Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувь байна

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2013.10.30/ хуралдаанаар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн сайд Н.Батбаяр танилцууллаа.
Танилцуулгад Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбрийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн төслөөр хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагыг чадавхижуулах ажлыг гүйцэтгэх юм байна.
Хөрөнгө оруулалтийн нийт хэмжээ 320 сая ам.доллар бөгөөд эхний үе шат 2017 онд дуусна гэлээ. Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар хөтөлбөрийг дэмжиж байна, орон нутгийн хөгжил яах бэ, зээлийг дараа хэдэн онд ямар хувиар төлөхийг сонирхлоо.
2014 оны төсвийн төсөлд аймгуудын төвийг хөгжүүлэхээр 100 сая төгрөг төсөвслөгдсөн, зээл нь өрийн дарамт учруулахгүй Улаанбаатар хот өөрөө хариуцахын байна.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи зөвшилцөхийг дэмжиж төслийн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль, тогтоол нэг бүрээр хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлэцлээ.Танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан хийлээ.
1. Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7.270.0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.0 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7.686.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.0 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -416.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай байхаар баталсан.
Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн төсөөллөө дэлхийн эдийн засагт гарч байгаа өөрчлөлтийн улмаас бага зэрэг бууруулсан бөгөөд Оюутолгойн ордын үйлдвэрлэлийн хэмжээ төлөвлөсөн хэмжээнээс буурч, нүүрсний олборлолт багассан нь 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа нь 2014 оны дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлөхөөр байна.
Энэ өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ болон төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурч байгаа нь төсвийн орлого, нийт зарлага болон нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг өөрчлөх төсөл боловсруулжээ.
2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:
Засгийн газар эдийн засгийн хурдацтай өсөлтийг хангах, хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг нээх зорилгоор улсын өрийн хязгаарын шатлалыг 2013-2014 оны төсвийн жилд 60 хувиас, 2015 оны төсвийн жилд 50 хувиас, 2016 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрэхгүй байна гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.6 дахь заалтыг үндэс болгон Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн хувийн саналаар энэ хуульд өөрчлөлт оруулах заалттай.
3. Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн талаар:
Төсвийн эрх захирагч нарт төсөл, арга хэмжээний онцлогоос шалтгаалан хэрэгжүүлэх мөчлөг нь төсвийн жилээс зөрүүтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсвийн үлдэгдлийг дараа оны З дугаар сарын З1-ний өдрийг хүртэл зарцуулах эрхийг Төсвийн тухай хуулиар зохицуулсан. Энэхүү заалт нь төсөв, санхүүгийн жилийн мөчлөгийг алдагдуулах, тухайн жилийн төсвийн зарлагыг дараагийн төсвийн жилд зарцуулахад санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, дараа оны төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх, төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг боловсруулахад хугацаа алдах зэрэг сөрөг үр дагаврууд үүсэж байгаагаас уг хуулийн заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.
4.Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийн талаар:
Монгол Улсын Их Хурлын 2012 оны З7 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Нийгмийн хамгааллын бодлогын хэсэгт хүүхдийн мөнгийг дахин олгож эхлэхээр зааснаар 2014 онд 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сар бүр 20.000 төгрөгийг үргэлжлүүлэн олгох тогтоолын төслийг боловсруулсан байна.
5. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:
Уг хуулийн төслөөр Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар хичээлийн нэг жилд олгох үндэсний тэтгэлгийн доод хэмжээ нь 10 сарын турш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна гэж заасныг өөрчлөн үндэсний тэтгэлгийг хичээлийн нэг жилд олгох хугацаа, нэг сард олгох хэмжээг Засгийн газар тогтоож байхаар хуулийн төслийг боловсруулсан байна.
6.Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн талаар:
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан 41 дүгээр тогтоолд Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга өрийн хэрэгсэл гаргах журмыг Засгийн газар батална гэж заасны дагуу Засгийн газрын үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааг Засгийн газрын тогтоолд тодорхой тусгах замаар зохицуулах нь зүйтэй гэж үзэж төслийг боловсруулсан байна.
Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ.Хуулийн төслийн хүрээнд Төрийн аудитын тухай хуульд оруулж байгаа өөрчлөлтүүд нь төрийн аудитын байгууллагын болон тогтолцооны шинэчлэлийн, төрийн аудитын байгууллагын төсөв, санхүүжилт, хараат бус байдлыг хангах, УИХ-тай харилцах механизмыг боловсронгуй болгох талаар төрийн аудитын байгууллагын тогтолцоо, төсөв, санхүүжилт, бүрэн эрх болон УИХ-ын бүтцийн байгууллагуудтай хамтын ажиллагааг нарийн тодорхой болгох зэрэг үндэслэлээр нийт 26 заалтад өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ.
Мөн Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж хэлэлцэх зүйтэй гэж үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

URL:

Сэтгэгдэл бичих