“Рио Тинто” компани найман тэрбум ам.долларын зээл авч магадгүй

“Рио Тинто” компани найман тэрбум ам.долларын зээл авч магадгүй

Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани 4.9 тэрбум фунт стерлинг буюу найман тэрбум ам.долларын зээл авах хүсэлтийг олон улсын байгууллагуудад гаргасан байна.

Тус компани ийнхүү зээл хүсэх болсон шалтгаан нь өмнөх зээлээ дахин санхүүжүүлэхийн тулд гэнэ.

Тодруулбал тус компани 2010 оны арваннэгдүгээр сард авсан зургаан тэрбум ам.долларын зээлээ ирэх 2015 онд эргэн төлөх ёстой болоод байгаа. Товчхондоо зээл авч зогсонги байдалд ороод буй төсөл хөтөлбөрүүдээ урагш ахиулах гэж байгаа бололтой.

Зарим хэвлэл дээрх зургаан тэрбум ам.долларыг өмнө нь 40 тэрбум ам.доллараар худалдан авсан Канадын Алканы ордын төлбөрийн үлдэгдэл болон бусад эх үүсвэрээс авсан зээлээ эргэн төлөхөд ашигласан гэх мэдээллийг өгч буй.

Одоогоор тус компанийн зээлэх гэж буй найман тэрбум ам.долларыг чухам юунд зарцуулах нь тодорхойгүй байгаа. Хэрвээ “Рио Тинто” компани уг мөнгөөр Оюутолгой төсөлд хөрөнгө оруулбал яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээж Монголын талд маш хохиролтой гэдгийг олон хүн хэлж байгаа. Тухайлбал “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг “Төслийг удирдагч “Рио Тинто” зээлдүүлэгч нартай ярьж байгаа энэ зээлийг төсөлд авч эхэлснээр Монгол Улс ямар нэгэн хэлбэрээр ирээдүйд өртэй болох тооцоог хялбархан харж болно. Ерөнхийдөө зээлийн хаалга нээгдчих юм бол тэд цаашид бүр ихийг ч дур мэдэн зээлж мэднэ” хэмээн ярьсан.

Нөгөөтэйгүүр Монголын Засгийн газар болон “Рио Тинто” компанийн хоорондох хэлэлцээр үргэлжилж байгаа. Одоогоор талууд харилцан шийдэлд хараахан хүрээгүй байгаа талаар “Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд дуулгасан. Харин тэрбээр асуудлууд нааштай шийдэгдэж эхэлсэн тухай мэдээлсэн. Тодруулбал өнгөрсөн 10 хоногийн хугацаанд зарим нэг тодорхой асуудлууд дээр зарчмын шийдэлд хүрсэн байна. Гэвч төслийн зардлыг хэтрүүлсэн явдал болон төслийн техник эдийн засгийн үндэслэл, санхүүжилт гэх мэт томоохон асуудлуудыг хэдхэн хоногийн дотор шийдэх боломжгүй гэдгийг хэлсэн. Магадгүй хэдхэн хоногийн дотор шийдэх боломжгүй асуудлууд дунд дээрх найман тэрбум ам.долларын асуудал явж байж мэдэх юм.

Ямартай ч Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардлын үзүүлэлтүүдийн 80 орчим хувь нь төлөвлөснөөсөө хэтэрсэн нь тогтоогдсон гэх мэдээллийг салбарын сайд нь өгч байгаа.

Монголын Засгийн газартай хээвнэг харьцах болсон “Рио Тинто” компанийн захирлуудын нэг нь “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар чинь төслийг дэмжих байр сууриа ингэж өөрчилж байгаа бол цаашид “Рио Тинто” танайд нэг ч ам.доллар нэмж оруулахгүй. Өнөөг хүртэл оруулсан хөрөнгөө хамгаалах горимд шилжинэ. Би амьдралдаа найман жилийн өмнө хүүгээ алдахдаа л ингэж гутарч, итгэл алдарч байсан” хэмээн ярьсан. “Рио Тинто” Монголын Засгийн газартай хэрхэн харьцаж буйгаагийн тод жишээ энэ билээ. Юутай ч дараа дараагийн алхамаа хийхийн тулд зээл хүссэн тус компанийн энэ үйлдэл манайд хэр хохиролтойг таашгүй юм.

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих