. Би хувьдаа мөнгийг хариуцлагын хөшүүрэг гэж хардаг. Гэтэл өнөөдөр оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудал орж ирж байхад зөвхөн Сангийн яам байх жишээний. Гэтэл БШУЯ-нд огт хамаагүй зүйл шиг байж байна. Ингэж болохгүй. Нийгмийн баталгааны цаана мэдлэгийн баталгааг өгч байгаа эсэхийг холбож ярих хэрэгтэй. Хамгийн гол нь олгож байгаа мөнгө оюутны хариуцлага, тухайн дээд сургуулийн сургалтын чанар стандартыг хангахад үүргээ гүйцэтгэж байна уу гэдэг нь чухал. Оюутны тэтгэлэг байгаа онох ёстой. Үнэхээр мэдлэг чадвар өндөр, сурлага сайтай оюутнууд нь 90 мянган төгрөгөөс илүүг ч авсан болно. Муу сурдаг, хариуцлагагүй, идэвхгүй оюутнуудад энэ мөнгө очих ёсгүй. Нийгмийн шударга хуваарилалт байх ёстой. Хамгийн гол номын сангүй, лабораторгүй биеийн тамирын заал байхгүй наад захын стандарт хангаагүй, түрээсийн байр, түрээсийн багштай сургалт явуулдаг их, дээд сургуулиудад энэ тэтгэлэг очих ёсгүй. Би энэ зарчмыг хатуу баримтална гэж бодож байгаа. Үүнээс гадна сурч чадаж байгаа нь ахиухан тэтгэлэг, мөнгөн урамшуулал авдаг, чаддаггүй нь авдаггүй энэ системийг Засгийн газрын журмаар зохицуулдаг асуудлыг хуульд тусгах шаардлагатай байна” гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
Ийнхүү гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсний дараа санал хурааж дээрх хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Э.Пагма
URL: