П.Сэрдамба: Яасан гэж хамтран бэлтгэл хийж байсан найзыгаа хавчих юм бэ

П.Сэрдамба: Яасан гэж хамтран бэлтгэл хийж байсан найзыгаа хавчих юм бэ

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэд “Боксын холбоо”-ны зүгээс шахалт дарамт үзүүлсэн гэх хардлага байгаа. Энэ талаар Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамбаас тодрууллаа.

-Гавьяат У.Мөнх-Эрдэнэ рүү тэмцээний үеэр дасгалжуулагч сэтгэл зүйн дайралт хийсэн гэх мэдээлэл гараад байна?

-Дасгаржуулагч тамирчнаа дэвжээнд гарах гэж байхад дайралт хийнэ гэж байхгүй. Ахлах дасгалжуулагчийн хувьд тийм авиртай хүн биш. н.Сайнбилэг дасгалжуулагч ч гэсэн ялгаагүй.

-Ийм зүйл болсон эсэхийг Боксын холбоо лавлаж тодруулаагүй юм уу?

-Тодруулаагүй. Угаасаа тийм юм байхгүй.

-У.Мөнх-Эрдэнэ бэлтгэл дутуу дэлхийн аваргад явсан гээд байгаа?

-Мөнх-Эрдэнийг Бээжин рүү хамтарсан бэлтгэлд яв гэсэн. Өөрөө яваагүй. Казакстан руу хоёр ч удаа олон улсын тэмцээнд яв гэхэд бас л яваагүй. Харин өөрөө Орос руу нэг тэмцээнд явна гэсэн. Харамсалтай нь тэр тэмцээний зардал мөнгө нь шийдэгдээгүй.

-Азийн аваргад Боксын холбоо явуулсан биз дээ?

-Тэр тэмцээний хувьд У.Мөнх-Эрдэнийн хожсон н.Чинзориг гэж залуу бий. Тэр залуутай сорил хийж, У.Мөнх-Эрдэнэ хожоод Азийн аваргад явсан.

-Саяын дэлхий аваргын сорилын тухайд?

-Холбооны дүрмээр улсын аваргын тэмцээнд түрүүлсэн тамирчин нэг номероор олон улсын тэмцээнд явдаг. Энэ дагуу З.Энхзориг явах ёстой. Гэтэл У.Мөнх-Эрдэнэ маань дэлхийд жиндээ нэг номерт байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн нэг номерын тамирчнаа явуулах уу, дүрмийн дагуу улсын аваргадаа түрүүлсэн тамирчнаа дэлхийн аваргад явуулах уу гэсэн асуудал үүссэн. Үүнийг холбооны зүгээс сорилоор шийдсэн. Сорилд У.Мөнх-Эрдэнэ ялсан. Явсан тамирчин маань яваад дэлхийн дэвжээнд улсынхаа далбааг мандуулаад ирлээ. Бид баяртай байгаа. Түүнээс биш шахаж хавчсан зүйл байхгүй.

Харин З.Энхзоригийн хувьд шударга, сайн залуу. Улсын аваргадаа түрүүлсэн хүн чинь У.Мөнх-Эрдэнэтэй сорил хийхгүй гэж болох л байсан. Тэгсэн бол дүрмийн дагуу яах ч аргагүй З.Энхзориг явах байсан. Гэхдээ З.Энхзориг сорилго хийхийг зөвшөөрч, ялагдсан.

-Холбооны зүгээс У.Мөнх-Эрдэнийг нас нь болчихсон, залуу тамирчдаа дэмжинэ гэдэг юм биш үү?

-Хамгийн гол нь улсын аварга болох хэрэгтэй. Тийм дүрэмтэй. Нас чухал биш. Хэн бэлтгэлээ сайн хийж, хэн шилдэг байна тэр нь л явна шүү дээ. Ер нь юу гэж хамт бэлтгэл хийж байсан найзыгаа хавчих юм бэ. Би лав хэзээ ч чамайг тэмцээнд явуулахгүй гэж байгаагүй.

-Нэг жинд нэгээс олон тамирчин явуулах боломж байдаггүй юм уу?

-Олон улсын тэмцээнд боломжтой. Гэхдээ яамны зүгээс шигшээ багийн тамирчны зардлыг л даадаг. Харин дэлхий хэмжээний том тэмцээнд нэг улсаас нэг л тамирчин гэдэг.

-Саяын тэмцээн шинэ дүрмээр явагдлаа. Энэ дүрмийн талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Шинэ дүрмээр дуулгагүй болчихсон. Энэ нь эрүүл мэнд талдаа тамирчдадаа хохиролтой. Маш олон тамирчин бэртлээ. Бээлий нь нимгэрээгүй учраас зүгээр гээд байгаа. Олон нокаут гарч, хөмсөг сэтэрсэн. Бас оноогоо мэргэжлийнх шиг тоолдог болчихоод байгаа. Дэлхийн боксын холбооны дүрэм жаахан тиймэрхүү л байна.

-Манай тамирчид бэртэл авсан уу?

-Б.Шинэбаярын хөмсөг задарсан, Д.Отгондалайн толгой хагарсан, Б.Түвшинбат маань хамар луугаа мөргүүлсэн. Зүгээр тоглож байгаад тохойлдох, мөргөлдөхөд л…

-Боксын холбооны дараагийн тэмцээн?

-11 дүгээр сарын сүүлээр нэг тэмцээнд явж магадгүй. Төсөв мөнгө нь шийдэгдвэл. Ер нь оны дараа л тэмцээнүүд үргэлжилнэ дээ. Цаашид заавал нэг тамирчин гэхгүй хоёр, хоёроор нь авч явах бодолтой байгаа. Энэ нь тамирчны хувийн рейтингэд сайнаар нөлөөлөх байх.

 

Б.Сандагдорж


URL:

Сэтгэгдэл бичих