Өрөөр барьцаалсан тендерийн ялалт
“МАРУБЕНИ”-ИЙГ ӨРСӨЛДӨГЧГҮЙ ЯЛУУЛАХ ҮНДЭС 10 ЖИЛИЙН ӨМНӨӨС ТАВИГДЖЭЭ Өмнийн говийг цахилгаанжуулах сонгон шалгаруулалт эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Тодруулбал, Тавантолгойн орд газарт цахилгаан станц барих төсөлд сонгон шалгаруулалт хийсэн хэрэг. Харин эцсийн шалгаруулалтад Японы “Марубени” корпораци, БНСУ-ын “Daewoo Engineering & Construction” компани, Японы “Kansai Electric Power” болон Францын “GDF Suez”, БНСУ-ын “Posco Energy” компанийн хамтарсан нэгдэл оролцохоор болсныг бид өмнөх дугааруудад мэдээлж байв.
“МАРУБЕНИ”-ИЙГ ЯЛУУЛАХ НЭГДҮГЭЭР ШАЛТГААН
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч есдүгээр сард Японд ажлын айлчлал хийсэн. Тэрээр энэ үеэр тус улсын зах зээлээс 600 саяас нэг тэрбум хүртэлх ам.долларын бонд босгохоор гэрээ хэлцэл хийсэн. Өдгөө хэрэгжилтийн шатандаа яваа. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө эцсийн байдлаар Засгийн газрын халаасанд ороогүй аж. Харин “Марубени” корпораци Тавантолгойн орд газарт баригдах цахилгаан станцын тендерт ялсан цагт энэ мөнгө Засгийн газрын дансанд орж таарна. Тодотгох юм бол “Самурай” бондын мөнгө, үүний үйл ажиллагааг хэвийн явуулах үүргийг Японы талаас Олон улсын хамтын ажиллагааны банк, манай талаас Хөгжлийн банк хамтран гүйцэтгэхээр санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичигт Ерөнхий сайд Н.Алтанхуяг гарын үсэг зурахдаа “Самурай” бондын чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах Японы хувийн хэвшлийнхэнтэй ч уулзсан юм. Энэ үеэр “Марубени” корпорацийн удирдлагууд хүрэлцэн ирсэн гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Өнөөдөр манай улсын эдийн засгийн байдал туйлын хүнд байгаа энэ үед ийм хэмжээний мөнгө босгоно гэдэг яавч бага зүйл биш. Тэгэхээр “Марубени”- ийг Тавантолгойд оруулж ирэх хангалттай шалтгаан бол энэ мөн.
“МАРУБЕНИ”-ИЙГ ЯЛУУЛАХ ХОЁРДУГААР ШАЛТГААН
Ц.Элбэгдоржийг Их эвслийн Засгийн газрыг толгойлж байх үед “Буян”- гийн Б.Жаргалсайханы 18.8 сая ам.долларын хэрэг Лондон хотноо шүүхээр орж байсныг уншигч та санаж байгаа. Б.Жаргалсайханы энэ хэрэг 2004 оны дөрөвдүгээр сард Лондонгийн шүүхээр орж, энэ хэрэгт Монгол Улсын Засгийн газар холбогдолгүй байх магадлал бий гэсэн дүгнэлт гаргуулав. Эцэслэн шийдэгдсэн гэсэн үг биш шүү дээ. Харин Ц.Элбэгдоржийн Засгийн газар нурахаас өмнө Б.Жаргалсайхан буруугүй болж, энэ хэрэг нэг тийш болсон нь цаанаа учир шалтгаантай. Яагаад гэхээр Ц.Элбэгдоржийн Засгийн газар иргэн Б.Жаргалсайханы өмнөөс Япон Улсын “Марубени” корпорацитай хэлэлцээрийн ширээний ард удаа дараа суусан. Тиймээс “Марубени” корпораци иргэн Б.Жаргалсайханы өмнөөс 18.8 сая ам.долларыг төлсөн явдал юм.
МАРУБЕНИ”-ИЙГ ОРУУЛЖ ИРЭХ БУСАД ШАЛТГААН
Манай улсын хувьд япончуудад толгой сэгсрэх аргагүй их өртэй гэдгийг бид мэднэ. Тухайлбал, Японы Засгийн газар 1991 оноос хойшхи 20 гаруй жилд манайд нийтдээ 93.5 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 75.8 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 37.5 тэрбум иенийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Олон улсын байгууллагыг эс тооцвол энэ улс нийт зээл, тусламжийн 70 хувийг дангаараа олгож байсныг онцлохгүй байхын аргагүй. Япон Улс манайд өнөөдрийн байдлаар таван төрлийн хөнгөлөлттэй зээл олгож байна. “Хөшигийн хөндий”-н олон улсын нисэх буудал, нийслэлийн дэд бүтцийг хөгжүүлэх “Гудамж” төсөл, “Улаанбаатар метро” төсөл, аймаг бүрт хэрэгжүүлэх гэж буй “Шинэ сум” төсөл зэргийг дурдахад хангалттай болов уу.
URL: