Монголчууд Төмөр зам, далайн боомтын чиглэлээр БНАСАУ-тай хамтран ажиллах эрмэлзэлтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНАСАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд Пак Бон Жү өнөөдөр бараалхав.Ерөнхийлөгч хэлэхдээ “БНАСАУ өөрийн орны удирдагч Ким Жөн Ыны удирдлагын дор эдийн засгийн хүчирхэг гүрэн байгуулах зорилтыг хэрэгжүүлж байна. Бид ч бас бие даасан эдийн засгаа бий болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн есдүгээр сард болсон хоёр орны Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын хуралдаанаар тодорхой асуудлууд ярьж протокол байгуулсан байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний эрх ашигт нийцэж, тэднийг ойртон нягтруулахад ач холбогдолтой юм.
Монголын нүүрс, шохойноос винолин гаргаж даавуу үйлдвэрлэхээр харилцан ярилцаж, манай хүмүүсийг сургасан байдаг. Та химич хүний хувьд энэ хамтарсан үйлдвэрийг яаж байгуулах нь зохистой талаар бодож үзээрэй. Энэ бол хамтын ажиллагааны нэг алхам байж болно. Монголын байгалийн баялагт тулгуурлан энэ мэт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой. Бид бензин шатахууны өөрийн үйлдвэртэй болохоор ажиллаж байна. Төмөр зам, далайн боомтын чиглэлээр БНАСАУ-тай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа. Хоёр орны хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэхэд тээврийн асуудал хүндрэлтэй байгаа юм.

Мөн манайх мал аж ахуйн туршлага, технологитой орон. Олон малтай. Манай мал халуун, хүйтэнд их тэсвэртэй. Ер нь хамтын ажиллагааг нэгдсэн бодлогоор зохицуулах нь чухал гэж бодож байна.

БНАСАУ Монгол Улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаад баяртай байна. Хоёр тал Улаанбаатар, Пхеньянд эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хуралдаан зохион байгуулбал би өөрөө оролцоно. Хамтын ажиллагааны тодорхой санал тавибал би Ерөнхийлөгчийн хувьд талархан хүлээн авах болно” гэлээ.

БНАСАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд Пак Бон Жү хэлэхдээ “Ким Жөн Ын удирдагчийнхаа удирдлагын дор эдийн засгийн өөрчлөлт хийж байна. Үүнийг гадаад, дотоодынхон харж байгаа. Эдийн засгаа хөгжүүлэхдээ гол салбар болсон хөнгөн үйлдвэр болон газар тариаланд онцгой анхаарч байна. Мал үржүүлэх, жимсний аж ахуй хөгжүүлэх баазаа байгуулаад байгаа. Мөн өнөө жил ард түмнийхээ амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор хүүхдийн болон төрөлжсөн эмнэлгүүд, орон сууцнууд, цэцэрлэгт хүрээлэн, олон улсын стандартад нийцүүлсэн томоохон цанын бааз зэрэг олон том барилга байгууламж барилаа. Түүнээс гадна эдийн засгаа хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийг орчин үежүүлэх, автоматжуулах, шинжлэх ухаанжуулах, мэдээлэлжүүлэх зэрэг өөрчлөлт хийж байна. Эдийн засгийг удирдах арга барилаа боловсронгуй болгож байна. Орон нутаг өөрийн онцлогт тохирсон эдийн засгийн тусгай бүс, чөлөөт бүс байгуулахаар ажиллаж байна. Бидэнд багагүй бэрхшээл тулгарч байгаа хэдий ч ялан давах болно” гээд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх нь БНАСАУ-ын байр суурь хэмээлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Манай хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагаагаа харилцан бие биеэ нөхөх хэлбэрээр хөгжүүлэх боломж байна. Энэ бол хоёр орны хамтын эрх ашиг байх болно. Ерөнхийлөгч танаас эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд тусалж дэмжихийг хүсье” хэмээв.


URL:

Сэтгэгдэл бичих