Хойд солонгосчууд Ц.Элбэгдоржид их найдлага тавьж байгаа бололтой

Хойд солонгосчууд Ц.Элбэгдоржид их найдлага тавьж байгаа бололтой

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Солонгост төрийн айлчлал хийж байна.

Тэрбээр Ким Жон Унтай биечлэн уулзаж, Пёньянд хөл тавьж буй анхны гадны орны төрийн тэргүүн боллоо. Магадгүй тэрбээр үүгээрээ дамжуулж АНУ болон Хойд Солонгосын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ч мэдэх юм.

Албан мэдээнд дурьдсанаар бол энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны төлөөлөгчид маш олон салбарт хамтарч ажиллахаар гэрээ үзэглэсэн байна.

Энэ жил Монгол Улс болон БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтсоны 65 жилийн ой тохиож байгаа. Тиймээс энэхүү айлчлал олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Энэ талаар гадны хэвлэлүүд ч аль хэдийнэ мэдээлжээ. “Wall Street Journal” сонинд “Монгол Улсын Ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг цөмийн зэвсгээс татгалзах, энх тайвны замыг сонгоход түлхэц үзүүлэх зорилготойгоор Пёньянд хүрэлцэн очлоо. Гэхдээ Хойд Солонгосын эрх баригчдын хувьд Монголын хөгжлийн загвараас туршлага судлах зорилготой гэж шинжээчид таамаглаж байна. Энэхүү дөрвөн өдрийн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн жишээг танилцуулах юм” хэмээн бичсэн байна.

Харин Хятадын “South Morning China Post” сонинд “Хойд Солонгосын ажилчид хүнд үйлдвэрүүдэд ажиллаж, барилга барьж, ресторанд аяга, таваг угааж байна. Гэхдээ энэ бол Пёньян биш, харин Улаанбаатарт болж буй үйл явдал юм. Яг энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хойд Солонгост хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Хятад тэргүүтэй бусад орон Хойд Солонгостой найрсаг харилцаатай байдаг. Гэхдээ Монгол бол ардчилсан тогтолцоотой хэрнээ Хойд Солонгосын авторитар дэглэм болон Өмнөд Солонгосын ардчилсан эрх баригчдын аль, алиныг нь халуун дотноор хүлээж авдаг орон юм” хэмээн дүгнэжээ.

Ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийж буй айлчлалыг барууны орнууд ч тэр, өмнөд хөршийнхөн ч тэр чих тавин ажиглаж байгаа бололтой. Гэхдээ энэхүү айлчлалын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямархуу мэдэгдэл хийх нь сонин байна.
Өмнө нь тэрбээр Иранд айлчилж, цөмийн байгууламжийг нь үзэж сонирхсон. Тухайн үед Ираны уран баяжуулах үйлдвэрт хөл тавьсан анхны гадны орны төрийн тэргүүн болж байв. Гэвч энэхүү айлчлалын дараа “Иранд ураныг энхийн зорилгоор ашиглаж байгааг би өөрийн нүдээр харлаа. Гайхалтай” хэмээн гадны хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан юм. Тэр үед Иран, АНУ-ын харилцаа одооныхоосоо илүү хурцадмал байсан бөгөөд барууны орнууд тус улсын цөмийн байгууламжийг олж илрүүлэхийн тулд зүйл бүрээр оролдож байсан билээ. Харин манай Ерөнхийлөгч тэрхүү хайнааныг хагалах гэж оролдсон гэхэд буруудахгүй.

Хойд Солонгосын хувьд одоо ч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаагүй учир АНУ тэргүүтэй барууны орнуудын дургүйцлийг төрүүлсээр байгаа юм. Тиймээс тэдний хувьд манай улсын Ерөнхийлөгчийн айлчлал чухал ач холбогдолтой байгаа нь лавтай.

Нөгөөтэйгүүр тус улстай хамгийн ойр түншилдэг Хятадын хэвлэлд хүртэл Монгол Улс болон Хойд Солонгосын харилцааг ер бусын хэмээн тодорхойлж байгаа нь бас нэгийг өгүүлэх биз.

Ерөнхийлөгчийн Хойд Солонгост хийж буй айлчлалтай зэрэгцэж Токиогийн төвийн дүүрэгт байрлах барилгыг худалдан авсан Монголын компанийн тухай мэдээлэл цацагдсан. Мөнөөх барилга нь өмнө нь Япон дахь Хойд Солонгосын иргэдийн өмч байж л дээ. Тэгтэл үүнийг манай компани эзэмшихээр болсон нь Хойд Солонгостой найрсаг харилцдаг Монголын төрийн бодлого гэх зэргээр Японы хэвлэлүүд хардаж бичсэн байна. Хэдийгээр үүнийг нотлох нотолгоо байхгүй ч хаа байсан Японд хүртэл Монгол, Хойд Солонгосын харилцааг үнэлж байгаа гэсэн үг юм. Үнэхээр ч өмнө нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэ манайд айлчлах үеэрээ Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад монголчуудын дэмжлэг чухал байгааг онцолж байлаа.

Энэ бүгдтэй холбогдуулан “The Diplomat” сэтгүүлд манайхыг зүүн хойд Азид энх тайвныг тогтоогч улс хэмээн тодорхойлж байв. Тус улстай холбоотой маргаантай аливаа асуудлаа шийдэхийн тулд Япон, АНУ-ын эрх баригчид Монголд хандаж байсан нь ганц удаагийн тохиолдол биш. Тухайлбал, Японы тал 1970-аад оны үед сураггүй алга болсон иргэдийнхээ асуудлаар Хойд Солонгостой хэд хэдэн удаа хэлэлцээр хийснээс нэлээд нь Улаанбаатарт болж байв. Мөн америкчууд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой албан бус хэлэлцээрийг манай улсад зохион байгуулж байлаа.

Харин Хойд Солонгосчуудын хувьд нэгэн цагт өөрсөдтэй нь адилхан социалист тогтолцоотой явсан болохоор монголчуудыг жигтэйхэн дотночлон хүлээж авдаг. Тус улсын тусгаар тогтнолыг хамгийн анх ЗХУ, дараа нь Монгол Улс хүлээн зөвшөөрч байсан түүхтэй. Тийм ч учраас ямарваа нэг асуудал гарах бүрт хамгийн түрүүнд манай улсад ханддаг.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улс НҮБ, АНУ-ын тусламжаас татгалзсан боловч Монголоос хүнсний тусламж хүсэж байв. Үүнтэй зэрэгцээд Хойд Солонгосоос манайд суух Элчин сайд Хунг Гю итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ирэх онд эх орондоо айлчлахыг урьсан юм.

Хүн амынх нь дийлэнх хувь өлсгөлөнд нэрвэгдэж, эдийн засаг нь туйлдаа хүртэл доройтсон энэ улс халдашгүй байдлаа хадгалж үлдэхийн тулд пуужин хөөргөнө хэмээн сүрдүүлж, цөмийн зэвсгээрээ далайлгадаг хэвээрээ л байна. Тийм болохоор дипломат хүрээнд бол Монголоор дамжуулж Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаана гэж үзэх болсон юм.

Ямартай ч саяхан гарсан албан мэдээгээр бол Хойд Солонгосын 1750 иргэн Монголд гэрээт ажилчнаар ажиллаж байгаа гэсэн судалгаа байдаг. Тэдний хувьд сард 600-700 ам.долларын цалин авахын төлөө нойр хоолгүй ажиллаж, өдөр цайны цагаараа илүү хэдэн төгрөг олохын тулд энд тэндэхийн шавар шохойны ажилд оролцож явдаг гэнэ билээ. Гэхдээ монголчуудын хувьд төдий л их санагдах биш энэ мөнгө тэдний хувьд бүхэл амьдралыг нь өөрчлөх чухал зүйл болдог ч байж мэдэх юм.

Ямар ч гэсэн Хойд Солонгосын төлөөлөгчид Монголд ирэх үеэрээ манай барилгын салбарт арай олон хүн ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан билээ. Тэгэхээр Хойд Солонгосын шинэ удирдагчийн хувьд Мон-голд ихээхэн найдвар тавьж байгаа нь илт байна. Харин манай Ерөнхийлөгч тэдэнд дипломат маягаар хариу барих уу, аль эсвэл Ираны талаар ярьсан шигээ өмгөөлөх үү гэдэг сонирхолтой асуулт.

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих