Тяньаньмэний талбайд автомашин дэлбэрчээ

Н.МӨНХЖИН

Хятадын нийслэл Бээжин хотын төв талбайд нэг автомашин нэвтрэн орж, гүүр мөргөн дэлбэрчээ. Энэ тухай Associated Press агентлаг Хятадын албан ёсны хэвлэл мэдээллээс иш татан  мэдээлэв. Энэ хэрэг явдал өчигдөр үдийн орчимд Тяньаньмэний талбай  дахь Хориотой  хотын өмнөд хаалганы орчим болжээ. Спорт загварын жийп автомашин талбай дээрх хүмүүсийг зүсэн орж, дараа нь чулуун гүүрийн мөргөн дэлбэрснийг гэрчүүд ярьсан байна. Жолооч, хоёр зорчигч газар дээрээ нас баржээ. Цагдаа, жуулчин нийлсэн 11 хүн гэмтэж бэртлээ.

South China Morning Post сонины мэдээлж буйгаар, машинд мөргүүлсэн нэг жуулчин эмнэлэгт очоод нас баржээ. Хятадын олон нийтийн сүлжээний Weiboсайтад Хориотой хотын хаалганы өмнө шатаж буй автомашины зураг нийтлэгджээ. Хятадад хамгийн өндөр хамгаалалтад байдаг Тяньаньмэний талбайг эдүгээ жуулчин, гийчдээс бүрэн чөлөөлж, бүх талаас нь хааж, хамгаалалтад аваад байна. Төв талбайн хажуугийн метроны буудлыг бас хаажээ. Автомашин яагаад Бээжингийн төв талбай руу нэвтэрч, гүүр мөргөн дэлбэрэх болсон шалтгаан тодорхойгүй байна. Зарим хүн үүнийг алан хядах ажиллагаа хэмээн үзэж буйгаа нуусангүй. Эрх баригчид ч энэ хэрэг явдлын талаар ямар нэг тайлбар хийхээс татгалзаж байгаа юм.

Тяньаньмэний талбай нь хэмжээгээрээ дэлхийд дөрөвт ордог. Талбайн хойд талд оршдог дааман хаалганы нэрээр нэрлэгдсэн энэ талбай Хятадын сүүлчийн эзэн хааны амьдарч байсан Хориотой хоттой залгаатай байдаг билээ. Хориотой хоттой тун ойрхон Бүх Хятадын Ардын чуулганы ордон, Үндэсний дуурйн театр байдаг.Тяньаньмэний талбай нь Хятадын зүрх, гол билэгдэлд тооцогддог ажээ.

1989 оны зургадугаар сард ардчилал, эрх чөлөөг шаардсан хятад залуус, оюутнуудын хөдөлгөөн энэ талбай дээр өрнөсөн юм. Гэвч тухайн үеийн эрх баригчид хятад залуусын шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, ардчилсан хөдөлгөөнийг цус асгаруулан дарсан юм. Хятадын армийн танк, цэргүүд шөнөөр төв талбайд дайран орж эрх чөлөөг шаардаж байсан оюутан залуусыг хайр найргүй хядсан билээ. Засгийн газраас тараасан мэдээгээр, энэ үеэр 241 хүн амиа алдсан гэдэг ч хараат бус эх сурвалжаар хоёр мянга гаруй хүн Хятадын арми, эрх мэдэлтнүүдийн харгислалд амь насаа алдсан ажээ. Тэр цагаас хойшТяньаньмэний талбайг байнгын өндөржүүлсэн хамгаалалтад авчээ.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих