С.Паушокийн хэлсэн үг Монголын улстөрчдийг чичрүүлж байна

1_1383181145С.В.Паушок гэж нэг хүн Монголын хэвлэлд ярилцлага өгөв. Түүнээс болж манай улстөрчид бие, бие рүүгээ чичлэн муудалцах аж. Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд дуудаж, олон тэрбумын татвар төлөхөөс зайлсхийсэн, оргон зайлсан гэх олон хэргийн эзэн болсон энэ эрхэм ер нь яаж яваад Монголтой холбогдчихов оо гэдгийг эргэн сануулахад нэлээд сонирхолтой сэдэв болох юм.

Сергей Паушок бол ЗХУ-ын шилжилтийн үеийг овж­ноор ашиглаж хөлжсөн шинэ оросуудын нэг. Тажикстаны нэгэн алт­ны компанид машины жолоо­чоор ажилд орж, хэдхэн жилийн дотор дэвшин талбайн хэсгийн орлогч дарга болж байсан түүхий хувьд алтны орд газрын ойролцоох дэд бүтэц байгуулж байжээ. Хожим нь ЗХУ задрах үед армийн цэрэг техникийг актлах ажлыг хариуцаж бай­сан хүмүүстэй дотносож, аажмаар хөрөнгөжиж байсан гэдэг.

Яваандаа өөрийн ажиллаж байсан “Памир” хэмээх компа­нийн хяналтын хувьцааг эзэм­шиж авчээ. Ингээд байж бай­тал 1997 онд “Алроса” компани Монголын алтны нөөцийг судла­хаар шинжээчдийн багийг явуулсан байна. Тэр дунд С.Паушок багтжээ.

Монгол бол алтны нөөц ихтэй орон. Тэгээд ч 1990-ээд онд хууль хяналтын тогтолцоо нь сул байсан учир боломжийг олж харсан бизнесмэнүүдэд бол алтан үе гэж нэрлэгдэхээр байж. Тиймээс С.Паушок өөрийн гэсэн алтны компанитай болохыг хүсчээ. Тэр Монгол дахь Оросын худалдааны төлөөлөгчийг дагуулж явж бай­гаад Оросын банкуудаас хөрөнгө татаж чадсан гэдэг. Ингээд “Алтан Дорнод Монгол” гэх компанийг 1999 онд байгуулсан юм. С.Паушок хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр үед Монголд хууль эрх зүйн маш таатай орчин бүрэлдчихсэн байсан. Оруулсан хөрөнгөнөөсөө ашиг гаргах баталгаа байсан” хэмээн дурьдсан байдаг. Үнэхээр ч түүний хувьд алтан үе нь бай­жээ. Ингээд С.Паушок Монголын алтыг олборлож эхлэв.

“Алтан Дорнод Монгол” ком­панийн хувьд 10 орчим жилийн хугацаанд нийт 146 лиценз цэвэр алтны 300 тонн таамагласан, 30 тонн батлагдсан нөөц олж цуглуулсан байна. Заамар орчмын газар нутаг алтны орд болох нь ч тогтоогдсон. Тэнд 40-хөн метрийн гүнд асар их алтны нөөц байв. “Алтан Дорнод Монгол” компанийн хувьд нийт хөрөнгийн хэмжээ нь 17.1 сая ам.доллар гэж үнэлэгддэг. “Бид 1999, 2000 онд 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн” хэмээн С.Паушок ярьж байжээ. Түүний хувьд олбор­лосон алтаа Лондонгийн хөрөн­гийн биржийн ханшаар Монголын төв банкинд худалддаг байлаа. С.Паушок “Форбес” сэтгүүлийн орос хувилбарт өгсөн ярилцлагадаа “Монголчуудыг шахаж өгөх ёстой байсан. Шууд шийдчих, май мөнгө.  Маргааш гэж хойшлуулбал өнөө нөхөр нөгөөдөр, тэрний маргааш гэхчилэн хойшлуулна. Саяыг өгнө гэвэл маргааш хоёр сая, нөгөөдөр гурван сая болно. Энэ бол тэдний бизнесийн тактик. Яагаад гэвэл тэд дараа нь хятадууд дээр очоод Паушок энийг сонирхоод байна гэж ярьдаг. Тэгээд  хоёр дахин илүү үнээр зардаг” хэмээн дурьдсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэр Монголд цэцэглэн хөгжсөн авлигын үр шимийг хүртэж явсан гэдгээ ийн хэлжээ. Харин тэр үеийн үйл явдлын талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “С.Паушок гэдэг хүн 1997, 1998 онд Монголд орж ирж алт олборлолтын бизнес эрхэлсэн. Монголын хуульд захирагддаггүй, Монголын газар нутгийг өмчөө гэж тооцдог, татвараа төлдөггүй дураараа дургисан хүн. Монголын зарим улстөрчөөр бамбай хийж, тэдний нөмөр нөөлөгт дураараа дургиж байсан ийм явдал байдаг” хэмээн хэвлэлийн хурал хийх үеэрээ ярьсан юм.

С.Паушок “Алтан Дорнод Монгол”-ыг байгуулахдаа хуу­чин “Памир”-ынхаа ажилчдын гуравны нэгийг авчирж, “Эрдэнэт” үйлдвэрээс халагдсан орос ажилчдыг нь олноор нь авдаг байжээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр бол тухайн үед “Алтан Дорнод Монгол”-ын 1500 ажилт­ны 700 нь орос хүн байсан гэдэг. Мөн удирдах албан тушаалд гадаадынхныг тавьдаггүй байж. С.Паушокийн хувьд гадаадынхан гэдэг нь монголчууд юм.

Ингээд байж байтал 2007 онд гэнэтийн ашгийн 68 хувийн тат­варыг бий болгов. Энэхүү хуу­лийг санаачлагчдын нэг нь “Д.Дагвадорж Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга болсон учраас 68 хувийн татвар ногдуулж байгаа юм” гэх зэргээр ярьж, ухаан муутайгаараа дуудуулж байсан үе бий. Ямартай ч энэхүү хуулийн балгаар Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2008 онд 8.2 тонн, 2009 онд тав, өнгөрсөн онд нэг тонн хүрэхгүй шахам болжээ. 2007-2010 он хүртэл Эрдэнэсийн санд ордог байсан алтны хэмжээ найман тонноор буурсан юм. Товчхондоо энэ нь алт олборлогч компаниудын хувьд хүндхэн цохилт болжээ. Тэгтэл С.Паушок олон улсын арбитрын шүүхэд гомдол гаргав. Тэр Монголын Засгийн газраас 1.5 тэрбум ам.долларын төлбөр нэхсэн. Энэ бол манайхны бөөн хэл ам дагуулж олж ирсэн “Чингис” бондын хөрөнгөтэй тэнцэх мөнгөн дүн юм. Үүнтэй холбоотой анхны шүүх хурал 2009 оны тавдугаар сард Франкфурт хотод болж таван өдөр үргэлжилсэн. Харин арбитрын шүүх 200 гаруй хуудас бүхий эцсийн шийдвэрээ ирүүлж, манай талд хэргийг шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар нь олон улсын гэрээ конвенцийг зөрчөөгүй гэж үзжээ. Дөрвөн жил гаруй хөөцөлдөж, зургаан сая ам.дол­лар зарцуулсны эцэст манай Засгийн газар ялалт байгуулсан юм. Гэвч үүнтэй зэрэгцээд С.Паушокийг 127.4 тэрбум төгрөгийн тат­вар төлөхөөс зайлсхийсэн гэх хэр­гийг Монголын талаас үүсгэжээ. Ха­рин Франкфуртын арбитрын шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй бол­гож байв. Тухайн үеийн хэрэг явдлын талаар УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж “О.Чулуунбатыг Монгол­банкны ерөнхийлөгч байх үед “Ал­тан Дорнод Монгол” компа­нийн 1.5 тонн алтыг төв банкинд хад­галан татвар төлөхөөс зайлс­хийх боломж олгосон” хэмээн тайлбар­лаж байв. Гэхдээ энэ нь ямар ч хууль зөрчсөн алхам болоо­гүй гэж өдгөө Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж буй О.Чулуунбат хэлсэн юм. Түүнээс гадна О.Чулуун­батын­хаар бол С.Паушокийн Монгол­бан­кинд хадгалуулсан алтны хэмжээ 2.8 тонн юм.

Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хуулийн батлах үед энэ нь төдий л удаан хэрэг­жих­гүй гэж тооцож байсан С.Паушок Монголбанктай хамтран “Алт хадгалах, худалдах-худалдан авах гэрээ” гээчийг байгуулснаас бүх юм эхэлжээ. Үүнийхээ ачаар өөрийн олборлосон алтаа Монгол­банкинд түр хугацаатай байршуулж, алтны борлуулалтад ногдох татвараас зайлсхийж, бага татвар төлсөн гэж үздэг. Тэгтэл татварын байгууллагаас энэхүү алтыг Монголбанкинд байршуулаагүй, харин худалдсан учраас 68 хувийн татварыг төлөх ёстой гэдэг акт гаргажээ. Ингээд төв банк болон С.Паушокийн хооронд маргаан гарч, Лондонд шүүхээр шийдвэрлүүлж байв. Харин энэ нь өөрт нь хангалт­тай санагдаагүй учир С.Паушок дахин шүүхэд хандсан нь мөнөөх Франкфуртын арбитрын шүүх дээр очсон түүхтэй. Энэхүү шүүх хурлын дараа Монгол Улсыг арбитрын шүүхэд төлөөлөн оролцсон тухайн үеийн ХЗДХЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Алтангэрэл “С.Паушок 120 тэрбум төгрөгийн өртэй. Зөвхөн татварын өр нь шүү дээ. Түүнээс гадна байгаль орчны нөхөн сэргээлт, гадаадаас ажиллах хүч оруулж ирсний төлбөр, аж ахуйн нэгж, банк, иргэдийн хохирлыг барагдуулах гээд бүх асуудал одоо манай хуулийн дагуу шийдэгдэнэ” хэмээн мэдэгдэж байсан юм. Ямартай “Алтан Дорнод Монгол”-ын нийт өрийн хэмжээ 360 гаруй тэрбум төгрөгт тооцогдох болжээ.

Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн С.Паушокийг шалгаж эхлэхтэй зэрэгцээд тэрбээр Монголоос гарчээ. 2007 оны арванхоёрдугаар сард бол­сон Орос, Монголын бизнес чуулганы үеэр хүмүүстэй уулзахаар төлөвлөж байсан товоо гэнэтхэн өөрчилсөн С.Паушок “Монголд байх боломжгүй нөхцөл байдал үүсчихлээ” хэмээн утсаар хэлсэн аж. “Тэр Монголын хилийг азаар давжээ. Хил нэвтрүүлэхгүй эт­гээдүүдийн жагсаалтад нэрийг нь “Паушек” хэмээн алдаатай бичсэн нь зол болжээ. Илүү дутуу шуугиан дэгдээхгүйн тулд орос эрийг бизнес чуулган хаангуут баривчлахаар төлөвлөсөн байв” хэмээн “Форбес” сэтгүүлийн орос хувилбар дээр бичсэн байдаг. Түүнийг ийнхүү хил даван явсны дараа тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж интерполоор эрэн сурвалжлуулж байв. Гэвч бүтэлтэй болоогүй юм. Харин нэгэн цагт алт олборлолтын хэмжээгээрээ Монголд хоёр­дугаарт ордог байсан “Алтан Дорнод Монгол” компанийг мон­гол эзэдтэй “Голдстрим инк” ком­пани 25 сая ам.доллараар худал­дан авсан юм. Тус компанийн захирал Т.Ганболд “Би нэг л өг­лөө Монголын хамгийн их өртэй хүн болчихсон” хэмээн ярьж байв. Тэрбээр хэрхэн өрөө төлөх талаараа “Цаашдаа энэ компа­нийг хөл дээр нь босгох, өр төлбөрийг нь барагдуулах, 2000 гаруй ажлын байрыг сэргээхийг зорих бол­но” гэсэн нь бий. Мөн тэрбээр “Ал­тан Дорнод Монгол”-ыг худал­даж авсан жилдээ өр, татвар, газ­рын төлбөрт 24.7 тэрбум төгрөг төл­сөн байдаг.

С.Паушокийн хувьд зөвхөн алтны бизнес эрхэлж байсангүй. Тэрбээр нефть боловсруулах үйлдвэр байгуулах санал гар­гаж байжээ. Түүний саналыг “Роснефть” хүлээж аваагүй бай­на. Харин хоёр сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах мөн­гө С.Паушокт байгаагүй юм. Тэр Хятадын “China Oil”-оос хөрөнгө татаж, “Алтан Дорнод Монгол”-ын 10 хувийг “Голдман Сакс”-д худал­дахаар төлөвлөж байсан ч эцэс­тээ аль нь бүтээгүй. Үүнийг С.Паушок “Роснефть”-ээс бүтээгдэхүүн импортолдог Монголын компа­ниуд, тэднээс хувь эзэмшдэг С.Баяр Ерөнхий сайд болсонтой холбон тайлбарласан юм. Ямар­тай ч түүний хувьд одоо Орост эрчим хүчний бизнес эрхлээд явж байна. Түүнийгээ “Алтан Дорнод Монгол”-ын дайтай том ком­пани болгоно хэмээн тооцож, мөрөөдөж байгаа аж. Тэгсэн хэр­нээ Монгол руу орж ирэхээсээ эмээдэг хэвээрээ. Гэхдээ “Би монголчуу­дад туслахад хэзээд бэлэн” хэмээн тал засах аж.

 

Т.Элиса

 


URL:

Сэтгэгдэл бичих