МАН-ын гал тогоог хэн барих вэ?
Энэ долоо хоногт олон нийтийн анхаарлын төвд яах аргагүй МАН-ын шинэчлэлийн их хурал байлаа. Тус хурлаар олон асуудал хэлэлцсэн ч авлига хээл хахуулийн талаар дорвитой ярьсангүй гэж зарим улстөр судлаачид онцолж байна. Намын даргын асуудалд иргэд олон нийт ихэд анхаарал хандуулж байсан ч өмнө нь удирдаж явсан М.Энхболд 1078 гишүүдээс 988-ынх нь саналыг авснаар төвөггүйхэн намын даргын суудалд очсон юм.
Харин МАН гэгч их айлын гал тогоог хэн барих бол гэсэн яриа дахин анхаарал татаж эхлээд байгаа билээ. Намын их хурлын өмнө “генсек”-т нэрээ дэвшүүлж буй эрхмүүд тодроод эхэлсэн. Бас болоогүй тэрүүхэндээ пи-ар хийж элдэв янз болоод амжсан. Одоогийн байдлаар МАН-ын “генсек” хэн болох нь тодорхойгүй байгаа ч олон нийт Ж.Сүхбаатарт ам сайтай байгаа бололтой. Харин түүний гол өрсөлдөгч нь мөн л их хурлын гишүүдийн итгэл хүлээх магадлалтай Ж.Мөнхбат аж. Мөн Элчин сайдын зөвлөх асан Б.Энхмандах гэх эрхэм “генсек”-ын суудалд санаатай яваа ч энэ удаад удаалах нь ойлгомжтой.
Ж.Сүхбаатарыг намынхаа шинэхэн даргын саналаар МАН-ын гал тогоонд төвөггүйхэн оччих байх гэсэн “бор шувуу” жиргэж байгаа ч Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатарын нэр хүчтэй яригдах болжээ. Түүнийг тохиролцооны үр дүнгээр тасархай гарч ирж магадгүй гэх нь ч байна. Тиймээс МАН-ын гал тогоог хэн барих нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа юм.
А.ТӨМӨРСҮХ
URL: